Ирээдүйн Монгол судлаачид манай улсад зочилно

Хуучирсан мэдээ: 2017.08.02-нд нийтлэгдсэн

Ирээдүйн Монгол судлаачид манай улсад зочилно

Монгол УИХ-д УИХ-ын гишүүдээс бүрдсэн үндэсний парламентын бүлгэм байгуулагдан ажилладаг.

Монгол Улсыг дэлхий дахинд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, зөвөөр таниулан сурталчлах нь монгол үндэстний хэл, соёл, түүх, ёс заншил, уламжлалын дархлааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм. Энэ асуудал нь үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдалтай салшгүй холбоотой. 

Энэ ч үүднээс төр засгийн зүгээс гадаадад Монгол Улсыг сурталчлах хөтөлбөрийг баталсан байдаг. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хугацаанд Монгол судлалыг хөгжүүлэх талаар тууштай бодлого явуулж, “Монгол судлалыг дэмжих сан” байгуулах зарлиг гаргаж байсан. Үүнтэй холбоотойгоор, манай улс олон улсын Монголч эрдэмтдийн X, XI дүгээр их хурлыг эх орондоо зохион байгуулж байсан билээ. Мөн БСШУСЯ-аас гадаадын их дээд сургуулийн магистр, докторын түвшинд суралцдаг оюутнуудад зориулсан зуны сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг зэрэг энэ салбарт хийгдэж буй олон бүтээлч ажлыг дурдаж болно. 

Гэхдээ жил ирэх тусам гадаад ертөнцөд Монгол Улсыг судлах оюутны тоо магистр, докторын түвшинд буурч байгаа нь бидний санаа зовох асуудлын нэг болоод байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг дэлхий ертөнцтэй холбох гүүр болсон монголч эрдэмтдийн хойч үеийг бэлтгэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. 

Иймээс гадаадын их дээд сургуулийн бакалаврын түвшинд суралцаж буй оюутнуудын анхаарлыг Монгол Улс руу хандуулах санаачилгыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2008 онд үүсгэн байгуулсан “EBI” бодлогын судалгааны хүрээлэнгээс гаргажээ. Энэ хүрээнд гадаадын их дээд сургуулийн бакалаврын түвшний, монголыг судлах сонирхолтой оюутнуудын дунд зарласан сонгон шалгаруулалтад долоон улсын есөн залуус шалгарчээ. 

Ирээдүйн олон улсын Монгол судлаачдыг дэмжих “EBI” хөтөлбөрт тэнцсэн оюутнууд ирэх даваа гаригт буюу 2017 оны 08-р дугаар сарын 07-ны өдөр Монгол улсад зочилно. Тэд арав хоногийн туршид манай улсын түүх, ёс заншил, ардын урлагтай танилцах ажээ. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь гадаадын их дээд сургуулийн бакалаврын түвшинд суралцаж буй оюутнуудыг цаашид Монгол улсыг сонгон судлах сэдлийг өдөөхөд оршино. 

Энэхүү арга хэмжээний нээлт ирэх даваа гаригт буюу 2017 оны наймдугаар сарын 07-ны өдрийн 14 цагт Монголын Үндэсний музейд болно. 

Бэлтгэсэн Ц.УРАНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж