“Сарнай” хүүхдийн төвийг бүтээн байгуулах “Нэг хүн-Нэг тоосго” аяныг зогсоох болсон талаар өчигдөр /2017.08.02/ орой Ц.Сувд-Эрдэнэ бүсгүй өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Энэ аяны талаарх мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс “Итгэл сэтгэлийн гүүр” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ, М.Сарнай нараас байр суурийг нь авсан юм.
Ц.Сувд-Эрдэнэ: Орой нь архи уугаад, өдөрт хүүхдүүдийг хардаг
-“Сарнай” хүүхдийн төвийг бүтээн байгуулах аяныг зогсоох талаарх мэдээллийг харлаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Өнөөдөр өргөдлүүдээ цагдаагийн байгууллагад гаргаж өгнө. Бид хоёр маргалдсан зүйл байхгүй. Монголын ард түмнийг ингэж хуурч, мэхэлж болохгүй. Би сангийнхаа нэр хүндийг дэнчин тавьж энэ мэдээллийг нийтэд ил болгосон. М.Сарнай гэх эмэгтэй маш олон хүмүүсийн амьдралыг хохироож, төр засаг, хүмүүсийг хуурч, хүүхдүүдээр мөнгө олж байна. Энэ бүхнийг зогсоохгүй бол маш ноцтой зүйл болно. “Сарнай” хүүхдийн төвийн суурийг миний оролцоогүйгээр тавьчихлаа. Цаашдаа барилгаа барин гээд ард түмнийг хуурч, үргэлжлүүлэх гээд байгаа учраас яаралтай зогсоох хэрэгтэй гэсэн бодолтой байна. Дахин олон хүнийг хуурч, мэхлэгдэхгүй байгаасай л гэж хүсэж байна даа.
-Таны фэйсбүүкт байршуулсан бичлэгт гарч буй эмэгтэйг охины ээж биш гэж байсан?
-Би энэ талаар хорооных нь иргэдээс дуулсан. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай нь очиж уулзсан. Мэргэжилтнүүд нь М.Сарнай эгчийн талаар судалгаа хийгээд холбогдох материалуудаа бэлдчихсэн байна. Анх хүний, өөрийн нийлсэн 15 хүүхэдтэй байсан бол одоо дөнгөж хоёр хүүхэд л болсон байна. Бусад нь эцэг, эх дээрээ байх жишээтэй. Бас энэ мэт үндэслэлээс гадна бүх хүмүүстэй нь уулзсаны үндсэн дээр ийм шийдвэрийг гаргасан. Тэрнээс биш ганц хорооны иргэн Баярмаагийн үгээр шийдвэр гаргаагүй. Би өөрөө бүтэн сарын хугацаанд явж, судалсан.
-Аяны хүрээнд цугларсан мөнгө одоо хамтын дансанд байгаа юу?
-М.Сарнай эгч С.Дэлгэр эгчийн хамтын дансанд аяны хүрээнд цугларсан мөнгө бий. М.Сарнай эгч бол тэр мөнгө төгрөгөнд орооцолдоогүй. Хувь хүмүүс маш их хэмжээний мөнгө хандивласан. Өөрөө архи уудаг. Хүмүүстэй хамт архи ууж, шоудаад, өдөр нь хүүхдүүдээ хардаг нэртэй. Энэ бүх баримтыг удахгүй олон нийтэд ил болгоно.
М.Сарнай: Атаархлын үүднээс ингэж байгаад харамсаж байна
-Сайн байна уу? Ц.Сувд-Эрдэнэ өчигдөр орой “Сарнай” хүүхдийн төвийг бүтээн байгуулах аяныг зогсоох талаар мэдээлэл гаргалаа. Та аяныг зогсоох болсон талаар сонссон уу?
-Намайг хорооны хүмүүстэй нийлж элдвээр бичсэнийг хараад л уйлж сууна. Одоо бүр охины минь тухай худлаа бичлэг сошиалд тавьчихсан байна. Эгч нь энд надад өгч байсан бичиг баримтын хайгаад л сууж байна. Тэр бизнесээ өөрөө л эрхэлж байгаа байх. Би үнэндээ Ц.Сувд-Эрдэнэг ямар айхтар хүүхэн бэ л гэж бодож сууна.
Энэ бүхнийг өөрийнхөө эрх ашгийн төлөө хүний сэтгэлийг ч бодохгүйгээр тарааж байна. Ядаж энэ хэдэн хүүхдүүдийн сэтгэлийг бодох хэрэгтэй. Хүүхдүүд маань яг л надтай адилхан уйлаад л байж байна. Хүний сэтгэлээр, бүхэл бүтэн миний амьдралаар яаж ингэж тоглож чадаж байна вэ. Надад тэр мөнгө төгрөг, эд хөрөнгө огт хамаагүй. Би өмнө нь байхгүй байгаад болоод л байсан юм. Надад мөнгө хэрэггүй.
-Та энэ бүхнийг эрх ашгийн төлөө гэж үзэж байгаа юм уу. Яагаад?
-Ц.Сувд-Эрдэнэ зүгээр л “Сарнай” хүүхдийн төвийн эзэн болж чадахгүй гэдгээ мэдээд л ийм мэдээлэл цацлаа. Энэ хүүхдийн төвийг барихад өөрөө голчлон оролцож, энэ байгууллагыг авч явна гэсэн бодолтой байсан юм билээ. “Наран” рестораны захирал С.Дэлгэр эгч бол бидний төлөө зүтгэж яваа хүн. Би Ц.Сувд-Эрдэнээс “Сарнай төвийн нэрээр орж ирсэн мөнгө яагаад миний дансанд орж ирэхгүй байгаа юм бэ. Маргааш 12 цаг гэхэд “Сарнай” төв гэсэн бүх банкны хуулгыг надад өгөөрэй. Сая гадаадаас 900 мянган төгрөгийг шилжүүлсэн байна. Тэр мөнгө хаана байна?’ гэж асуусан. Тэгсэн чинь Ц.Сувд-Эрдэнэ тэр мөнгийг үрчихсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Олон түмний сайхан сэтгэлээр өгсөн мөнгө бүхэн хүүхдүүдийн ирээдүйд хэрэгтэй. Ингэж болохгүй шүү” гээд жаахан муудалцсан юм. Тэгсэн чинь л сошиалаар мэдээлэл гаргаад л, хүний нэр хүндийг унагаагаад, бүр охины маань ээж нь гээд нэг архичин хүүхний яриаг фэйсбүүк дээрээ тавьчихсан байна лээ.
-Аяны хүрээнд 40 сая төгрөг цугларсан гэж байсан. Энэ үнэн үү?
-“Сарнай” хүүхдийн төвийн бүтээн байгуулалтын аяны хүрээнд цугларсан мөнгө С.Дэлгэр эгч бид хоёрын дундын дансанд байгаа. Энэ аяныг маань С.Дэлгэр эгч маань санаачилсан болохоор би хамтран эзэмшигчээр орсон юм. Учир нь хүн хандивын мөнгө өглөө гэхэд би хотын төв ороод авах боломжгүй шүү дээ. Гэтэл Ц.Сувд-Эрдэнэ хамтран эзэмшигч болох ёстой байсан юм байна. Тэгээгүй болохоор надад өширхөөд л байна гэж ойлголоо. Намайг угаасаа Ерөнхий сайдаас шагнал авснаас хойш намайг загнадаг болсон.
-Юу гэж?
-Би амьдралдаа анх удаа тэр сайхан хүнээс шагнал авсан. Тэр өдөр ээж маань хөдөөнөөс ирчихсэн байсан. Тэгээд л хүүхдүүдээ тэвэрч аваад “Ээжийг нь төр үнэллээ шүү хүүхдүүд минь” гэж хэлсэн. Удалгүй утас дуугараад С.Сувд-Эрдэнэ залгасан. Тэгсэн “Та одоо битгий хоёр нүүр гаргаад байгаарай. Яагаад манай “Итгэл сэтгэлийн гүүр” гэж гараагүй юм. Яагаад “Их нигүүлсэл” төрийн бус байгууллага гэж гараад байгаа юм бэ” гэж загнасан. С.Дэлгэр эгч маань өмнө нь “Төрийн бус байгууллага нээсэн дээр юм байна. Миний дүүгийн энэ сайхан сэтгэлийг бодоод “Их нигүүлсэл” гэж нэрлэвэл дээр юм шиг” гэж хэлж байсан. Тэгээд л “Их нигүүлсэл” нэртэй төрийн бус байгууллагыг байгуулсан юм байна. Би тэрийг нь ч мэдээгүй байсан. Ц.Сувд-Эрдэнэ өнөөдрийг болтол утсаа аваагүй мөртлөө намайг утсаа авахгүй байна гэсэн байна лээ. Би бүр дуудлага хадгалах үйлчилгээтэй болсон. Яагаад гэвэл намайг утсаа аваагүй үед Ц.Сувд-Эрдэнэ загнадаг юм.
-Та бүхэнд туслаж буй “Наран” рестораны захирал С.Дэлгэртэй анх хэрхэн танилцаж байв. “Сарнай” хүүхдийн төвийг байгуулах “Нэг хүн-Нэг тоосго” аянг анх санаачилсан гэж дуулсан?
-Дэлгэр эгч маань анх Ц.Сувд-Эрдэнээс сонсоод “Энэ хүүхдүүдэд нэг өдрийнхөө хоолыг аваачиж өгөх гэсэн юм” бидэн дээр анх ирсэн. Тэгээд дахиад дөрөвдүгээр сарын 8-нд миний төрсөн өдрөөр ирсэн юм. Миний хүүхдүүдийн надад зориулж хийсэн төрсөн өдрийн мэндчилгээг хараад уйлаад, хүүхдүүдийг маань хооллосон. Тэгээд л надад туслахаар болж, “Нэг хүн-Нэг тоосго” аяныг анх санаачилсан. Тэгэхэд Ц.Сувд-Эрдэнэ надад таван ханатай гэр авч өгөөд дансанд 1.500 мянган төгрөг үлдсэн. Дэлгэр эгч дэмжсэн чинь хүн бүр л тусалж дэмжиж, 42 сая болсон. Одоо мөнгө өсөх тусам Ц.Сувд-Эрдэнийн зан ааш өөрчлөгдөөд, хорооны иргэний баримтгүй ярьсан зүйлийг атаархлын үүднээс ингэж байгаад харамсаж байна. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны хэсгийн ахлагч энэ согтуу хүнийг олж, бичлэг хийгээд Ц.Сувд-Эрдэнэ рүү явуулсныг цацаж байна. Миний охины ээжийг ч танихгүй, хаана байгааг нь мэдэхгүй байж, худлаа бичлэг тавьсан.
-Бичлэг дээр Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны иргэн Батцэцэг гэх эмэгтэй ярьж байсан. Тэр хүн охины тань ээж биш юм уу?
-Тэр согтуу эмэгтэйг Батцэцэг гэдэггүй. Энэ эмэгтэйн аав, ээж нь миний хоолыг иддэг байж байгаад өнгөрцгөөсөн. Одоо энэ бүсгүй Улаан чулуутын хогийн цэг дээр амьдардаг, архи уудаг эмэгтэй. Бичлэгийг харсан чинь бас хэл нь ээдэрчихсэн л байсан. Тэд нар архидуулж байгаад л бичлэг хийгээд байна. Хэрвээ би энэ олон хүүхэдгүй байсан бол үхэхээс өөр зам надад үлдсэнгүй. Энэ эмэгтэй миний охины ээж нь биш. Одоо ээжтэй нь холбоотой байдаггүй ч 25 настай бүсгүй байгаа. Сураг дуулахад охиноос минь хойш хүүхэд гаргаагүй гэсэн.
-Хүүхдүүдийн 90 хувь нь эцэг, эхтэй гэр оронтой хүүхдүүд. Мөн зарим хүний гэрийг барьцаалж, хүүхдээ өгөхгүй бол гэрийг чинь өгөхгүй гэж дарамталсан гэсэн байсан. Танайд одоо хэдэн хүүхэд байгаа бол?
-Одоо гэрт маань 31 хүүхэд байна. Янз бүрийн муу, сайн мэдээллээс болоод зарим эцэг, эх нь хүүхдээ аваад, шууд хогийн цэг дээр гаргачихсан. Би хэзээ ч хүүхдүүдээ эцэг, эхгүй гэж хэлэхгүй. Хүүхдүүд маань тэнгэрээс унаад ирээгүй. Бүгд л эцэг, эхтэй. Хүүхдүүдээс минь хоёр нь бүтэн өнчин хүүхэд байсан. Тэр хүүхдүүдийг бас хүмүүсийн явуулгаар ах дүүс нь авсан. Гэтэл тэр хоёрын ээжийнх нь дүү гэх эмэгтэй төрсөн дүүтэйгээ суучихсан байсан. Тийм хүмүүс тэр муу хоёр хүүхдийг аваад явах уу. Маргаашнаас нь л хогийн цэг дээр гарчихсан байсан.
-Манайд гурван хүүхэдтэй архи уудаг эмэгтэй байсан. Тэр эмэгтэйд Ц.Сувд-Эрдэнэ манай хашаанд хуучин гэр барьж өгсөн юм. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй маань хулгай хийгээд, орой бүр архи уугаад, хүүхдээ зоддог байсан. Би гурван хүүхдийг нь сургуульд оруулж өгсөн. Би тэр эмэгтэйд “Миний дүү хүүхдүүдээ, гэрээ авч явж чадна гэвэл гэрээ авч явж болно” гэсэн юм. Оройн 23:00 цагийн орчимд согтуу тав, зургаан залуустай, портертой ирээд “Гэрээ ачна” гэсэн. Тэгэхээр нь би “Ц.Сувд-Эрдэнэ намайг загнана. Би бичлэг хийгээд та нарыг явуулна” гэсэн чинь хорооны хэсгийн ахлагч, иргэн Баярмаа хоёр тэр согтуу хүүхэнг “Одоо өргөдөл бичиж өг. Хүүхдээр минь дарамтлаад байна ” гэсэн өргөдөл бичүүлсэн юм билээ. Одоо Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр миний гурав, дөрвөн өргөдөл бий. Өргөдөл гаргасан хүмүүс нь “Бидэнд архи авч өгч дарамталж, өргөдөл бичүүлсэн. Бид одоо ямар ч гомдолгүй” гээд авцгаасан.