У.Хүрэлсүх: Зангарагтай ажилла

Хуучирсан мэдээ: 2017.08.03-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх: Зангарагтай ажилла

У.Хүрэлсүх: Зангарагтай ажилла

Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр /2017.08.03/ болж, цаг үеийн нөхцөл байдал, өвлийн бэлтгэл хангах ажил ямар шатанд яваа талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар авлаа.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллээр улсын хэмжээнд 150 сум гантай, 50 сум гандуу байна. Ихэнх аймаг хадлан тэжээл бэлтгэх бололцоо тааруу болсон учраас ОХУ-аас 400 мянган тонн хадлан, тэжээл бэлтгэх гарц хайж буй аж. Хил залгаа аймаг, сумдаараа дамжуулан хадлан, тэжээл бэлтгэх бодлого барьж байна. Ингэхдээ өөрсдийн хүнээ ОХУ-р оруулж хадлан, тэжээл бэлтгүүлэх чиглэл барина. Энэ тохиолдолд өртөг буурах боломжтой. Хэрвээ боломжгүй гэвэл хойд хөршөөс дээрх тооны хадлан, тэжээлийг өөрсдөөр нь бэлтгүүлж импортлох гарц хайх юм байна.
Өмнө нь ОХУ-ын нутгаас хадлан, тэжээл бэлтгэж байсан туршлага бий аж.

Урьдчилсан байдлаар 66 сая толгой мал өвөлжих төлөвтэй байна. Үүнээс 9.2 сая толгой мал отроор өвөлжинө.

ЦУОШГ: Хатуу өвөл болохыг анхааруулав 

Цаг уур орчны шинжилгээний газрын дэд дарга мэдээлэл хийх үеэрээ хамгийн хатуу өвөл болохоор тооцож, хадлан тэжээлээ хангалттай бэлтгэж, нөөцөлж өвлийн бэлтгэлээ хангах шаардлага байна гэдгийг анхаарууллаа.

Наймдугаар сарын байдлаар цаг агаар эхний арав хоног, дунд арав хоногийн сүүл, сүүлийн арав хоногийн дунд үеэр бороотой байх урьдчилсан төлөв гарчээ.

Олон жилийн дундажтай харьцуулахад илүү дулаан байх ч цочир хүйтрэх төлөв гарсан аж. Иймээс тариаланчид цаг агаарын төлөв байдалд анхааралтай хандаж ажиллах шаардлагатайг санууллаа.

Хот хоорондын хөдөлгөөнийг зогсоожээ 

Арвайхээр- Баянхонгор чиглэлийн улсын чанартай авто замд өнгөрсөн шөнө хүчтэй адар бороо орсны улмаас төмөр бетон гүүрний далан сэтэрчээ. Иймээс дээрх чиглэлийн тээврийн хөдөлгөөнийг зогсоосон байна. Төмөр бетон гүүрний даланг сэргээн засварлахаар Өвөрхангай аймгийн зам арчлалтын компани ажиллаж байна гэж Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат хэллээ.

Хүчтэй аадар борооны улмаас эвдэрсэн зам, гүүр цөөнгүй байна. Тухайлбал, Хяргас нуур Сонгино чиглэлийн хатуу хучилттай авто зам үерт автаж, засах шаардлагатай болсон.

Тээврийн хөдөлгөөнийг хаагаад байсныг саяхнаас нээжээ. Тус авто замыг Увс аймгийн АЗЗА компани ажиллаж, нэг эгнээг нь зассан. Үргэлжлүүлэн дахин нэг эгнээг засаж буй юм.

Увс аймгаас 7 км газарт ширүүн аадар борооны улмаас мөн улсын чанартай авто зам эвдэрсэн. Энэ мэтчилэн байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлтэй холбоотойгоор гарч байгаа эвдрэл гэмтлийн улмаас хот хоорондын зорчигч тээврийн зарим үйлчилгээ саатаж байгаа гэдгийг тодотголоо.

Үүнээс гадна Элсэн тасархайн гүүр мөн суулт өгч хаахаас аргагүй болсон аж. Одоо 400 орчим км замыг түр нээснээр хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжоор хангасан.

Тус яамнаас гаргасан тооцоогоор авто замын эвдрэл гэмтлийг засахад 4.7 тэрбум төгрөг шаардлагатай.

Улсын төсөвт суулгасан байсан хөрөнгийг тус яам наадмаас өмнө авто замуудаа сэргээн засахад зориулж, зарцуулсаар дууссан. Одоо ямар ч хөрөнгө, мөнгөгүй болсон. Тиймээс энэ асуудалд Улсын Онцгой комисс анхааралдаа авахыг хүсэв.

Онцгой байдлын ерөнхий газраас өгч буй мэдээллээр өнөө жил түймэр өмнөх жилийнхээс эрс өссөн, үерийн улмаас үүссэн хохирлын хэмжээ ч өссөн аж.

Одоо Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх шаардлагатай асуудал нь 9.4 тэрбум төгрөгийн зардлыг яаралтай шийдэх болоод байна. Үүнд онцгой албаныхны томилолтын зардал, ажлын хөлс, байгууллага хооронд үүссэн өр авлагыг цэгцлэх зэрэгт шаардагдах зардал багтжээ.

У.Хүрэлсүх: Зангарагтай ажилла

Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх салбар хариуцсан сайд нарынхаа мэдээллийг сонссоны дараа албан даалгавар өгөх үеэрээ “Улсын Онцгой комиссын бүрэлдэхүүнд багтдаг сайд нар зангарагтай ажиллах ёстой” гэсэн сануулгыг өглөө.

Ингэхдээ салбар бүртээ хариуцлагыг өндөр тавих. Шаардлагаа тодорхой тавих. Ажил хийхгүй, хариуцлага алдаж байгаа албан тушаалтан бий бол хариуцлагаа тооцоод төрийн ажлыг уялгүй шуурхай зохион байгуулж, өвлийн бэлтгэлийг сайтар хангахыг үүрэг болголоо.

Хүний хүчин зүйл, хөгжлийн хурдыг даган байгаль цаг уур өөрчлөгдөж байгаа. Өнөө жил түймэр ихээр гарахад хүний хүчин зүйл нөлөөснөөс гадна аянга бууснаас ч түймэр гарах болсон.

Хүний хүчин зүйлээс болж байгаа түймэр нь санамсар болгоомжгүйгээс их болж байна. Иймээс иргэд рүү хандсан сэрэмжлүүлгийг мэргэжлийн байгууллагууд тогтмол өгөх.

Үүл буудаж бороо оруулж байгаагаас ган гачиг нүүрлэдэг боллоо гэсэн буруу ойлголтыг засах, үүл болгон руу буудсанаар бороо орох боломж байдаггүй гэдгийг ойлгуулсан нэвтрүүлгийг мэдээллийн хэрэгслээр цацах шаардлагатайг ч сануулав.

Учир нь нэг хэсэг нь “Үүл буудаж бороо оруулаач ээ. Пуужин захиалаад авсан гэсэн биз дээ. Тариалангийн талбай хатаж, тариа хураах боломжгүй боллоо” гэдэг гомдлыг тавьдаг бол нөгөө хэсэг нь “Үүл буудаж бороо оруулах нь ган гачиг дуудаж байна” гэж эсэргүүцэж, зарим мэргэжлийн байгууллагынхны ажилд саад учруулдаг аж.

Иймээс дээрх буруу зөрүү ойлголтыг засаж залруулах шаардлагатай юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж