Цагаан ордонд 10 хоног ажилласан Энтони Скарамуччи

Хуучирсан мэдээ: 2017.08.03-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Цагаан ордонд 10 хоног ажилласан Энтони Скарамуччи

Цагаан ордонд 10 хоног ажилласан Энтони Скарамуччи

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын эхэнд Цагаан ордны харилцаа, холбооны захирал Энтони Скарамуччиг ажлаас нь чөлөөлөв. Энэ үйл явдал дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж, сошиал сүлжээний хэрэглэгчдийг хөгжөөгөөд амжжээ. Учир нь, Энтони Скарамуччи Цагаан ордны харилцаа, холбооны захирлаар томилогдоод 10 хонож байсан юм. Үүнтэй холбоотойгоор, Цагаан ордны боловсон хүчин албан тушаалдаа тогтохгүй байгаа нь Энтони Скарамуччитай холбон тайлбарлах хүмүүс цөөнгүй байна. Скарамуччи ажлаасаа хурдан чөлөөлөгдсөн улс төрчдийн жагсаалтыг тэргүүлжээ.

АНУ-ын хэд хэдэн хэвлэл мэдээллийн агентлаг Скарамуччи Цагаан ордны Тамгын газрын тэргүүн Райнс Прибас болон АНУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсерийг ажлаасаа халагдахад нь нөлөөлсөн. Гэхдээ өөрөө тэдний араас явчихлаа гэв. Үүнээс гадна, цахим ертөнцийн бусад хэрэглэгчид Скарамуччи албан тушаал дээр 864 мянган секунд ажиллажээ. Энэ бол дээд амжилт гэж жиргэсэн байна. Мөн Ерөнхийлөгч асан Барак Обамагийн зөвлөх асан Дэн Пфайффер твиттерт Скарамуччийг Цагаан ордны харилцаа, холбооны хуучин дарга нарын албан бус клуб авахгүй. Энэ клубт орохын тулд тэр ядаж гурван долоо хоног ажилласан байх шаардлагатай гэв.

АНУ-ын Ардчилсан намыг гишүүдийг дэмжигч, Трампын гол дайсан гэгддэг байсан тэрбээр хэрхэн энэ албан тушаалд томилогдов? Энтони Скарамуччи гэж чухам хэн бэ гэдэг нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Энтони Скарамуччи бол санхүүч. Тэрбээр итали гаралтай бөгөөд 1964 онд барилгачны гэр бүлд төржээ. 1986 онд Скарамуччи Тафтсын их сургуулийг эдийн засгийн бакалаврын зэрэгтэй, 1989 онд Харвардын их сургуулийг хууль зүйн докторын зэрэгтэй тус тус төгсжээ.

 

Бизнесийн гараа 

Энтони Скарамуччи 1989-1996 оны хооронд “Goldman Sachs” банкны хөрөнгө оруулалт, банкны үйлчилгээний хэлтэст ажиллаж байв. Дараа нь, 1996 онд найз Эндрю Босжардтай хамтран “Oscar Capital Management” хөрөнгө оруулалтын фирмийг үүсгэн байгуулжээ. Тус фирм нь 2003 онд “Lehman Brothers” хөрөнгө оруулалтын банкны мэдэлд шилжиж, улмаар Энтони Скарамуччи хөрөнгө оруулалтын хяналтын хэлтсийн захирлын албан тушаалд томилогдов.

2005 онд Энтони Скарамуччи дахин “SkyBridge Capital” хөрөнгө оруулалтын фирмийг үүсгэн байгуулжээ. Үүнээс гадна, АНУ-ын гадаад бодлогын чиглэлд судалгаа хийдэг нөлөө бүхий төрийн бус байгууллагын гишүүн байв.

Энтони Скарамуччи Дэлхийн эдийн засгийн форумын байнгын оролцогч. Тэрбээр 2017 оны чуулганд Барак Обамагийн Засгийн газар оросын эсрэг хориг арга хэмжээ авсан нь сайн шийдвэр биш байсан. Орос болон АНУ зөвшилцлийн ширээний ард суух ёстой гэж мэдэгдэж байв.

Үүний зэрэгцээ, Энтони Скарамуччи “Business Executives for National Security” хэмээх Төрийн Бус Байгууллагын ажилд идэвхтэй оролцдог. Тэрбээр батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, бизнесийн салбарт зөвлөгөө өгдөг байв. Мөн тэр тархины хавдартай хүмүүс, түүний гэр бүлд тусламж үзүүлдэг “The Brain Tumor Foundation” байгууллагын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ. Энтони Скарамуччи ДОХ-той хүүхдүүдэд туслах хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хэд хэдэн удаа оролцож байсан удаатай.

 

Улс төр 

Энтони Скарамуччигийн улс төрийн замнал тун сонирхолтой. Тэрбээр 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Ардчилсан намаас нэр дэвшиж буй Барак Обамаг дэмжиж байв. Хожим нь, түүний засаг захиргааны санхүүгийн бодлогыг хүчтэй шүүмжилж эхэлсэн. Улмаар тэрбээр 2012 оны ерөнхийлөгчийн сунгааны үеэр Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Митта Ромниг дэмжиж ажиллажээ.

2016 оны тавдугаар сард Энтони Скарамуччи Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй Дональд Трампын сонгуулийн багийн санхүүгийн хорооны гишүүнээр томилогджээ.

Улмаар Дональд Трамп 2017 оны нэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгчийн бизнесийн зөвлөхөөр Скарамуччиг томилох тухай санал оруулсан байдаг. Энэ албан тушаалд томилогдохын тулд Энтони Скарамуччи “SkyBridge Capital” санд эзэмшиж байсан өөрийн хувиа зарах шаардлага тулгарсан. Улмаар Скарамуччигийн “SkyBridge Capital” сан дахь түүний хувийг хятадын “HNA Group” 200 сая ам.доллараар худалдан авчээ. Гэвч дээрх асуудлаас болоод Цагаан ордон түүнд өөр албан тушаалд томилохоор төлөвлөж байгааг дуулгасан юм. Учир нь SkyBridge-ийн худалдан авагч нь хятадын тал байсан нь цаашид ёс зүйн асуудал дагуулна гэж үзэв. Улмаар Скарамуччи 2017 оны зургаадугаар сарын 19-нд АНУ-ын экспорт-импортын банкны стратеги төлөвлөлтийн захирал, тэргүүн дэд-ерөнхийлөгч болов. Хожим нь, 2017 оны долдугаар сарын сүүлээр АНУ-ын Цагаан ордны харилцаа, холбооны захирлын албан тушаалд томилогдсон ч 10-хан хоногийн дараа ажлаасаа чөлөөлөгдсөн билээ.

Скарамуччи бол алдартай хэд хэдэн зохиолын эзэн. Түүний 2010 онд бичсэн “Goodbye Gordon Gekko” зохиолоор “Wall Street: Money does not sleep’ киног бүтээсэн байдаг. Мөн түүний 2016 онд бичсэн “Hopping Over the Rabbit Hole” номыг Wall Street Journal сэтгүүл бестселлер хэмээн зарласан удаатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж