“Уудам орны дундуур
Уулс говийг гатална
Ган зам зурайн гялалзаад
Галт тэрэг хурдалж явна” хэмээн Монголын төмөр замдын сүлдэн дуулал болсон “Ган зам” дууны хөшөөнд өнөөдөр /2017.08.02/ 13:00 цагаас цэцэг өргөх ёслол болж өнгөрлөө.
Энэхүү дууны хөшөөнд цэцэг өргөхөөр “Ган зам” дууны үгийг зохиосон Төрийн шагналт, яруу найрагч Ч.Лхамсүрэн агсны хань, үр хүүхдүүдийн хамт ирсэн байлаа. Яруу найрагч Ч.Лхамсүрэн агсан Монголын зохиолчдын эвлэлийн томилолтоор 1950-иад оны сүүлчээр Улаанбаатар төмөр замд ирж, ухуулга сурталчилгааны вагоны даргаар ажиллаж байсан талаар хүмүүс дурсан ярьцгаана.
С.Цэндсүрэн: “Ган зам” дууг манай өвгөн бичсэн гэж бахархдаг
Энэ жил Төрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэн агсны 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд төрсөн нутаг болох Баянхонгор аймгийн Баацагаан суманд суварга босгосон тухай түүний гэргий ярилаа. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-Төрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэн агсны бичсэн “Ган зам” дууны хөшөөнд цэцэг өргөх ёслол болж байна. Та сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Би маш их баяртай банйа. Ханийн минь 100 насны ойн хүрээнд зохион байгуулж буй ажлууд маш сайхан болж байна. Энэ зун Баянхонгор аймгийн Баацагаан суманд очиж, ахан дүүсээрээ суварга босгосон. Энэ бүх ажлыг маань тав дахь охин болох Л.Чулуунцэцэг зохион байгуулсан. Ханийнхаа төрсөн нутаг руу үр хүүхдүүд, ах дүүс нь гээд 50 гаруй хүмүүс очоод ирлээ.
-Түүхт “Ган зам” дуу хэрхэн бүтсэн талаар ярьж өгөөч?
-Монголд хамгийн эхэнд галт тэрэг явж эхлэхэд л “Ган зам” дууны шүлгийн уралдаан зарласан юм гэсэн. Тэгээд л миний ханийн бичсэн шүлэг нэгдүгээр байранд орж, төмөр замчдын сүлд дуу “Ган зам” хэмээх дуу төрсөн түүхтэй. Би галт тэргээр ийш тийшээ явахдаа “Ган зам” дууг сонсоод “Энэ дууг манай өвгөн бичсэн юм шүү дээ” гээд л ихэд баярлаж явдаг.
-Та бидэнд үр хүүхдүүдээ танилцуулахгүй юу. Одоо хүүхдүүдээс нь аавынхаа үйл хэргийг хэн нь үргэлжлүүлж байна?
-Манай гэр бүл арвуулаа. Манайх найман хүүхэдтэй айл. Одоо хүүхдүүдээс нь аавынхаа үйл хэргийг тав дахь охин болох Л.Чулуунцэцэг үргэлжлүүлж байна. Охин минь бага байхын л аавыгаа дагаад л вагоноор явж байдаг байсан. Хань маань амь сэрүүн байхдаа бүх хүүхдүүддээ зориулан шүлэг бичсэн байдаг. Ойн хүрээнд үр хүүхдүүд нь аавынхаа “Хүрэн морь”, “Маамуу нааш ир” гэсэн хоёр номыг нь шинэчлэн хэвлүүлсэн.
Мөн энэ үеэр Улаанбаатар төмөр замын дэргэдэх Монголын зохиолчдын эвлэлийн салбарын эрхлэгч Л.Сэнгээ “Төмөр замчдын сүлд дуу болсон “Ган зам” дууг мэдэхгүй хүн бараг байхгүй. Тэртээ 1949 онд анхны галт тэрэг Улаанбаатар хотод орж ирэхэд дуутай болох шаардлага гарсан. Тэгээд л Ч.Лхамсүрэн гуайн бичсэн “Ган зам” гэдэг шүлэгт ая зохиох уралдаан зарласан байгаа юм. Энэ уралдаанд олон хөгжмийн зохиолчийн бүтээл шалгарснаас хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуайн зохиосон “Ган зам” дуу гээд хоёр дуу тэргүүн байранд шалгарч, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуайн хөгжим “Ган зам” дуу хоёрдугаар байранд орсон. Цаг хугацаа өнгөрөхөд хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуайн хөгжим “Ган зам” дуу нийтэд сайн түгэж чадалгүй хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуайн зохиосон “Ган зам” эдүгээ төмөр замчдын сүлд дуу болсон байдаг” тухай түүхээс хуваалцлаа.
А.Сүрэн
Гэрэл зургийг Э.Энхбат