С.Батцэцэг: Каори Ичиод ялагдсан мөч сэтгэлд тод үлдсэн

Хуучирсан мэдээ: 2017.08.02-нд нийтлэгдсэн

С.Батцэцэг: Каори Ичиод ялагдсан мөч сэтгэлд тод үлдсэн

Дорноговь аймаг, Замын-Үүдэд хүчтэй шороон шуурга тавьсны улмаас ачааны галт тэрэгний хоёр чингэлэг унасан байна.

Чөлөөт бөхийн тамирчдаас Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, З.Ойдов, Д.Цэрэнтогтох нар Хөдөлмөрийн баатар цолыг хүртэж байсан. Тэгвэл өнөөдөр чөлөөтийн эмэгтэй бөхчүүдээс анх удаа энэхүү цолыг Соронзонболдын Батцэцэг хүртлээ. Тэрбээр чөлөөт бөхийн спортоос төрсөн тав дахь, эмэгтэйчүүдээс анхны Хөдөлмөрийн баатар цолтон болоод байна.

Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин С.Батцэцэг тэртээ 2006 онд чөлөөт бөхийн гаргаагаа Н.Донров багшийн удирдлагад эхлүүлж байжээ. Тэр цагаас хойш Олимпийн наадмаас хүрэл, Дэлхийн аваргаас хошой алт, хүрэл, оюуны Дэлхийн аварга, Азийн аваргаас алт, мөнгөн медаль хүртсэн гээд түүний амжилт арвин.

Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатрын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одон гардуулах арга хэмжээ Төрийн ордонд болсон бөгөөд С.Батцэцэг шагналаа авсны дараа хэвлэлийнхэнтэй ярилцлаа. Түүний ярилцлагыг хүргэж байна.

-Юуны өмнө та баярын сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Мэдээж сэтгэл өндөр байна. Үнэхээр их баярлаж байна. Хэлэх үг олдохгүй байна.

-Хөдөлмөрийн баатар болсон тухай хэн тухай мэдээллийг хэн түрүүлж өгсөн бэ?

-Би Европт эмчилгээтэй байсан. Ерөнхийлөгчийн Тамгын газраас холбогдож байна. Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Таньд Хөдөлмөрийн баатар цол олгож байна гэсэн мэссэж утсанд ирсэн байсан. Тухайн үед үнэхээр их сандарсан шүү. Их гайхсандаа. Тэгээд гэрийнхэндээ ярьж, шагнал авахаар болсноо хэлсэн.  

-2017 он таны хувьд амжилт арвин байсан. Гэхдээ Үндэсний шигшээ багаас татгалзсан шийдвэрийг гаргасан. Энэ талаар юу хэлэх вэ?

-Би 2009 онд шигшээ багт оролцож байсан. Тухайн үед шигшээ багийн цалин аваад өөртөө зарцуулж байх үеийг санах сайхан байдаг. Тэр үе надад маш том урам зориг өгч байсан болохоор сэтгэлд тод үлдсэн. Тиймээс энэ жилийн Үндэсний шигшээ багаас татгалзсан. Яагаад гэхээр залуу тамирчид маань шигшээ багт илүү ихээр хамрагдаж, урам зориг аваасай гэдэг үүднээс Үндэсний шигшээ багийн цалингаас татгалзсан. Одоо албан бус Үндэсний шигшээ багт байдаг.

-2017 оны Азийн аваргад түрүүллээ. Энэхүү тэмцээний талаар эргэн дурсахгүй юу?

-Энэ оны Азийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сард Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон. Надад 63 кг-ын жинд барилдах боломж гарсан учраас барилдсан. Азийн аварга болох зорилготой очсон учраас биелүүлж чадсан. Өмнө 2010 оны Азийн аваргад өрсөлдөж, мөнгөн медаль авч байсан. Тиймээс долоон жилийн дараа тивийн аваргад түрүүллээ.

-Тамирчдад олон улсын тэмцээнд оролцоход нэг хүндрэлтэй асуудал цагийн зөрүү байдаг. Таныг олон цагийн нислэг хийхдээ нойроо сайн авч чаддаг гэж байсан.

-Цагийн зөрүү тамирчдад их нөлөөлдөг. Миний хувьд олон улсын нислэг хийхэд ядрах нь бага байдаг. Ер нь амархан унтана. Тиймээс ядрал багатай тэмцээнд оролцдог.

-Та анхны багшийнхаа тухай дурсаач?

-Би чөлөөт бөхийн спортын гараагаа Архангай аймгийн Хашаат сумын дунд сургуулийн сурагч байхдаа эхэлж байсан. Миний анхны багш Дэмбэрэлийн Дондов гэж хүн бий. Дэлхийн давцанд гарах бөхийн эрдмийг З.Дүвчин багш заасан. Хоёр багшдаа маш их баярлаж явдгаа хэлмээр байна. Энэ бол багш нарын минь ач юм.

-Та чөлөөт бөхийн спортоор хичээллээд 12 жилийг үджээ. Энэ хугацаанд алт, мөнгө, хүрэл гээд олон медалийг авлаа. Мөн таны амжилтууд Монголын чөлөөт бөхийн түүхэнд анхдагч болон үлдсэн. Одоо тэр замналаа харахад юу хэлэх вэ?

-Зөндөө амжилтууд байна. Мэдээж аваагүй медаль байна. Нэг харахад чамламаар юм шиг хэрнээ бас бахархмаар санагдана.

-Таныг энэ хүндтэй шагналыг авахад гэрийнхэн тань юу гэж хүлээж авсан бэ?

-Би Төрийн хүндтэй шагналыг гадаадад байхад сонссон болохоор их сандарч байлаа. Тэгээд гэрийнхэндээ хэлсэн. Та нар хот руу явах хэрэгтэй боллоо гэхэд манайхан бас гайхаж байсан. Тэд ч бас ийм зүйл болно гэж бодоогүй байх. Гэнэтийн байдалтай хүлээж авсан. Ээж, хоёр эгч, ах нутгаас ирсэн. Аавын минь ах дүүс ирсэн. Бурханы оронд очсон аав минь хараад охиноороо баярлаж байгаа байхаа.

-Та бэртлийнхээ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-“Рио 2016” олимпийн наадмын үеэр авсан мөрний бэртэл байгаа. Европт эмчлүүлж байна. Одоо дахин хоёр сарын эмчилгээ бий болохоор буцаж явна. Эмчилгээ дууссаны дараа бэлтгэлдээ орно.

-“Рио 2016” олимпийн наадмын өмнөх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн чухал тэмцээн байсан. Олимпийн эрх олгох тэмцээн учраас тамирчин бүр дор бүрнээ хичээсэндээ. Эмэгтэй багийн хувьд “Лас Вегас 2015”-с амжилт дүүрэн ирсэн. Энэ талаар эргээд дурсаач?

-2015 он онцгой жил байсан. Дэлхийн аваргын тэмцээн бол бүр хариуцлага ихтэй. Олимпийн эрх олгох учраас бүгд энэ тэмцээнд анхаарлаа хандуулсан. Миний хувьд өрсөлдөгч бүрээ цэвэр ялж, алтан медаль хүртсэн. Баг тамирчид маань ч өндөр амжилттай ирсэн.

-Японы чөлөөтийн бөхчүүд дэлхийд хүчтэй хэвээр байна. Дараагийн олимп Токиод болно. Та японы өрсөлдөгч нарынхаа тухай юу хэлэх вэ?

-Японы бөхчүүд сайн гэдгийг бүгд мэднэ. Би Каори Ичиод хожигдож байсан. Бусад бөхчүүдэд хожигдож байгаагүй.

-Та одоо хамгийн их сэтгэлд ойр байгаа тэмцээний талаар хэлэхгүй юу?

-Дэлхийн аваргаас хоёр удаа алтан медаль авахад баярлаад өнгөрч байсан. Харин 2013 оны Унгарт болсон Дэлхийн аваргын финалд Японы Каори Ичиод ялагдаж байсан. Тэр үед ялагдсанаа дараа өөрийн эрхгүй нулимс гарч байлаа. Тэр дэлхийн аварга сэтгэлд их тод үлдсэн байна.  

-Таньд гэр бүлийн талаар төлөвлөсөн зүйл байгаа юу?

-Байхгүй. Одоогоор тийм зүйл бодоогүй л явна. Бэлтгэлдээ гол анхаарлаа хандуулнадаа.

-Ойрын зорилгынхоо тухай хэлэх юу?

-2018 оны тэмцээнүүдэд өөрийгөө бэлдэнэ гэсэн зорилготой.

Ч.БОЛОР

Гэрэл зургийг Н.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж