Засаг даргыг утсан хүүхэлдэй болгох уу?

Хуучирсан мэдээ: 2017.08.04-нд нийтлэгдсэн

Засаг даргыг утсан хүүхэлдэй болгох уу?

Засаг даргыг утсан хүүхэлдэй болгох уу?

Тухайн шатны Иргэдийн хурлаас санал болгосны дагуу аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилно. Харин баг, тосгон, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилох тухай заалтыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгасныг иргэдээр хэлэлцүүлж байна.

Хэлэлцүүлгийг Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор аймагт зохион байгуулаад буй.

Хүчин төгөлдөр үйлчилж байгаа өнөөгийн Үндсэн хуулиар баг, хороо, тосгоны Засаг даргыг иргэдээр хэлэлцүүлж сонгодог. Сонгосон хороо, багийн даргыг дүүрэг, сумын Засаг дарга нь батламжилдаг. Харамсалтай нь, энэ тогтолцоо орон нутагт улстөржилт бий болгож, жалга довоор талцуулдаг тухай шүүмжлэл дагуулдаг тул өөрчлөх шалтгаан болжээ.

Зарим нэг шалтгааныг тоочвол баг, хорооны Засаг даргыг сонгох болж хурал зарлахад иргэд цугладаггүй. Цуглалаа гэхэд Засаг даргаараа ах дүү, хамаатан саднаа ч нэр дэвшүүлээд гаргаад ирэх боломжтой гэдэг. Гэхдээ өнгөрсөн хугацаанд ах дүү, амраг саднаа хороо, багийн Засаг даргаар сонгоод туйлчихсан баримт байхгүй. Үндсэндээ хардлага гэж хэлж болох талтай.

Ийм байхад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд баг, хорооны Засаг даргыг сонгохдоо иргэдийн оролцоог хангахгүйгээр шууд тухайн шатны Засаг дарга томилохоор заасан нь зөв зарчим мөн үү. Энэ тохиолдолд орон нутгаа улстөржилтөөс ангид байлгаж чадах уу.

Иргэдийн хурлынхаа утсан хүүхэлдэй болж хувираад байгаа, аймаг, дүүргийн Засаг даргын алдааг баг, хороо, тосгоны Засаг дарга давтахгүй гэх баталгаа бий юу. Ийм эргэлзээг дагуулах боллоо.

Ер нь бол дээрх өөрчлөлт Үндсэн хуульд суусан нөхцөлд хэн дүүрэг, сумынхаа Засаг даргад нүүртэй, арын хаалгатай, улс төрийн намд харьяалалтай нь баг, хороо, тосгоны Засаг даргаар томилогддог жишиг л тогтоно. Ах, дүү, хамаатан садныхаа хүнийг томилох юу ч биш болж хувирч мэдэшгүй. Ингэснээр 20 гаруй жилийн алдаа, онооны дэнс дундуур яваа төрийн эрх мэдлийг хангахад иргэдийн оролцоог хангах зарчим Үндсэн хуульд байхгүй болно гэсэн үг юм.

Үүнд иргэд ч болгоомжтой хандах ёстойг сануулж, зарим нэг нь дэмжих боломжгүйгээ илэрхийлжээ. Жишээ татвал,  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нэгдүгээр багийн иргэн Н.Энэбиш “Иргэдтэй хамгийн ойр харилцдаг хүн нь багийн Засаг дарга. Багийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга томилно гэсэн байна. Иргэд өөрсдөө багийн Засаг даргаа сонгох нь илүү тохиромжтой. Хэрвээ дээрх томилгоо хийгдээд эхэлбэл улстөржилт газар авах эрсдэлтэй” гэжээ. Жор мэдэх ламаас зовлон үзсэн чавганц дээр гэж ярьдагын утга учир энэ болов уу.

Аймаг, сум, баг, хорооны амьдрал мэдэхгүй нөхөд Засаг даргаар томилогдож, төрийн ажлыг уяж, нурааж байгаа тухай өнгөрсөн хугацаанд бишгүйдээ л сонссон.

Аймгийн Засаг дарга нь хотод амьдраад, ажлаа нийслэлээс удирддаг тухай ч зөндөө л шүүмжилж, хэрэлдэцгээсэн. Шүүмжлээд байдаг, явуулж чаддаггүй. Явуулж яагаад чадахгүй байна вэ гэхээр Иргэдийн хурлын тэргүүлэгчид нь түүнийг явуулах уу, үлдээх үү гэдгийг шийддэг. Иргэдэд сонгох ч, чөлөөлөх ч эрх мэдэл байдаггүй.

Орон нутагт хүү багатай зээл ирнэ, иргэдэд хүртээлгүй. Засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ойр тойрныхон нь, тэдэнд хамаатай хүмүүст хуваарилна.

Төрийн албандаа зөвхөн тэдний хүмүүс л ажилд орж, томилогдоно. Мэдлэг чадвар, туршлага падлийгүй болж хувирсан. Яагаад орон нутагт өнгөрсөн хугацаанд улстөржилт газар авч, намаар талцах үзэгдэл хэрээс хэтэрсэн бэ гэвэл энэ мэт асуудлаас гадна хариуцлагын тогтолцоо үйлчлэхээ больсон.

Хэдхэн хүнийг ая талыг засаад, албан тушаалд тавь гэсэн хүнийг нь ажилтай болгох шийдвэр гаргаад явж байхад л болдог болсон. Бусад нь урсгалаараа явдаг.

Харин баг, хороо, тосгоны Засаг дарга нарын хувьд арай өөр. Иргэдийнхээ нүд, чих нь болж ажилладаг. Ядаж л, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл хэзээ ирэх, сум ямар төслийг дэмжих. Хэнтэй уулзвал үйлдвэрлэлийн зээлийг нь бүтээгээд өгч магадгүй тухай зөвлөнө. Хэн нь зээлийг зориулалт бусаар ашиглаж үрэн таран хийсэн тухай, хэн нь төсвийн хөрөнгийг буруу гараар зарцуулаад байгааг тэд л иргэдэд үнэнээр өчиж, тэмцэл хийдэг.

Буруу жишгийг халъя гэвэл иргэдийнхээ оролцоог хангасан энэхүү заалтыг хэвээр хадгалах ёстой. Хэрвээ дээрх өөрчлөлтөөр өнгөрсөн хугацаанд гарсан алдаагаа засна гэж бодож байгаа бол үлгэр. Харин ч дахин 20 жилээр алдаагаа үргэлжлүүлэх болно.

Нэг үгээр хэлбэл, Иргэдийн хурлынхаа утсан хүүхэлдэй болж хувирсан Засаг дарга нарын ардаас хороо, баг, тосгоны Засаг дарга алхана гэсэн үг.

Юун орон нутгийг улстөржилтөөс нь салгах, Монголоор нэг морин дэл дээр цээжээ дэлдсэн улстөржсөн багийн даргатай л болно.

  Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж