Асуудалтай газарт ажиллая, дарга нараа?

Хуучирсан мэдээ: 2017.08.03-нд нийтлэгдсэн

Асуудалтай газарт ажиллая, дарга нараа?

Асуудалтай газарт ажиллая, дарга нараа?

Албан тасалгааны цонхоор нийгмийн амьдралыг тольдож суудаг дарга нарын тоо цөөрсөн нь сайн хэрэг ч хөрсөн дээрээ бууж ажиллатлаа бас л өдий бололтой.

Хотын дарга уржигдар нийслэлийн хэмжээнд баригдаж буй авто замуудын ажил байдалтай танилцлаа. Очсон газарт нь зам өргөтгөх, шинэчлэх ажил урагштай л байна. Наймдугаар сарын 10-н гэхэд хэд, хэдэн замын өргөтгөлийн ажил дуусаж, тээврийн хэрэгсэл чөлөөтэй зорчих боломж бүрдэх аж. Хичээлийн шинэ жил эхлэхээс урьтаад замын ажил дуусчихвал авто машины түгжрэлийг бага ч болов бууруулах учраас нийслэлчүүдийн хувьд энэ бол баяртай мэдээ.

Гэвч өнгөрсөн жилээс эхлээд асуудал дагуулсан зарим нэг замын ажлын проблем шийдэгдэх эсэх тодорхойгүй үлдлээ. Учир нь хотын дарга газраа чөлөөлдөггүй, татдаггүй асуудалтай байгаа авто замуудад ажилласангүй. Гэхдээ ажил хариуцдаг дарга нар нь асуудалтай газарт ажиллуулж, нервийг нь барахыг хүссэнгүй юу, өөрсдөө донгодуулахаас эмээсэн үү тойроод л өнгөрлөө.

Хоржоонтой нь агентлагийн дарга нар “Онц” гэх үнэлгээг аваад үлдлээ. Нэг бодлын социализмын үеийн дарга нарын түүхийг ч эргүүлээд сануулах шиг.

“Ховор хүмүүс” нэртэй дэлгэцийн нэгэн сайхан бүтээл бий. Аймгийн төлөөлөгч ажил шалгахаар сумдаар ажиллах болоход Нэгдлээс уулын толгой дээр дурантай нэг хүн зогсоодог. Төлөөлөгчийн машин уулын хормой ороогоод сумыг чиглэхэд дурантай залуу нэгдлийнхэндээ дохио өгдөг. “Шинэхэн халатаа өмсөөрэй, ширээний бүтээлгээ дэвсээрэй” гээд л хашгирдаг даа. Кинон дээр гардаг шиг ийм үйл явдал хараахан болоогүй ч ер нь бол дөхөх талруугаа.

Зарим нэг жишээ татъя, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадаах талбайг тохижуулж дуусгасан. Нийслэлийн олон ч дарга энэхүү бүтээн байгуулалттай очиж танилцан, тууз хайчилсан. Энд хотын дарга очиж, орчин цагийн бүтээн байгуулалтын сайхныг бишрэв. Шарилж ургаж, харшил хөдөлгөдөг байсан газар ногоон зүлэг болон хувирч, үйлчлүүлэгчид нь гадаа нарлаад суух тохитой орчин бүрдүүлжээ. Гэхдээ энэ шинэ мэдээ биш сарын өмнөөс л хангалттай “PR”-дсан.

Хотын даргын уржигдар очиж ажил шалгадаг авто замуудад ч мөн арваадхан хоногийн өмнө нийслэлийн Авто замын газрын дарга нийслэлийн Газрын албаны даргатай хамтарч ажиллаад буцсан.

Зарим нэг авто замуудад газар чөлөөлөлт цаг хугацаа алдаж буйгаас ажил хийх боломжгүй байсныг агентлагийн дарга нар газрын эзэдтэй уулзаж, шийдсэн тухай яриад өнгөрсөн ч амьдрал дээрээ асуудалтай хэвээр л байгаа.

Уг нь асуудлыг шийдье, өвлөөс урьтаж ажлаа дуусгая гэвэл хойш чангааж байгаа ажлыг л эхэлж барьж авмаар санагдах юм. Тойрч явсаар байтал нам, арын хаалга хоёроор бамбай хийсэн зарим нэг нь авто замын ажлыг гацааж, оршин суугчдаа ч хохироож байна.

Одоо хаа, хаанаа хөрсөн дээрээ бууж ажиллая. Ерөнхийлөгчийн сонгууль дууссан. УИХ, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль болоход гурван жил дутуу байна.

Амьдрал нэг их гоё байгаа юм шиг, асуудалгүйгээр нийслэлийн ажил явж байгаа юм шигээр PR хийж байгаагаа зогсоо. Хөрсөн дээрээ бууж ажиллахгүй бол хөхөө өвлийн хүйтэн айсуй.

Нэг л мэдэхэд хяруу унаж, маргааш нь цас дарж, авто зам барих аргагүй болно.

Энэ үед асуудалтай зам дээрээ очоод “Одоо наад ажлаа дуусга” гэж тушаах боломжгүй. Цаг алдах тусам авто замын өртөг өндөр болж, гүйцэтгэгчдээ ч, захиалагчдаа ч хүндрүүлж байна. Хавь орчных нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа ч алдагдаж байна.

Авто замын төлбөрөөс эхлээд олон татварыг жолооч нар жил бүр төлдөг. Төлснийхөө хэрээр энхэл донхолгүй замаар зорчих боломж бүрдсэнгүй.

Татвар авах болохоороо цаг хугацаагаар хавчаад хураадаг шигээ авто зам барихад саад учруулж байгаа газрууддаа хууль, журмаа мөрдүүлсэн шиг хугацаанд нь мөрдүүлээд төртэй, хуультай улс гэдгийг мэдрүүлээд ажиллах цаг болсон байна. Хэдий болтол хэсэг нөхөд нь газраа чөлөөлөхгүй, татахгүй гэдэг гомдол тавьж, нийтийн эрх ашгийг уландаа гишгэж амьдрах гэсэн юм бэ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж