“Гомбоохой” муур эзнээ алдах шахжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.02-нд нийтлэгдсэн

“Гомбоохой” муур эзнээ алдах шахжээ

“Гомбоохой” муур эзнээ алдах шахжээ

“Пума Империал” зочид буудлын цахилгаан шат унаж, хүн бэртсэн мэдээлэл өчигдөр /2017.08.01/ цагдаагийн байгууллагад ирсэн байна. Тус зочид буудлын 17 давхарт байрлах ресторанд хоол идчихээд гарч явсан найман хүн цахилгаан шатанд сууж явжээ. Тэдний хоёр нь хөлдөө хүнд гэмтэл авсан бөгөөд бусад нь нуруу, тархиндаа доргилт аваад байгаа аж. Уг ослын талаар цахилгаан шатанд сууж явсан иргэн Г.Мөнхболдоос утсаар холбогдож, мэдээлэл авсан юм. Г.Мөнхболд нь фэйсбүүкт олон мянган дагагчтай Гомбоохой муурны эзэн юм. 

-Сайн байна уу? Таны бие гайгүй юу?

-Миний нуруу, тархи доргилттой байгаа. Бид хүчтэй унасан учраас нуруу, хүзүү, тархинд даралт өгөөд, өвдөж байсан. Бид гэмтлийн зэрэг тогтоолгохоор өчигдөр /2017.08.01/ цагдаа, шүүх эмнэлэг, Гэмтэл согог судлалын төвөөр явсан. Одоо гэртээ байна.

“Пума империал” зочид буудлын цахилгаан шат унаснаас болж, хүн гэмтэж бэртсэн гэсэн мэдээлэл байна. Өчигдөр /2017.08.01/ яг хэдэн цагийн үед цахилгаан шат унав?

-Би хэсэг найзуудтайгаа өчигдөр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн ард талд байрлах “Пума империал” зочид буудлын 17 давхарт байрлах ресторанд хоол идчихээд, доошоо буусан юм. Зочид буудлын цахилгаан шатанд есөн хүн суух лимиттэй байсан. Бид цахилгаан шатанд наймуулаа суусан. Биднийг цахилгаан шатанд суухад ямар нэгэн даац хэтэрсэн дохио дуугараагүй. Бидний багцаагаар 15:40 цагийн орчимд тав, дөрвөн давхраас доошоо шууд унасан л даа. Тэгээд л хоёр, гурван минутын дараагаар гаднаас нь хаалгыг хөшиж, бид нэг давхар руу авирч гарсан. Биднийг унахад тусгай дохио дугардаг юм билээ. Бас бид дотроос нөгөө цахилгаан шатанд суусан найзууд руугаа утсаар залгаж, хэлсэн.

-Зочид буудлын цахилгаан шатанд найман хүн явсан гэлээ. Цахилгаан шатанд суусан хүмүүс хэр бэртэл, гэмтэл авсан бэ?

-Цахилгаан шатанд нэг эмэгтэй, долоон эрэгтэй хүн байсан. Манай нэг найз бөөлжөөд, хоёр хүний хөл нь хүнд бэртсэн байсан. Яагаад гэвэл цахилгаан шатанд сууж явахдаа нэг хөлөө амраагаад, нэг хөл дээрээ ачаалал өгчихсөн зогсож байсан юм.

-Хөл нь хүнд бэртсэн хоёр хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа юу?

-Хөл нь хүнд бэртсэн хоёр хүн эмнэлэгт хэвтээгүй л байна. Процедур нь их төвөгтэй юм билээ. Бид эхлээд цагдаагийн байгууллага дээр очиж, шүүх эмнэлгт үзүүлэх бичиг аваад очсон чинь “Гэмтэл согог судлалын үндэсний төвд оч” гэсэн. Гэмтэл дээр очсон чинь “Бид гэмтлийн зэргийг тодорхойлдоггүй” гэсэн. Буцаад шүүх эмнэлэг очоод дугаар авч, цагдаагийн байгууллага дээр очиж эмчилгээ хийлгэх бичиг аваад тэр бичгээ тухайн зочид буудал юм уу цахилгаан шатны компани эмчилгээний төлбөрийг даана гэсэн хэлцэл хийж байж, эмчилгээ хийлгэх ёстой юм билээ

-Та бүхэнтэй зочид буудлын удирдлагууд болон цахилгаан шатны компанийнхан уулзсан уу. Ядаж уучлалт гуйсан биз дээ?

-Цахилгаан шат унах үед зочид буудлын удирдлагууд ирж, уулзаагүй. Биднийг эвдэрсэн цахилгаан шатнаас гарч ирэхэд зочид буудлын решепш нь “Цахилгаан шатны даац хэтрүүлсэн байна” гэж загнасан. Бид одоо яах вэ гэсэн чинь “Мэдэхгүй. Энэ асуудлыг цахилгаан шатны компанитайгаа л ярь” гэж хандаж байсан.

Миний ойлгосноор тэр цахилгаан шатны компани нь иймэрхүү осол аваар олон гарч байсан юм билээ. Цаашдаа тус компанийн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээг авна гэдгийг мэргэжилтнүүд нь хэлж байсан. Ер нь энэ цахилгаан шатны асуудал ямар ч хариуцлагагүй, тогтмол хяналт шалгалтгүй байгаа нь харагдсан.

Хүмүүсийн ярьж байгаагаар энэ зочид буудлын цахилгаан шат өмнө нь бас гацаж байсан гэж сонсогдсон. Манай улс ихэвчлэн БНСУ-аас хуучин цахилгаан шатаа авдаг бололтой. Бас байнгын үзлэг шалгалт хийгддэггүй учраас ийм асуудал гараад байна . Хэрвээ бидний суусан цахилгаан шат даац хэтэрсэн бол дохио өгөх ёстой. Нөгөө цахилгаан шатанд зургаан хүн суухад даац хэтэрсэн гэсэн дохио дуугарч, хоёр нь буусан гэсэн. Ер нь өндөр барилга байгууламжийн цахилгаан шатны даацын хэмжээг багасгах ёстой гэж бодогдсон. Би өөрөө АНУ-д олон жил амьдарсан хүн. Америкт цахилгаан шатны гацсан тохиолдолд 500 кг-ын даацтай цахилгаан шатыг 300, 400 кг даацтай болгож, бууруулдаг байх жишээтэй.

-Таны Гомбоохой муур сошиалд алдартай. Таныг тэр муурны эзэн гэж зарим нь мэдэхгүй ч байж магадгүй. Олон дагагчтай муураа танилцуулаач?

-Би Гомбоо муураа бүр зулзага байхад нь Америкийн Нью-Йорк хотын гудамжнаас олсон. Тэгээд муураа хаяж чадахгүй Монголдоо аваад ирсэн юм. Гомбоо маань ирэх арваннэгдүгээр сард дөрвөн нас хүрнэ. Одоо гурван нас гарантай. Муурны маань бүтэн нэр нь М.Гомбосайхан гэдэг, эр муур л даа.

Би өчигдөр цахилгаан шатнаас унаад шөнийн 01:00 цагт гэртээ очсон. Тэгсэн муур маань эрхэлж, наалдаад босохгүй байсан. Бас мэдэрсэн л байх даа. Гомбоо Америкт өссөн болохоор англи хэлтэй. Англи хэлээр яривал сайн ойлгоно. Монгол хэлийг сайн ойлгохгүй байгаа.

А.Сүрэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж