Л.Бор: Ашигт малтмалын хууль иргэдийн эрхийг булааж, уул уурхайг хяналтгүй болгосон

Хуучирсан мэдээ: 2017.08.02-нд нийтлэгдсэн

Л.Бор: Ашигт малтмалын хууль иргэдийн эрхийг булааж, уул уурхайг хяналтгүй болгосон

Л.Бор: Ашигт малтмалын хууль иргэдийн эрхийг булааж, уул уурхайг хяналтгүй болгосон

“Их, Бага Баяншарга” ТББ-ын тэргүүн Л.Бортой ярилцлаа. 

-Танай ТББ-аас эрдэс, баялгийн тухай хуулиуд иргэдийн заяагдмал эрхийг булаалаа гэж удаа дараа мэдэгдэж ирсэн. Ямар үндэслэлээр ингэж үзэж байгаагаа тодруулна уу?

-Үндсэн хуулийн зургадугаар зүйлд Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэж заасан. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т тусгай зөвшөөрлийг орон нутгаас 30 хоногийн дотор хариу ирүүлсэн ч, эс ирүүлсэн ч зөвшөөрсөнд тооцно гэж хуульчилсан. Газрын тос, ураны зөвшөөрлийг олгоход Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл шийддэг учраас орон нутгийнхан зөвхөн танилцах л үүрэгтэй. Ингэж Үндсэн хуулиар ард түмэнд олгогдсон эрхийг төр хууль гарган булааж авсан. Эрдэс баялгийн салбарын эдгээр хуулиуд нүүдэлчин ард түмний олон үеэрээ амьдарч аж төрсөөр ирсэн унасан газар, угаасан усаа мэдэх, хамгаалах заяагдмал эрхийг хассан.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 болон 26.5,27.1-д зааснаар хайгуулын хугацаа 12, хадгалах нь 10, ашиглалтын хугацаа 30 жил, сунгалт нь 20 жил+20 жил нийтдээ 92 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр өгчихдөг. Ингэхдээ нэг га газраа ширхэг бохины үнэ хүрэхгүй \АМТХ- 32.2 \ ердөө 250-1000 төгрөгөөр үнэлэн нэг компанид өгөх тусгай зөвшөөрлийн тоог хязгаарлахгүй,нэг тусгай зөвшөөрөлд 400. 000 га хүртэлх талбайг олгодог.Үүний уршгаар нэг компани хэд хэдэн аймаг сумдын нутагтай тэнцэх хэмжээний том газар нутгийг эзэмших болж,нүүдэлчид бэлчээрийн нутаг усаа алдсаар, амьдрах эрх нь зөрчигдсөөр байдаг ч Монголын төр огт тоодоггүй.

Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцээгүй эрдэс баялгийн хуулиудын энэ мэт ноцтой заалтуудаас болж бидний үр хүүхдэд өвлөгдөх газар нутаг, байгалийн баялаг 92 жилээр Канад, Хятад, Америк, Орос гэх мэтчилэн харийн улсын иргэд, тэдний үр хүүхдийн эзэмшлийнх болчихсон. Өнөөдөр төрсөн та бидний ач, гуч 92 настай болох хүртэл 4-5 үеэрээ бусдад боолчлогдохоор байна. Гэтэл биднийг сонсдог төр, шаардлагыг маань ойлгож хүлээж авдаг эрх баригчид алга. Өнөөдөр “Алтан Дорнод” компани л гэхэд алтны 45 орд, МАК алтны 25 орд эзэмшдэг. Оюутолгойн ордын анхны эзэмшигч Фрийдланд л гэхэд “Бид Монголд Итали, Японтой тэнцэх 135 000 ам.метр газар нутаг эзэмшдэг. Грэйсбэргд 35 жил, Эскондидод 25 жил өрөмдөж олох орлогыг хоёрхон жилд оллоо” гэж 2005 онд Лондонд болсон уул уурхайн хөрөнгө оруулагчдын хурал дээр гайхуулан ярьсан байдаг. Ашигт малтмалын тухай хуулиар нэг хүнд баялгийг хязгаарлахгүй эзэмшүүлэх эрх олгосноор баян, хоосны ялгаа эрс нэмэгдэж, ардчилал шударга ёсны үнэт зүйлүүд алдагдаж, өнөөгийн нийгмийн гажуудлын шалтгаан болсон.

Газар нутгаа 92 жилийн хугацаатай харийнханд \ихэнх нь хятадууд\ эзэмшүүлж байгаа нь улс орон тусгаар тогтнолоо алдах аюулд хүргэнэ. Малчид газар нутгаа өгөхгүй гэж тэмцлээ гэхэд хөрөнгөө хамгаална гэж Хятад улс цэргээ оруулж ирэх магадлалтай. Энэ гашуун үнэнийг төрийнхөн мэдэж байгаа ч хувийн шуналаа хазаарлаж чадахгүй байна.

-Уул уурхай дахь хяналт өнөөдөр ямар түвшинд байна? 

-Ашигт малтмалын газар зөвхөн тусгай зөвшөөрөл тараах л үүрэгтэй, хянах үүрэг байхгүй шүү дээ. Уул уурхайн яам гадаадын заавар зөвлөмжөөр ийм бодлого явуулж байдаг. Мэргэжлийн хяналтын байцаагчдыг том уурхайнууд тоохгүй. Орон нутгийн удирдлага хуулиар олгогдсон хяналт тавих эрхээ хэрэгжүүлдэггүй. Ингэж баялгийн жинхэнэ эздийг мэдээлэлгүй, эрх мэдэлгүй болгосноор газар нутгийг эзэнгүйдүүлэн төрийн ч, орон нутгийн ч хяналтгүй болгосон. ОҮИТБ Санаачлагын тайлангаас харахад уул уурхай улсын төсвийн 40 орчим хувийг бүрдүүлдэг гэвэл үүний 50 хувийг Монголын саалийн ганц үнээ “Эрдэнэт” үйлдвэр зарим жилд 400-750 тэрбум төгрөг оруулж өнөөдрийг хүртэл улс орныг чирч ирсэн. Гэтэл ашиглалтын зөвшөөрөлтэй бусад 1700 уурхай “Эрдэнэт” шиг байсан бол улс өрөнд орохгүй байсан. Монголын хэрэгцээ шаардлага маш бага учраас хэдхэн том уурхай байхад л хангалттай гэдгийг өнөөдөр амьдрал нотолж байна.

-Хууль, зарчим ярихаар хөрөнгө оруулагчид дайжна гэлцдэг. Өөр ямар гарц, шийдэл байвал зохистой бол?

-Хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрлийг ямар ч хяналтгүй, замбараагүй тарааснаар хөрөнгө оруулагчид Монголын хөрсөн доорх хөндөгдөөгүй баялгийг үнэгүй эзэмшиж “нөөцийг нь тогтоосон орд” болгож олон улсын банк, санхүүгийн байгууллага болон хөрөнгийн биржийн барьцаанд тавьж хувьцаа гарган хэдэн зуун сая тэрбумаар хэмжигдэх ам.доллар олж бялуурч байдаг. Тухайлбал, “Рио Тинто” компани Оюутолгойн ордыг барьцаалж Дэлхийн банкны нэг хэсэг болох Олон улсын санхүүгийн корпорациас 2.2 тэрбум ам.доллар босгосон. Дорнод аймгийн Батширээт сумын нутаг дахь Бугантын давааны ордыг Merites Minerals Ltd гэгч Канад улсад бүртгэлтэй компани барьцаалан Канадын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж 80 сая ам.доллар олсон гэх мэдээллүүд хэвлэл мэдээллээр цацагдсан. Харамсалтай нь үүнийг манай төр огт мэдэхгүй, хянах чадвар хууль эрх зүйн орчин ч байхгүй. Ашигт малтмалын тухай хуулийн арваннэгдүгээр зүйлийн 11.1.24-т хувьцаа гаргаж буй этгээдийг бүртгэдэг болно гэсэн утгатай хөөрхийлөлттэй ганц заалтыг 2014 онд нэмж оруулсан байдаг. Гэсэн ч Их хурлаар баталсан Ашигт малтмалын тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.5-д “Газрын доорх баялгийг өөрийн хөрөнгөөр ухаад гаргаад ирсэн этгээдийн өмч” гээд хуульчилснаар Оюутолгойн ордоос ашиг олох байтугай өрөнд орчихсон шүү дээ.

Оюутолгой дээр жишээ авч энгийн үгээр тайлбарлахад, манай төр, засаг газар доорх баялгаа ухаж олсон этгээдэд нь үнэгүй өгчихөөд түүнээс 34 хувийг нь мөнгөө төлөөд эзэмшиж байгаа юм. Монголын талын хөрөнгө оруулалт гэх энэ 34 хувийн мөнгө байхгүй болохоор Оюутолгойн ордыг эзэмшигчээс хүүтэй мөнгө зээлж ингээд ашиг олох байтугай дааж давшгүй өрөнд орсон. Гэтэл энэ хуулийнхаа заалтыг өөрчлөхгүй “Олон улсад “Free miner” гэж ийм зарчим байдаг” гэж манай хууль санаачлагчид, эрх мэдэлтнүүд зүтгээд байдаг. Бусад стратегийн том ордуудаа ч “Free miner” \өөрийн баялгийг ухаад олсон этгээдэд үнэгүй өгөх\ гэдэг зарчмаар гэрээ хэлэлцээр хийж Оюутолгойн орд шиг дааж давшгүй өрөнд орох юм байна л даа. Үүнийгээ эрх баригчид “Хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлсэн” гэж гавьяа байгуулсан мэт 20 гаруй жил ярьж ирлээ. Монгол Улс өрөнд орж, ард түмэн ядуурсан учир шалтгааны эх сурвалж энэ хуульд л байгаа юм. Үүнийг та бүхэн бодоод үз дээ, өөрийн гэсэн мөнгөгүй хөрөнгө оруулагчид гэгч этгээдүүд зах зээлийн мэдлэгээ ашиглаад Монголын баялгийг ломбардын барьцаа болгож, тэрбум тэрбумаар тоологдох хөрөнгө олоод, жинхэнэ баялгийн эзэнд ямар ч татвар төлбөр төлөхгүй, харин ч олон улсын зарчим, хувьцаа босгодог ийм хууль дүрэм байдаг гэж “тархи угааж” үүнийгээ Монгол Улсын хуульд суулгаад өгчихсөн байгаа юм. Эрдэс баялгийн салбарын хуулиудыг ингэж гадаадын захиалгаар үйлдвэрлэж, түүнийхээ шан харамжийг бялууртал хүртдэг Их Хурлын гишүүн нэртэй дархлагдсан бүлэг луйварчид байна. Жирийн ард түмэн хувьцаа бондын нарийн учрыг мэдэхгүй ч энэ баялаг биднийх, бидний үр хүүхдэд өвлөгдөх баялгаас ашиг хүртэх эрхтэй гэдгийг хар ухаанаар сайн мэднэ. Хүчтэй нь буурайгаа барьж иддэг энэ аймшигт нийгэмд мэдэхгүй, мэдлэггүйдээ золиос болж, монголчууд даанч ихийг амсч ядуурлаа. Дуусашгүй баялаг гэж байх биш, гадаадыханд хязгаартай хямгатай эзэмшүүлэхийг төрөөс хүчтэй шаардаж, шахах хэрэгтэй.

-Сүүлийн үед төрийн харилцаа шилэн болж, тусгай зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авдаг болсон. Энд хяналт байна уу? 

-Тусгай зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авдаг болгосноор Монголын баялгийг эзэмших “алаан” болж өдөрт 3000 өргөдөл ирж, сүлжээ нь ачааллаа даахгүй гацаж байсан шүү дээ. Ер нь хар ухаанаар бодсон ч газар нутаг баялаг гэдэг хүссэн бүхэнд интернэтээр тараагаад байх “бүтээгдэхүүн” мөн үү. Гадаадын ямар этгээд тусгай зөвшөөрөл авч буйг тэр нь мафи,террорист ч юм уу, хэн бэ гэдгийг судалж хянах чадвар манай төрд байхгүй нь гашуун үнэн.

-Монголын газар нут¬гийн 50 хувь нь лиценз хэл¬бэрээр гадны мэдэлд ор¬сон гэлцдэг. Нарийн тоо-цоо, судалгаа байна уу?

-Монголын нутагт одоогоор 3863 орчим тусгай зөвшөөрөл олгогдчихсон байна. Зөвхөн Сүхбаатар аймагт гэхэд л 127 тусгай зөвшөөрөл олгогдсоны 58 нь олборлолт хийх, ураны 13, газрын тосны таван компани хайгуул хийх зөвшөөрөл авч газар нутаг нь 100 хувь тусгай зөвшөөрөлд хамрагдчихсан байна.

Ихэнх аймагт 94-487, сумдад 30-40 орчим алт, зэс, жонш, нүүрсний гэх мэт тусгай зөвшөөрөл олгогдож, говийн бүсэд талыг там болгон “шороон түйрэн” босгож өмнөд хил рүү баялгаа 20 гаруй жил өдөр шөнөгүй зөөж өөрсдөө ядуурлаа. Тээвэрлэлтийн замд дайн болж буй Ирак шиг өдөр бүр эрдэнэт хүний амь нас үрэгдэж байна. Бид баялгийн жинхэнэ эзэд атлаа аймагтаа, сумандаа, баг бригаддаа байгаа тахилга шүтээн бүхий уул ус, рашаан булаг, баян бүрдийнхээ газрын дээрх, доорх баялгийг энэ дэлхийн хаанахын сайн муу, худалч хулгайч, тонуулчид тэнүүлчид, тэрбумтан, террорист гэх мэт хэн гэдэг этгээд аваад ямар мөнгө олоод байгааг мэдэхгүй 20 гаруй жил харанхуй явж ирлээ. Зөвхөн зөвшөөрөл өгдөг албан тушаалтан, улстөрчид л мэдэж, ашиг хүртэж баяжаад байдаг. Ядаж аймаг сумдад хэрэгцээгээ хангах өөрийн мэдлийн ганц ч нүүрсний уурхай алга. Хятадын эзэмшлийн юм уу, эсвэл УИХ-ын баян гишүүдийн аль нэгийнх нь компаниас нүүрс царайчлан өвлийн хахир улиралд гал алдан суух, эмнэлэгт нь эм тариа хүрэлцэхгүй, хүүхэд нь цэцэрлэг сургуульгүй, уух ус, бэлчээр нутгаа бу¬лаал¬гаж, арга ядахдаа зарим нь “нинжа” болчихож байх жишээтэй. Уул уурхайгаас ашиг хүртээд амьдрал дээшилнэ гэсэн горьдлого тасарчээ. Сонгууль дөхөхөөр хайр зарлаж ирдэг Их хурлын гишүүдээс уул уурхайн тусгай зөвшөөрлийг нэмж битгий олгоорой гэж хоолой зангируулж, нулимс дуслуулж гуйгаад ч нүүдэлчин малчид тусыг олсонгүй.

-Ард түмний нэрийг барьж хууль санаачилж, батлуулж харийнханд үйлчилдэг гэлээ. Ямар хууль, тогтоомжийг нэрлэх бол?

-Ерөнхийлөгч, УИХ-ын олигархи гишүүд эдийн засгийн алуурчдын захиалгаар АН-ын Засгийн газар /2014.07.01-нд/ УИХ-аар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон хуулийг цуцлан 94 өөрчлөлт оруулж, газар нутгийнхаа 30 хувьд нэмж тусгай зөвшөөрлийг цахимаар олгох Дэлхийн банкны төслийг хэрэгжүүлсэн.

2016 онд МАН-ын Засгийн газар тусгай зөвшөөрлийн тоог 2-3 дахин цөөлнө гэж сонгуулиар амласан.Гэвч бас л газар нутгийн 20.9 хувьд одоогийнхоос хоёр дахин нэмж 1.6 сая га-талбайд олгохоор Засгийн газрын тогтоол гарчээ. Үүний 20 сая орчим га-г сонгон шалгаруулалтаар,13 сая га талбайг өргөдлөөр олгох гэнэ. Монголын ард түмний амьдрал хувь заяа ямар хэцүү байгааг, угаасаа хуримтлалгүй ард түмэн орон сууц гэх мэт банкны элдэв өр зээлийн дарамтанд орж байгааг, байгаль орчин сүйрч байгааг, уул уурхай орон нутгийн иргэдийн уух ус, бэлчээрийг булааж буйг ердөө ч ярихгүй байж, тэрбум тэрбумаар олоод байгаа хөрөнгөнөөс сохор зоос ч татвараар авч чадахгүй байж хөрөнгө оруулагчид “хөөрхий”тэдэнд таатай орчин бүрдүүлж байна гэж тоть мэт 20 гаруй жил бахираад тэдний л төлөө хууль баталсаар байдаг. Хэрэв орон нутгийнхан газар нутгаа мэдэх эрхтэй байсан бол Сүхбаатар аймгийнхан Дарьгангын байгалийн цогцолборт газартаа, Эрдэнэцагаан сумынхан Зотол хайрхан ууландаа, Дорноговийхон Данзанравжаагийн энергийн төвдөө уран ухахыг зөвшөөрөхгүй нь мэдээж. Энэ чинь бидний өвөг дээдсийн халуун амь бүлээн цусаараа хамгаалж ирсэн, олон зуу, мянган жилийн тэмцлийн үр дүнгээр өвлүүлж үлдээсэн үнэ цэнэтэй газар нутаг баялаг шүү дээ.

Бид эх орон ард түмнийхээ эрх ашгийн эсрэг хууль баталдаг УИХ-ыг хазаарлан зогсоож чадахгүй бол, хуулиар булаагдсан заяагдмал эрхийнхээ төлөө тэмцэж, баялагтаа эзэн болж чадахгүй бол нүүдэлчид, бэлчээрийн мал аж ахуй мөхнө. Ингээд Америкийн Индианчууд, Австралийн Аборгенчүүд, Канадын уугуул иргэд шиг хувь заяа нь хаясан хөөрхийлөлтэй боолчууд болж цөөхөн монголчууд мөхөх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж