ОБЕГ-ын харъяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн дэргэдэх “Жаргалант” сувилал Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай Эрүүл мэндийн даатгалын гэрээ байгууллаа.
Ингэснээр тус төвөөр үйлчлүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч буй эрүүл мэндийн даатгал төлөгч иргэн бүр Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдлэх боломжтой болж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, “Жаргалант” сувилалд Онцгой байдлын алба хаагчид хоногийн 30 мянган төгрөгийн төлбөртэй үйлчлүүлдэг байсан бол одоо 19 мянган төгрөгөөр эмчилгээ үйлчилгээ авах боломжтой болж байна.
Харин иргэдийн хувьд хэвтэж, эмчлүүлсэн тохиолдолд 50 мянган төгрөгийн төлбөр төлдөг байсан бол одоо Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөө эдлэн 39 мянган төгрөгөөр хэвтэн эмчлүүлэх юм.
Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн дэргэдэх “Жаргалант” сувилал нь Онцгой байдлын албаны ажилтан, албан хаагчид, тэдний гэр бүл, ахмадууд болон иргэдэд сувиллын 60 ортойгоор уламжлалт, сэргээн заслын тусламж үйлчилгээг хүргэж байна.
Түүнчлэн ой, хээрийн түймрийн голомтод олон хоногоор ажилласан аврагч, гал сөнөөгчдийг сэтгэлзүй, сэргээн заслын эмчилгээнд үнэ төлбөргүйгээр хамруулж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ