Баяр наадмын дараахан Улаанбаатар хотноо ОУВС-гийн шинжээчид ирж, 20 гаруй хоног ажиллаад буцлаа. Коши Магаар ахлуулсан ОУВС-гийн шинжээчид “Сонгуулийн өмнө Засгийн газраас тараасан хүүхдийн мөнгө олголтыг зогсоохыг шаардсан” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарсан ч, Сангийн яам болон сангийн төлөөлөгчид энэ тухайд албан ёсны тайлбар хийсэнгүй.
Ямартай ч тэд нутаг буцахын өмнө Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай уулзаж, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монголын Засгийн газар, Монголбанкны бодлогын хэрэгжилтийн үр дүнд хийсэн үнэлгээгээ танилцуулсан байна.
Энэ талаар Засгийн газрын цахим хуудсанд мэдээлэхдээ “ОУВС-гийн шинжээчид Монголын Засгийн газарт сайн дүн тавьсан” талаар дурджээ. Харин Сангийн яамны цахим хуудсанд тавигдсан сангийн төлөөлөгчдийн ахлагч Коши Ма-гийн мэдэгдэлд “ 2018 оноос эхлэн хөрөнгө чинээ багатай өрхүүдэд чиглүүлж, хэмнэгдсэн хөрөнгийг ядууст зориулсан хүнс тэжээлийн нэмэгдэл хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэхээр амлалт өгсөн. Эрх баригчид болон ажлын хэсэг Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээ дээр ажлын хэсгийн түвшинд тохиролцлоо. Төсвийн тал дээр татварын удирдлага, татварын бодлого, төсвийн хяналтыг бэхжүүлэх ажил ахицтай явагдаж байна. Мөн төсвийн зөвлөлийг байгуулна. Нийгмийн хамгааллын тогтолцоог боловсронгуй болгож, зардлыг нэн эмзэг бүлэгт чиглүүлэх үүднээс Засгийн газар Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг эргэн харж байгаа” талаар дурджээ.
Кошигийн мэдэгдлээс харахад, ОУВС, Монголын Засгийн газрын хамтарсан төсвийн зөвлөл тун удахгүй байгуулагдах бөгөөд энэ нь Монгол Улс бусдын зааврын дагуу төсвөө захиран зарцуулах шаардлагатай болно гэсэн үг юм. Уг зөвлөлийг байгуулах болсон шалтгаан нь Монголын Засгийн газар сонгуулийн өмнө дур мэдэн бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгож эхэлсэнтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй.
Сонгуулийн өмнө улс төрийн намуудын уралдаж амласан амлалтын нэг нь хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох шийдвэрийг УИХ-аас баталсан явдал байлаа. Үүнээс ердөө гуравхан сарын өмнө Засгийн газар хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох эдийн засгийн боломж байхгүйг дурдаад энэхүү хөтөлбөрийг зөвхөн зорилтот бүлгийнхэнд зориулж хэрэгжүүлэхийг ОУВС-гийнхан зөвлөсөн тухай мэдээлж байв. Хүүхдийн мөнгийг танаад зогсохгүй долоон төрлийн татварыг нэмэхгүйгээр, тэтгэврийн насыг өсгөхгүйгээр ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах боломж байхгүйг учирлаж, хэрэвзээ сангийн шаардлагыг хүлээн авбал Монголд нийтдээ 5.5 тэрбум ам.долларын зээлийн эрх нээгдэж буйг Сангийн сайд мэдээлэлдээ онцолж байсан билээ.
Хэдийгээр ноён Кошигийн мэдэгдэлд хүүхдийн мөнгө олголтыг зогсоохыг шаардсан гэх үг, өгүүлбэр байхгүй ч Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Бүх хүүхдэд мөнгө олговол санхүүжилтийн асуудлыг эргэн харах нөхцөл үүснэ гэдгийг ОУВС-гаас анхааруулсан” гэснээс харвал сонгуулийн шоу болсон хүүхдийн мөнгө олгох Засгийн газрын бодлого ганц зуны настай байж мэдэх нь.
Түүнчлэн ОУВС-гаас Монголд AQR /asset quality review/-активын чанарын үнэлгээ/ гэж хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Монголын арилжааны банкуудад бүтцийн өөрчлөлт хийх нэрээр хэрэгжих энэхүү хөтөлбөрийн хүрээнд хашааны газар болон мал барьцаалахыг хориглоно асуудлыг ОУВС болон Монголбанк хоорондоо хэлэлцэж байгаа аж. Хэрэвзээ энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлбэл, малчид малаа барьцаанд тавьж зээл авах боломжгүй болно гэсэн үг. Хамгийн аюултай нь ОУВС Монголд Азийн аль ч оронд хэрэгжүүлээгүй, AQR /asset quality review/-активын чанарын үнэлгээ/ гэж хөтөлбөрийн туршилтыг хийх гэж байна.
Эндээс ОУВС Монголд тусламж үзүүлээд байна уу туршилт хийгээд байна уу гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байна. Ингэхэд Монгол дандаа бусдын туршилтын туулай болсоор байх уу.