Чоно цатгалан, сүрэг бүтэн байг

Хуучирсан мэдээ: 2017.08.03-нд нийтлэгдсэн

Чоно цатгалан, сүрэг бүтэн байг

Чоно цатгалан, сүрэг бүтэн байг

Зарим сайд ядарчээ. Амралтаа аваад рашаан бараадан сувилуулж яваа сурагтай. Тиймээс Засгийн ээлжит хуралдаан өчигдөр хуралдсангүй. Хүн хойно амралгүй л яах вэ? гэж бодох ч зуны сар дуусч, намрын дунд сар эхлэхэд цөөхөн хоног үлджээ. Монгол орны 34 хувь нь гандуу байгаа учраас өвөлжилт хүндхэн болохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Тариаланчид толгой сэгсрэн гасалж сууна. Энэ жил ургацаа алдах нь гэж. Арай гэж ургаж байсан ургацаа мөндөрт цохиулчихсан учраас зарим нь хураалт хийж илүү зардал гаргаснаас хаясан нь зардлаа хэмнэнэ гэж шийджээ. Малчид ч өвөлжилт хүндэрнэ гэж тооцон малаа тарга тэвээрэг сайтар авахуулж байгаад мах болгон, хадлан тэжээлээ базааж, өвлийг аль цөөн малтай, хохирол багатайгаар давахыг хичээж байна.

ОУВС-гийн мөнгөөр валютын ханшаа хязгаарлаж, эдийн засгаа өөд нь татна гэж байсан ч үнэндээ ам.долларын ханш өдөр өдрөөр өссөөр байна.

Удахгүй хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан юанийн ханш тэнгэрт хадна.

Бүх ажил зуун задгай, жаран хагархай байхад сайд нар амралтаа аваад биеэ оторлож сууна.

Нуулгүй хэлэхэд он гарснаас хойш МАН-ын албан тушаалын төлөөх тэмцэл Засгийн газрыг ажил хийлгээгүй. Гаргасан шийдвэрээ эргэж хүчингүй болгож, ая тал засах байдлаар л асуудалд хандаж хавартай золгосон. Ингээд сонгуулийн шуугиан эхэлж, эмхэлж, цэгцэлж, заримд нь муулуулаад ч хамаагүй байранд нь тавих асуудлыг сонгуулиар оноо алдахгүй гэсэн хойшлуулсаар ирсэн. Сонгууль дуусмагц наадам, наадмын дараа амралтаа авчээ. Удахгүй МАН-ын дотоод тэмцэл дахиад л засгаараа оролдох нь гэсэн болгоомжлол ч байна.

Хэрэвзээ тэгвэл жилийн гурван улиралд нь засаг ажлаа хийсэнгүй. Гэтэл жирийн иргэдийг дагаад амралтаа аваад явчихсан, яам, агентлагууд эзгүй шахуу байна. Төрийн аль ч газарт очсон шийдвэр гаргах албан тушаалтан нэн ховор.

Өвөлжилтийн бэлтгэлийг хэн хэрхэн хангаж, ажилд нь хэн хяналт тавьж байгааг хэлээд өгөх хүн алга.

Тиймээс л чоно цатгалан, сүрэг бүтэн байх болтугай гэж ерөөе. Гэхдээ энэ боломжгүй зүйл л дээ. Харилцан шүтэлцээтэй шүү дээ.

Л.ХАЛИУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж