Хятадын хөрөнгө оруулалт ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Хятадын хөрөнгө оруулалт ихэсчээ

БНХАУ 2010 онд рекорд хэмжээний хөрөнгө оруулалт татсан байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 106 тэрбум ам.доллар байсан нь 2009 оныхоос 17,4 хувиар илүү байгаа гэж Худалдааны яам мэдээллээ. Өөрөөр хэлбэл дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын үер 2,3 хувиар буурч байсан гадаад хөрөнгө оруулалтын хэмжээ хурдацтай нэмэгдсэн байна. Нийт хөрөнгө оруулалтын 20 хувь нь Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарт хийгдсан байна. Тус улсын удирдлагууд үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх үнийн өсөлтийг зогсоохоор ажиллаж байгаа ч багахан хэмжээний амжилт олж байгаа билээ.

“Хөрөнгө оруулалтын орчин сайжирч байгаа нь Хятадын эдийн засгийг хөдөлгөх шинэ хүч болж байна” гэж Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Яао Жиань хэллээ. Түүний мэдээлснээр улсын буурай болон хөгжил удаашралтай байгаа хэсэгт хөрөнгө оруулалтын хэмжээ хамгийн их байсан гэсэн байна. Эдгээр бүсүүдэд ажиллах хүчний өртөг харьцангуй бага байдаг нь хөрөнгө оруулалтыг ихээр татсан байх талтай юм.

Хөрөнгө оруулалтын талаас илүү хувь нь Хонгконгоос ирсэн бол Тайвань, Сингапур, Япон болон Өмнөд Солонгос улсаас хийсэн хөрөнгө оруулалт мөн томоохон байр суурь эзэлжээ.

2009 оны нэгэн адилаар арванхоёрдугаар сард хөрөнгө оруулалтын хэмжээ хамгийн хүчтэй байж, 14 тэрбум ам.долларт хүрсэн нь нэг сарын хэмжээнд хамгийн их өсөлт болжээ. Худалдааны яам түүнчлэн Хятадаас бусад оронд хийх хөрөнгө оруулалтын хэмжээ мөн өсч байгаа гэжээ. Нийт хэмжээ 2010 онд 36,3 хувиар өссөн байна. Гадаад руу хийх хөрөнгө оруулалтын нийт мөнгөн дүн 59 тэрбум байсан ч олон улсаас ирж буй хөрөнгийн тал хувьтай нь л тэнцэж байгаа юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж