Монголын Хөлбөмбөгийн Холбооноос гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн аваргаар “Арвис” клубийн эмэгтэйчүүдийн баг тодорлоо. Х.Хүрэлбаатар дасгалжуулагчаар удирдуулсан “Арвис” лигийн хүрээнд найман тоглолтод хийхдээ долоо хожиж, нэг тэнцсэн шилдэг үзүүлэлттэйгээр аваргын цомыг хоёр дахь жилдээ дараалан өргөв. Харин тэдэнд хожигдсон “Дэрэн” мөнгөн медаль хүртсэн бол 16 хүртэлх насны охидын шигшээ багийн тоглогчдоос бүрдсэн “Монголын тэмүүлэл” хүрэл медалийн эзэд боллоо. Хаалтын үйл ажиллагааны өмнө “Арвис”-ын Д.Хонгорзул, “Монголын тэмүүлэл”-ийн Л.Золбаяр, Э.Саранзаяа, Б.Мөнх-Учрал нар Монголын хөлбөмбөгийн Дэд Мастерын цол тэмдгээ гардан авсан. Харин тэмцээний шилдгүүдийг нэрлэхэд “Монголын тэмүүлэл”-ийн Т.Мөнхчулуун шилдэг хаалгач, “Арвис”-ын А.Алтантуяа шилдэг хамгаалагч, “Дэрэн”-ийн О.Цасан-Охин шилдэг хагас хамгаалагч, “ХАД”-ын Н.Намуун шилдэг довтлогчоор шалгарлаа. Мөн тэмцээнийг үнэн зөв дэнсэлсэн шилдэг шүүгчээр МХБХ-ны хоёрдугаар зэрэглэлийн шүүгч Н.Түвшинжаргал тодорсон юм.
Эх сурвалж: https://www.facebook.com/pg/MongolianFootballFederation