С.Батцэцэгийгээ барилдана гэхэд нь итгээгүй

Хуучирсан мэдээ: 2017.08.03-нд нийтлэгдсэн

С.Батцэцэгийгээ барилдана гэхэд нь итгээгүй

С.Батцэцэгийгээ барилдана гэхэд нь итгээгүй

Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас анхлан Хөдөлмөрийн баатар цол хүртсэн С.Батцэцэгт өчигдөр Ерөнхийлөгч Төрийн ордонд шагналыг нь гардуулан өгсөн юм. 

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин С.Батцэцэгийн ах С.Батсуурьтай ярилцсанаа хүргэе. Тэрбээр Архангай аймгийн Хашаат сумаас иржээ. 

-С.Батцэцэгийн тухай бидэнтэй хуучлахгүй юу? Тэр бага байхын спортод дуртай хүүхэд байсан гэсэн?

-С.Батцэцэг айлын дөрөв дэх хүүхэд. Манайх охид олонтой. Би айлын ганц хөвгүүн. Гэхдээ Баагий /С.Батцэцэг/ надтай барилдах дуртай хүүхэд байсан. Ер нь бага байхын хөвгүүдтэй барилдана. Дунд сургуульд орсон хойноо ч сагсан бөмбөгт их дуртай байсан даа.

-Танайхан түүнийг барилдана гэхэд итгэлтэй байсан уу?

-Яг барилдаад ийм том амжилт гаргана гэдэгт хэн ч итгээгүй ээ. Манай дүү сургууль дээрээ спортын арга хэмжээнд маш идэвхитэй оролцдог байлаа. Гүйлтийн тэмцээнд бол ихэнхдээ түрүүлнэ. Ер нь их дайчин хүүхэд. Гэхдээ манайхан түүнийг барилдана гэхэд бараг л итгээгүй байх аа. Би ахын хувьд дүүтэйгээ хааяа барилддаг байсан ч түүнийг ингэж тууштай явна гэж бодоогүй ээ.

-Та түүнтэй барилддаг байсан үеэ дурсахгүй юу?

-Би айлын ганц хүү гэхэд дүү шиг спортод дуртай байгаагүй. Хааяа дүүтэйгээ барилдана. Бид хоёр нас ойр болоод ч тэр үү их ойр байдаг. Тэр надаас илүү хамаатны хүүхдүүдтэй их барилдана. Гүүний зэлний найр бол барилдах дуртай хүүхдүүдийн хүсэн хүлээдэг наадам байдаг. Батцэцэг энэ барилдаанд орно. 1996 оны наадам юм байна. Тэр эгчийн хүүхэдтэй барилдаад унасан байдаг. Гэтэл өөрийнхөө гүүний зэлний найрны үеэр барилдаад нөгөө хүүхдээ давж, түрүүлчихсэн. Одоо бодоход тэр наадам барилдах дуртай хүүхдүүдэд их урам өгдөг байж л дээ. Тэр барилдаанд барилдаж байсан дүү маань өнөөдөр олимп, дэлхийн аваргын тэмцээнд эх орныхоо нэрийг дуурсгаад ирэхэд нь өөрийн эрхгүй баярлаж байна.

-Нэг хэсэг охидыг барилдууллаа гэж шүүмж их явдаг байсан. Гэхдээ амжилт их гараад ирэхээр тэдний дунд болдог тэмцээн олширч олон аваргууд төрлөө. Тэрний нэг яалт ч үгүй С.Батцэцэг байлаа. Өнөөдөр Хөдөлмөрийн баатар болсон дүүгийнхээ анхны амжилтын тухай та бидэнтэй хуваалцаач?

-Сагсан бөмбөг тоглож байсан хүүхдийг гэнэт чөлөөт бөхөөр барилдана гэхэд нь итгээгүй. Би дугуйлан, секц гээд бараг явдаггүй. Тухайн үед одоогийнх шиг байгаагүй. Дугуйлан их ховор байсан үе. Бид нарыг 7-8-р ангид орох үед дугуйлан идэвхтэй болсон. Харин дүү маань сагсан бөмбөг тоглож байгаад л бөх рүү орсон. Сумынхаа сургуулийн зааланд бөхийн бэлтгэл хийж эхэлсэн хүн дээ. Бэлтгэлтэй гээд их явна. Нэг удаа аймаг руу бөхийн тэмцээнд яваад мөнгөн медальтай ирж байсан. Манайхан үнэндээ их гайхаж байлаа. Түүнийг хэн ч бөхийн тэмцээнд ороод медальтай ирнэ гэхэд төсөөлөөгүй. Тэгээд л урамшиж, тууштай явсан. Гэхдээ сагсан бөмбөг тоглодог байсан түүнд их мөрөөдөл байсан байх. Өнөөдөр эргээд харахад дүүгээрээ бахархаад барахгүй нь ээ. Сургуульд орохын өмнө хөвгүүдтэй барилддаг байсан дүү маань ийм том амжилт гаргаад бас Төрийн том шагнал хүртэхэд нь бид бүхэн үнэхээр баяртай байна.

-С.Батцэцэгийг Хөдөлмөрийн баатар болсныг та бүхэн хэнээс эхэлж мэдсэн бэ?

-Манайх хөдөө байдаг. Дүү энэ сайхан мэдээг Европоос бидэнд хэлсэн. “За би шагнал авахаар болж байна. Та хэд хот руу ирэх хэрэгтэй юм байна” гэж хэлж байсан. Эгч, бид нар дүүгийнхээ шагнал авч байгаа баярыг хуваалцахаар хотод ирсэн. Дүүгээрээ бахархаж байна.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж