Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эд Жэйгэрийг бүрэн эрхээ өндөрлүүлж эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Монгол Улс, Канад Улс уул уурхайн салбарт түлхүү хамтран ажиллаж ирлээ. Зөвхөн энэ салбарт бус хөдөө аж ахуй, спорт, ялангуяа өвлийн спортын салбарт хамтран ажиллах боломжтой. Хоёр орон газар нутаг, уур амьсгалын хувьд ойролцоо учир хөдөө аж ахуйн дэвшилтэт технологи хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах боломжтой юм.
Миний бие Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа Канадын мэргэжилтнүүдтэй хамтран гар бие оролцож Баянхонгор аймгийн хоёр суманд “Шинэ сум” төсөл хэрэгжүүлсэн. Улаанбаатараас 800-1000 км алслагдсан хоёр сумын төвийг шинэчилж ашиглалтад оруулсан. Энэ бол бараг 100 жилийн дараа Монголын хөдөөд шинэчлэлт хийж хөгжлийн тэсрэлт болсон үйл явдал юм” хэмээлээ.
Мөн “Монгол орны нийт газар нутгийн дөнгөж найман хувь нь ой мод байдаг” гээд Канад Улсын ой мод ургуулж үржүүлдэг туршлагыг Монгол Улсад нэвтрүүлж хэрэгжүүлэх боломжид анхаарч өгөхийг Канадын талаас хүсч буйгаа хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ХАА, ой мод үржүүлэх салбарт хамтран ажиллах нь уул уурхайн салбарт хамтарч ажиллахтай дүйхүйц үйл ажиллагаа болохыг онцолж байсан юм.
Элчин сайд Эд Жэйгэр ХАА, банк, өвлийн спортын чиглэлээр Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх бүрэн боломжтойг онцлоод, ялангуяа мөсний хоккей Канад Улсад монголчуудын морь уралдуулж, бөх барилдуулдагтай ижил зан чанарт нь шингэсэн байдгийг сонирхуулж байлаа.
Эх сурвалж: President.mn
Холбоотой мэдээ