Дорнод нутгийнхан Хэрлэн голоо хамгаална

Хуучирсан мэдээ: 2017.08.03-нд нийтлэгдсэн

Дорнод нутгийнхан Хэрлэн голоо хамгаална

Дорнод нутгийнхан Хэрлэн голоо хамгаална

Хэрлэн голын усны төвшин сүүлийн жилүүдэд эрс багассан. Энэ жил Хэнтий, Дорнодын нутгаар гантай байгаагаас Хэрлэн мөрний ус маш ихээр татарч, зарим газартаа тасрах шахсанд нутгийн иргэд ихээхэн санаа зовж байгаа юм. Хэрлэнг хамгаалах, усны төвшинг бууруулахгүй байх талаар аймгийн удирдлагууд, байгаль орчны мэргэжилтнүүд ямар ажил хийж байгааг олон хүн сонирхож байна. Бид энэ талаар тодруулж, Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Хэрлэн голын сав газрын мэргэжилтнүүдийн мэдээллийг хүргэж байна.

Монгол орны нийт нутгаар энэ оны тавдугаар сараас долдугаар сарын эхэн хүртэлх хугацаанд хур тунадас бага орсноос хэт халалт, хуурайшилт үүссэн. Хэрлэн голын эх авдаг Хан Хэнтийн байгалийн цогцолбор газарт олон хоногийн түймэр гарч “Ган”-гийн хэмжээнд хүрсэн нь Хэнтийн нуруунаас эхтэй голуудын урсац багасах гол нөхцөл болсон гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Мөн хэт хуурайшилт, халалтын улмаас голын төвшин, урсац багасч, усны температур нэмэгдсэнээр замаг үүсэн, усны хүчилтөрөгчийн хэмжээ багасч, загас жараахай ихээр хорогдох нөхцөл бүрдээд байгаа аж. Уст цэгүүд ширгэснээс Хэрлэн голын эрэг дагуу малчид нутаглаж, бод мал голын усанд бөөнөөрөө удаан зогсох зэрэг нь татарсан төвшинд бохирдол үүсгэх бас нэгэн шалтгаан болж байгааг мэргэжлийн байгууллагууд дүгнэжээ.

Долдугаар сарын 1-4-ний өдрүүдэд Цагаан-Овоо сумын нутаг “Зүүн Дөрөө”-д газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж голын усыг хааж байна гэсэн мэдээллийн дагуу газар дээр нь хоёр удаа ажиллан, голын усыг хааж, боосон зөрчлийг арилгуулж, хяналтын байгууллагад шилжүүлжээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Хэрлэн голын сав газрын захиргаанаас голын эх хэсэг, Хэрлэн голын савд хамаарах сумдад усны тооллогыг явуулж эхэлсэн байна. Хэрлэн гол нь борооны усаар голлон тэжээгддэг бөгөөд ус, цаг уурын ажиглалтын мэдээгээр жил ирэх тусам цаг агаарын нөлөөллөөс шалтгаалан усны урсгал, өнгөрөлт, ус хураах талбай зэрэг нь эрс багасч байгаа ажээ.

Аймгийн Засаг даргын захирамжаар Хэрлэн голын усыг хамгаалах, зохистой ашиглах, хуримтлуулах, нөхөн сэргээх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, арилгах арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хэсгийг томилон ажиллуулж эхэлжээ.

Ажлын хэсэг Хэнтий, Төв аймаг, Багануур дүүргийн холбогдох мэргэжилтнүүд, Хэрлэн голын сав газрын захиргаатай хамтран голын эхээс улсын хил хүртэл явж, гаднын нөлөө, хүчин зүйлс байгаа эсэх, байгалийн сэргээгдэх боломжийг судлах ажилд гарчээ. Ажлын гүйцэтгэл, тайланг энэ наймдугаар сарын 7-ны дотор аймгийн Засаг даргад танилцуулах юм байна. Мөн холбогдох сумын удирдлага, иргэдээс санал авах, Хэрлэн голыг хамгаалах, ач холбогдлыг ойлгуулах, голын эрэг, орчныг цэвэрлэх бүх нийтийн оролцоотой аян өрнүүлэх зэрэг шат дараалсан ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Д.Цээнэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж