Бага газрын чулууг тусгай хамгаалалттай газарт хамруулна

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Бага газрын чулууг тусгай хамгаалалттай газарт хамруулна

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хороо өнөөдөр хуралдаж Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төсөлд Говьсүмбэр, Дорноговь аймгийн Чойрын Богд уул, Бүрдэнэ булаг, Арван наймын богд уул, Дундговь, аймгийн Дэлгэрхангай уул, Сүхбаатар аймгийн Онгон таван булаг, Дэлгэрхаан уул, Малгарын уул, Говь-Алтай аймгийн Хар-Азаргын нуруу тэдгээрийн газар нутгийг байгалийн нөөц газрын ангилалд хамруулахаар тусгасан байна. Мөн Дундговь аймгийн зарим сумдын нутгийг дамнан орших Бага газрын чулуу түүний орчмын газар нутгийг дурсгалт газрын ангиллаар  улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулахаар заажээ. Дээрх газруудыг улсын тусгай хамгаалалтад авснаар байгалийн болон хүний үйл ажиллагааны нөлөөллийн улмаас байгаль орчин доройтож,  экосистемийн тэнцвэр алдагдах байдлыг багасгаж, ан амьтан өсч үржих, амьдрах таатай нөхцөл бүрдэнэ гэж үзсэн аж.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд дархан цаазат газарт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа нинжа нар гар аргаар алт олборлох нэрийн дор байгаль орчныг сүйтгэж, устгаж, байна. Ойрын таваас арван жилд тусгай хамгаалалттай газрыг яаж өргөтгөх, хаана нь ямар саад байна вэ гэдгийг анхаарч ерөнхий зураглал гаргах хэрэгтэй. Засгийн газар “Алт” хөтөлбөрийн үр дүн, гарсан хохирлыг нь  дүгнэж цэгнээд хаах болоогүй юу. Өнгөрсөн хугацаанд УИХ-аар байгаль хамгаалалтай холбоотой олон хуулийг батлан гаргасан ч  хуулийн хэрэгжилт туйлын хангалтгүй байна. Хамгийн сүүлийн жишээ гэвэл урт нэртэй хуулийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрдэс баялаг, түлш эрчим хүчний яам  өөрсдийнхөөрөө хоёр өөрөөр тайлбарлаж, олон нийтийг төөрөгдөлд оруулах боллоо. Өөрсдийн эрх ашиг, сонирхол хангагдаж байвал хууль хэрэгжих үгүй нь юу ч биш болжээ гэсэн шүүмжилсэн юм. Тиймээс одоо хэлэлцэгдэж байгаа энэхүү хуулийн төслийг урт нэртэй хуулийн араас оруулчихгүй бол үр дүнгээ өгнө гэж олонхи гишүүн хэллээ. Санал хэлэх шатанд УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг дээрх тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцогчид санал нэгтэй дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцэхээр боллоо.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж