-Үүрэн телефоны оператор компаниудаас Мobicom, Unitel хоёр зээлийн мэдээллийн санд хамгийн түрүүн бүртгүүлжээ-
Гар утасныхаа төлбөрийг өгөлгүй сар өнжөөснөөс болоод Монголбанкны зээлийн мэдээллийн санд “хар түүх” бичигддэг болж буй тухай мэдээлэл хүмүүсийг бухимдуулах болов. Mobicom, Unitel, Skytel, G mobile зэрэг үүрэн утасны компаниуд Монголбанктай гэрээ хийж хоёроос дээш сар ярианы төлбөрөө төлөөгүй бол банкны системд “найдваргүй зээлдэгч”-ийн эгнээнд элсэх нь гэсэн ойлголт олны дунд байгаа юм. Бид энэ талаар албаны эх сурвалжаас тодруулан уншигчдадаа хүргэе.
Зээлийн мэдээллийн сан буюу “Монголбанкны хар данс” гэж юү вэ?
Аливаа хэлбэрийн төлбөрийн харилцаанд орж байгаа /гар утасны төлбөр, түрээс, лизинг, орон сууц, ус, цахилгааны төлбөр/ аж ахуйн нэгж, байгууллага Монголбанкинд хандаж, зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авдаг байна. Өөрөөр хэлбэл, Монголбанк нь зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа эрхлэхгүй. Зөвхөн зээлийн мэдээллийн сангийн аюулгүй байдал, хадгалалт, хамгаалалтыг хариуцдаг. Сангийн үйл ажиллагааг Монголбанкнаас тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, хуулийн этгээд эрхэлдэг гэж албан эх сурвалж тайлбарлалаа. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд, тэр дундаа арилжааны банкууд “Та зээлээ хугацаандаа төлөхгүй бол Монголбанкны хар дансанд бүртгэгдэнэ” гэж айлгадаг нь өрөөсгөл ойлголт юм байна. Тэрхүү хар дансанд ямар нөхцөлөөр, хэнийг оруулахыг тухайн аж ахуйн нэгж өөрсдөө тогтоодог ажээ.
Эхэнд дурдсан үүрэн телефоны оператор компаниуд л гэхэд тухайн хэрэглэгч хоёр сарын төлбөрөө өгөөгүй бол шууд “хар данс”-д бүртгэнэ гэдгийг Зээлийн мэдээллийн сангийн программд суулгаж өгдөг гэсэн үг. Хоёр сарын төлбөрийн хэмжээ 5-10 мянга байна уу, 500 мянга уу, бүр 5-6 сая төгрөг үү гэдгээс үл хамааран хугацаагаар нь программчилсан болохоор өөр гарц байхгүй гэсэн үг. Одоогийн байдлаар Mobicom, Unitel компаниуд Зээлийн мэдээллийн санд хэрэглэгчээ бүртгүүлэх эрх авчихаад байгаа юм. Тэгэхээр энэ хоёр компанийн үйлчлүүлэгч та хоёр сарын төлбөрөө төлж амжаагүй яваа бол шууд “хар данс”-нд бүл нэмнэ гэсэн үг. Төлбөрийн үлдэгдэл хэдэн төгрөг вэ гэдэг нь огт хамаагүй гэдгийг дахиад сануулъя.
Мөн арилжааны банкууд тухайн хэрэглэгч банктай хэдий хэр хугацаанд хамтран ажилласан, урьд өмнөх 10-20 жилийн турш зээлээ найдвартай төлж байсан гэдгээс үл хамааран зээл төлөх хугацаагаа 14-20 хоног хэтрүүлбэл шууд найдваргүй зээлдэгчид тооцохоор программчилсан байх жишээтэй. Түүнийгээ хэд хоногийн өмнөөс байн байн сануулж утасдаж байгаа нь банкуудын хувьд “найрсаг үйлчилгээ” үзүүлж буй хэрэг ажээ.
“Зээлийн хар түүх”-ийг 10 жилийн турш хадгалдаг
Муу нэрийг хусавч үл арилна гэдэг шиг зээлийн мэдээллийн сангийн бүртгэл 10 жил хадгалагддаг ажээ. Зээл болоод бусад төлбөрөө хэдий хэр хугацаанд төлөөгүйгээс шалтгаалаад “муу зээл, эргэлзээтэй зээл, чанаргүй зээл” гэсэн гурван ангилалд хуваадаг гэх боловч ямар тохиолдолд ангилал өөрчлөгдөх тухай эх сурвалж нарийн тайлбарласангүй.
Зээлийн мэдээллийн тухай хуулийн 11.1-д заасны дагуу аливаа иргэн, хуулийн этгээдийн зээлийн мэдээлэл нь “Зээлийн мэдээллийн сан”-д зургаан жилийн турш хадгалагддаг. Тодруулбал, хуулийн дээрх заалтад “Зээлдэгчийн сүүлийн зургаан жилийн мэдээллийг зээлийн лавлагаанд хамруулах бөгөөд лавлагааг зөвхөн хэрэглэгчид өгнө” гэж заажээ. Харин зээлийн мэдээллийн санд иргэд, байгууллага нэгэнт чанаргүй зээлдэгчийн ангилалд багтаж, “хар түүх” бичүүлсэн бол уг мэдээлэл 10 жилийн турш санд хадгалаатай байдаг байна.
Монголбанкны өршөөл
Монголбанкнаас энэ оны хоёрдугаар сард 25 мянга гаруй иргэний чанаргүй зээлийн мэдээллийг лавлагаанд тусгуулахгүй байхаар зохицуулсан. Ингэхдээ доорх гурван нөхцөлийг хангасан иргэдийг хамруулсан юм.
- Авсан зээл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс ихгүй хэмжээтэй
- Зээлээ төлөх хугацаандаа хугацаа хэтрүүлсэн ч 2017 оны нэгдүгээр сарын 31-нээс өмнө төлж барагдуулсан байх.
- Зээлээ төлөх хугацаандаа зөвхөн нэг удаагийн л хугацаа хэтрэлтийн зөрчил гаргасан бол та “хар данс”-наас хасагдсан гэсэн үг.
Харин одоо, цаашид зээлийн хар түүхээ устгуулах боломжтой юу гэж уншигч та асуух нь мэдээж. Энэ асуултад Монголбанкны мэргэжилтэн хариулахдаа:
-Монголбанкны хувьд Зээлийн мэдээллийн санг бүрдүүлэх, аюулгүй байдлыг хангах, цахим болон аливаа хэлбэрийг халдлагаас хамгаалах үүрэг хүлээдэг. Харин нэгэнт бүрдсэн лавлагаанаас аливаа мэдээллийг устгах, өөрчлөх үйл ажиллагааг Монголбанк эрхлэх боломжгүй юм. Хэрэв зээлийн мэдээллийг зайлшгүй устгах, өөрчлөх шаардлага гарвал /Зээлийн мэдээллийг нийлүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагын алдаатай үйл ажиллагаанаас болж/ тухайн байгууллага нь Монголбанкинд албан тоот илгээж, мэдэгдэх бөгөөд Монголбанкны зөвшөөрлөөр тухайн зээлийн мэдээллийг нийлүүлсэн хуулийн этгээд мэдээллийг устгах буюу өөрчилдөг гэсэн юм.
Тэгэхээр “хар данс”-наас тухайн хэрэглэгчийг хасах эсэх эрх мөн л тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжид байдаг ажээ. Өөрөөр хэлбэл таны хамтрагч л бүхнийг шийднэ. Одоогоор Монголбанкнаас Зээлийн мэдээллийн санд хэрэглэгчээ бүртгүүлэх тусгай зөвшөөрөл авсан 600 орчим аж ахуйн нэгж, байгууллага байдаг ажээ.