Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт малын шүлхий өвчин тархжээ. Малын гоц халдварт шүлхий өвчин илэрсэн даруйд Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналт, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран Онцгой комисс гарган ажиллаж байгаа аж. Шүлхий өвчний голомтод нөхцөл байдал ямар байгаа талаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Алтантуяагаас тодруулсан юм.
-Шүлхий өвчний голомтод Онцгой комисс байгуулагдан ажиллаж байгаа юм байна. Өвчний дэгдэлт, нөхцөл байдал ямар байна вэ?
-Сонгинохайрхан дүүргийн Онцгой комиссын даргын 01 дүгээр тушаалаар Онцгой комисс гарган 24 цагаар ажиллаж байна. Тус дүүргийн нэгдүгээр хороо, Баянголын ам, 22 дугаар хорооны Бор толгой хэмээх газар буюу Найрамдал, Нарангийн голын орчим шүлхий өвчин тархаад байгаа. Өнөөдрийн байдлаар /2017.08.03/ малын гоц халдварт шүлхий өвчний улмаас нийт 25 өрхийн 109 үхэр устгалд орууллаа.
-Өвчний голомтод 21 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоож, оршин суугчдыг хот руу нэвтрүүлэхгүй, гаргахгүй байгаа гэж дуулсан.
-Тийм. Шүлхий өвчний голомтод 21 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоож, оршин суугчдыг хот руу нэвтрүүлэхгүй, гаргахгүй байгаа. Голомтод ажиллаж буй мэргэжлийн байгууллагууд цэг бүр дээр хээрийн штаб байгуулж, өнгөрөгч долдугаар сарын 24-ны өдрөөс хорио цээрийн дэглэм тогтоосон. Мөн нийслэлийн Мал эмнэлгийн газар, “Буян хөхий” мал эмнэлгийн байгууллагаас иргэдийн малын хашаа, саравч, автомашинуудад өдөр бүр ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа.
-Иргэдэд анхааруулах үүднээс ямар зөвлөмжийг хүргэх вэ?
-Иргэд, малчид малын шилжилт хөдөлгөөн хийхдээ тухайн орон нутгийн мэргэжлийн байгууллага болон мал эмнэлэг, хороондоо мэдэгдэж байх хэрэгтэй. Мөн цаг тухайд нь малын вакциндаа хамрахыг сануулъя. Тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас шүлхий өвчнөөс сэргийлэх 3000 ширхэг гарын авлага, зөвлөмжийг малчдад тарааж өгсөн.
Малын шүлхий өвчин нь малаас хүнд хүнээс малд халддаг вирусын халдварт аюултай өвчин.Тодруулбал, амьсгалын болон шүлс баас шээсээр дамждаг ноцтой халдварт өвчин юм. Тиймээс иргэд боловсруулаагүй түүхий цагаан идээ болон мах махан бүтээгдэхүүн хэрэглэхдээ сайтар анхаарах хэрэгтэй юм.
А.Сүрэн
Холбоотой мэдээ