Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2017.08.02/ Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч төрийн албыг зарж, 60 тэрбум босгох тухай асуудал, төрийн өндөр албан тушаалтнуудын нэр холбогдоод байгаа оффшор данстай холбоотой асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх ажлыг гардаж байгаа хүмүүс нь та нар. Энэ ажилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тусалж дэмжихэд бэлэн байна.
Авлигатай тэмцэх газар, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран ажлын хэсэг гаргасан байна. Одоо ажиллах хэрэгтэй. Пакистаны Ерөнхий сайдын хүүхдүүд гадаадад оффшор данстай байсан нь илэрч, холбогдох хуулийн байгууллагад шалгасны үр дүнд Ерөнхий сайд огцорсон байна. Панамын хуудсуудаар ил болсон Монголын 40 гаруй хүний оффшор данстай холбоотой асуудлыг шуурхай шийдвэрлэх ёстой. 49 хоногийн хугацаа өгсөн. Энэ асуудлыг шийдвэрлэхэд төрийн тэргүүн дэмжиж ажиллана” гэлээ.
Авлигатай тэмцэх газрын дарга, Монгол Улсын Ерөнхий прокурорын зүгээс хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан тул ажиллах боломж нээгдсэн гэж тодотголоо.
Г.ХОРОЛ