Их гүрнүүд дайнд бэлдэж байна уу?

Хуучирсан мэдээ: 2017.08.03-нд нийтлэгдсэн

Их гүрнүүд дайнд бэлдэж байна уу?

Их гүрнүүд дайнд бэлдэж байна уу?

Их гүрнүүдийн зэвсэглэлийн өрсөлдөөн нэмэгдсээр байгааг Стокгольмд төвтэй олон улсын энхийн судалгааны төвийн (SIPRI) жил бүрийн тайлангаар харж болохоор байна. Дэлхийн улс орнууд өнгөрсөн онд батлан хамгаалахын салбарт 1.686 их наяд ам.долларыг зарцуулсан нь 2015 оныхоос 0,4 хувиар өсчээ. Цэргийн зардлаар тэргүүлсэн хэвээр байгаа АНУ батлан хамгаалах салбарт 611 тэрбум ам.долларыг зарцуулсан байна.

Энэ нь дэлхийн нийт батлан хамгаалахын төсвийн 36 хувьтай тэнцэж байгаа бол хоёрдугаарт орсон Хятадын цэргийн зардлаас гурав дахин их аж. Бээжин нь Өмнөд Хятадын тэнгисийн маргаанд сүр хүчээ үзүүлэхийн тулд тэнгист хиймэл арал босгож, цэргийн бааз байгуулсны дээр Африкийн бааз руу цэргээ илгээсэн билээ. Харин Сирид цэргийн ажиллагаа явуулж, хэт даврагчдын эсрэг агаараас цохилт өгснөөр ОХУ-ын батлан хамгаалахын зардал 5.9 хувиар өсч, 69,2 тэрбум ам.долларт хүрснээр гуравдугаарт жагсаж байна. ОХУ нь Украинаас Крым хойгийг буцаан авсны дараа АНУ болон Европын орнуудтай илтэд сөргөлдөөн үүсч, харилцаа муудсан юм.

Ойрхи-Дорнодын гол тоглогч Саудын Араб Йеменд явуулж буй цэргийн ажиллагааг эс тооцон батлан хамгаалахын зардлаар дөрөвдүгээрт оржээ. Өмнө нь Арабын вант улс цэргийн зардлаар дэлхийд гуравдугаарт орж байв. Хятадтай эдийн засгаар өрсөлдөж, Пакистантай хилийн маргаантай Энэтхэг улс цэргийн зардалдаа 55,9 тэрбум ам.долларыг төсөвлөснөөр тавдугаарт жагсаж байна.

Украины зөрчлийн дараа ОХУ-аас болгоомжилсон Баруун Европын орнууд цэргийн зардлаа нэмэгдүүлснээр Итали улс 11 хувиар цэргийн зардлаа нэмэгдүүлж бүс нутгаа тэргүүлсэн боловч мөнгөн дүн нь 28 тэрбум ам.доллараас хэтрээгүй аж. Түүнчлэн Хойд Солонгосын баллистик пуужин, цөмийн хөтөлбөрөөс сэрэмжлэн Өмнөд Солонгос 36,8 тэрбум ам.доллар, Япон 46,1 тэрбум ам.долларт тус тус хүргэж батлан хамгаалахын хүчин чадлаа нэмэгдүүлжээ.

Цэргийн зардлаар дэлхийд хоёр, гуравдугаарт эрэмбэлэгдэж буй Хятад болон Орос улс бол Сирийн хямрал гэх мэт олон чухал асуудлаар ижил байр суурьтай байдаг нь АНУ болон Баруун Европын орнуудын байр суурьтай зөрчилддөг юм. Тэд хоёул НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг тавих эрхтэй гишүүн орнууд. Хятад, Орос хоёр өмнө нь олон улсын маргаантай бүс нутаг болох Өмнөд Хятадын тэнгист цэргийн сургуулилт явуулсан билээ. Өмнөд Хятадын тэнгис нь Хятад, Бруней, Малайз, Филиппин, Тайвань, Вьетнам зэрэг улсуудын дундах маргаантай бүс юм. Энэ онд болж буй хамтарсан сургуулилт, цэргийн жагсаал зэрэг нь Барууны орнуудад сүр хүчээ харуулж, нэгдмэл байр сууриа илэрхийлсэн том арга хэмжээ болов хэмээн ажиглагчид дүгнэж байна.

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж