Алдаж болохгүй суутан

Хуучирсан мэдээ: 2017.08.02-нд нийтлэгдсэн

Алдаж болохгүй суутан

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд “Түүх, соёлын олдворыг хамгаалах эрх зүйн орчин” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өчигдөр зохион байгуулагдлаа.

Оросын аугаа их яруу найрагч Осип Мендельштамын “Цаг хэд болж байна. Өнө мөнх” гэсэн үг угтаа яг түүнд таарах мэт. Ямагт л инээж, хэнийг ч гололгүй найзархан ярьж, эгэл бус атлаа энгүүн хүүрнэх агуу Б.Шарав хүнд өвчинд нэрвэгдсэнийг сонсоод сэтгэл цаанаа л бачуурна. Хэдхэн жилийн өмнө хамаг хүч, хөдөлмөр, оюун ухаанаа шавхаж бүтээл туурвиад сарын цалинтай л дүйцэхүйц мөнгө авдаг гэдгийг нь сонсоод гайхан асуухад “Бусад оронтой харьцуулбал их өрөвдөлтэй шүү дээ. Энд хөгжмийн зохиолчдын бүтээсэн бүтээлийг үнэлж байгааг яриад байна. Энэ нь бид нартай ч холбоотой дутагдал л даа. Бид өөрсдөө үнэлүүлж чадахгүй байгаа хэрэг. Зөвхөн төр ч юм уу, нийгмээс хараад байх хэрэггүй л дээ. Миний зохиож буй уралдаан ч явж явж энэ үнэлгээг ахиулах юмсан гэсэн үүднээс хийгдэж байгаа ажил шүү дээ” гэж өөртөө бурууг тохон, инээж суусан түүнд өнөөдөр өвчнөө ялан давахад мөнгө, Монголд хэрэгтэйг нь сануулах сэтгэлийн дэм хэрэг болжээ. 

Биднийг баярлуулж, омогшуулж, ойлгуулж, ухааруулж, уяруулан, дэрээ нэвчтэл уйлуулж, ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн эжий, аавтай минь уулзуулж, сэтгэлийн гүнд хаа ч юм нуугдсан тэртээх он жилүүдийн нарийн нандин бүхнийг буцаан авчрах түүний аялгуу, бүтээлүүд… 

Түүний сод бүтээлүүдийг сонсоогүй монгол хүн, дэлхийд данстай хөгжмийн зохиолч үгүй. Гэтэл “Миний бүтээлүүдийн хувьд их тоглогдсон доо” гэж тэр даруухан хэлдэг. Нобелийн шагнал гардуулах ёслолын концертод аугаа түүний л “Хэрлэнгийн домог” эгшиглэсэн. 

‘Манан’. Ухаарал хайрласан энэ бүтээл ертөнц, хүн хоёрын нарийн нандин шүтэлцээ, төрж, өсөх, өтлөх гурван цагийн хэмжээс дэх амьдралын утга учрыг яруу сайхнаар өгүүлсэн гэлтэй. Эрэмгий, шийдэмгий нүүдэлчид хаа ч юм бэ, намхан бор толгод дээр холыг бараалан ширтэн суухдаа хорвоо дэлхийн явдал учрыг тунгаан суугаа ч юм шиг. 

Бидний эвдэрсэн сэтгэлийг эмчилж, шаналсан зүрхийг илааршуулж, бодол сэтгэлд бахархал, харууслыг давхцуулан гэгээрүүлэгчийн эмнэлгийн орон дээр гунигтайхан мушийсан зураг өнөөдөр энд тэндгүй хэсүүчилж явна. 

“Чингис хаан” дууриараа үүх, түүх, өвөг дээдсийн цапиг, түүхийг сонгодог урлагтай нягт зангидаж монголчуудад жишиг тогтоож, “Мартагдсан дууль” киноны хөгжмөөрөө өрх толгойлон амьдралын эсрэг ганцаараа сөрж, ядруухан амьдарч буйн эмэгтэй хүний сэтгэлийг мэдрүүлнэ…

Харуй бүрий шөнөөр хүүхдээ унтуулчаад ширээнийхээ өнцөгт шанаа тулан сууж, нулимс хургасан нүдээ арчих ч тэнхэлгүй үрсийнхээ хойчид санаа зовон суугаа залуухан бүсгүй ч харагдах шиг. Ертөнцийн хатуу, ширүүн, нүүр бууруулсан хорвоогоос ангижирч, ангиргүй буйдхан тал нутгийнхаа зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л амьдармаар санагдана. Энэ түүний онгод… 

“Үхэж үл болно, Чингис хаан”-ы бүтээлүүд нь өөр өөрийн гэсэн онцлог, мэдрэмжийг төрүүлэх ч эцэстээ хэдэн мянган жилийн түүхт үндэстэн угсаатныхаа ариун тэмцэл, ялалтыг магтан уянгалуулсан гэлтэй. “Бөртэ хатан”. Хатуу ширүүн эрсийг эмэгтэй хүний уяхан, мяндсан ухаан хэрхэн сэхээрүүлж, овгоос улс болгодгийн чанадын ухааныг таниулж, хүйн холбоо, харилцан шүтэлцээт амьдрал гээчийг сануулан уянгална. 

Аугаа Б.Шаравыг хэзээ ч өвдөхгүй мэт бид санаж явжээ. Хүн гэгч ийм л өчүүхэн. Өдөр бүхэн уран бүтээлийг нь телевиз, радиогоос сонсдог хэр нь тэрхүү хүний сэтгэлийг эмчлэгчид хүнд өвчнөө ялан дийлэхэд мөнгө дутсаныг төдийлөн анзаарсангүй. Дэргэдэх эрдэнээ жинхэнэ эрдэнэ мэт үл тоож үргэлжид хувьсан өөрчлөгдөх хуурмаг төрд, ойлгоогүй хэр нь чамирхлаар гадны бүхнийг шүтэгч төрийн түшээдэд харин сэтгэл дутав. Амьдрал он цагаар бус утга учраараа хэмжигддэг гэх мэргэн үг чухамхүү одоо ч орой руу орох шиг. Түүнд одоо л бидний тус хэрэг болжээ. 

Б.Шарав гуай “Их ядарч, сэтгэлээр унасан үед нь хань болох учиртай. Миний “Сэтгэлийн эгшиг”-ийг болбол тийм үедээ л хүмүүс их сонсдог гэж боддог. Тийм учраас хөгжмийг зүгээр нэг биш, үнэн сэтгэлээсээ л бичих ёстой” гэж нэгэнтэй хэлсэн юм. Яагаад ч юм түүний “Сэтгэлийн эгшиг” хорвоогийн мөнх бус, энэрэх, ухаарах, бясалгах, бусдыг хайрлахыг заах шиг. Холын тэртээх бодлыг эрхгүй санагдуулан, залуу насны алдаа, оноо, гэнэн томоогүй хүүхэд нас, эмээгийн зөөлөн илбэх гарыг ч сануулах шиг. 

Тэрбээр “Миний хийх гээд байгаа хамгийн гол зүйл гэвэл монгол хүний авъяасыг үзүүлэх. Монгол хүн авъяастай гээд яриад яваад байх бол нэг хэрэг. Тэрийг батлахын тулд хийж, харуулж таниулах ёстой биз дээ. Тэгэхээр нэгэнт хийчихсэн байгаа бүтээл, их бололцоог дэлхий дахинд харуулъя л даа” гэж холын бодлоо хуваалцдаг. 

Энэ эгэлгүй эрхэм бусдын адил гомдоллож, байгаа нийгмээ хараан зүхээгүй. Харин ч эсрэгээрээ нийгмийн гажиг сэтгэл зүйг эдгээхээр өөдрөгөөр туурвигч нэгэн. 

Тиймээс ч “Монгол орон бадартугай” хэмээн симфони удиртгал зохиолоо бичсэн… Сэргэн мандаж, иргэд нь инээмсэглэл, эрч хүчээр дүүрэн алхаж, ирээдүй хойч маань доголон нулимсгүй дуу, шуугиантай өсөн торних тийм гэрэлт ирээдүйг хүсэн туурвисан.

Б.Шарав “Залхуу л талын хүн л дээ. Гэхдээ хөгжмийн тал дээр залхуурдаггүй л гэж боддог. Тэгэхээр лав залхуу хүн биш, залхуу хүн биш ээ… Гэхдээ тийм ч нямбай хүн бас биш ээ. Хөгжимд л их дуртай хүн дээ, би” гэж өөрийгөө тодорхойлсон. Тийм ээ, тэр залхуу хүн биш. Залхуу хүн “Чингис хаан” дуурийг, ‘Ононд хатаагдсан илд’, ‘Алтан ураг’ зэрэг 4 бүжгэн жүжгийг, гурван ч симфони, 26 киноны нүсэр хөгжим, 30 дан хөгжмийн хэлбэрийн бүтээл, 11 төгөлдөр хуурт зориулсан бүтээл, 22 романс, 300 нийтийн дуу, 13 номоо хэвлүүлнэ гэж үү?! 

Эрдэнээр эрдэнээр уйлавч 
Эргэж олдохгүй ээж минь 
Алтаар алтаар хайлавч 
Ахиад олдохгүй аав минь…
гэж бас л түүний бүтээл. 

Хэрэвзээ уран бүтээлчийг, бүтээлийг нь, ур чадвар, утга учрыг илүү үнэлдэг тэр ертөнцөд байсан бол Б.Шарав Hans Zimmer-ээс ч илүү чинээлэг, ихийг бүтээсэн байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэр улсынхан Б.Шаравыг л чадна гэж, сонгодог хөгжмийг хөөмийтэй хослуулан дуурь бичиж өгөөч гэж түүнээс л гуйдаг юм. Ядуу Монголд төрсөн дэлхийн дайтай уран бүтээл туурвисан түүнд хоосон магтаал бус бодит тусламж өнөөдөр хэрэг болжээ. Түүнийг цаг тухайд нь үнэлээгүй, суутнаа гуйлгачин амьдруулдаг нийгмийг хараан зүхнэм. 

Тийм ээ, дахиад олдохгүй суутнаа бид сэргээж, дахин хөл дээр нь босгож ахин дахин аугаа уран бүтээлийг нь туурвиулж, “Сэрсэн тал” шиг сэрж мэдрэх нь хамгаас сайхан биш гэж үү? Монголчуудын сэрж мэдрэхүйг сэрээхэд өөрийн биеэ харамгүй зориулан зүтгэсэн түүний ачийг одоо л хариулах цаг болжээ. Б.Шарав шавхагдах хаа ч байсан. Бурханаас харамлаж, босгоцгоохгүй бол бид хожим харамсаад ч барахгүй нүглийг хожмын үеийнхээ өмнө үлдээх буй за.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж