Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх сургалт өчигдөр /2017.08.01/ үдээс өмнө Хэнтий аймгийн төв Чингис хотод зохион байгуулагдсан бол мөн өдрийн үдээс хойш 13.00 цагаас 17.00 цагийн хооронд хоёрдугаар шат буюу хэлэлцүүлэг өрнөлөө. Хэлэлцүүлэгт сургалтад хамрагдсан хүмүүс болон иргэдийн төлөөлөл оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцсэн юм.
Төслийн талаар иргэдийн саналыг авах хэлэлцүүлгийг нээж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Л.Батсайхан хэлсэн үгэндээ “Улсын хэмжээнд хэлэлцүүлэг үндсэндээ 3 үе шаттай зохион байгуулагдана. Аймгийн ИТХ-ын 51 дүгээр тогтоолоор 29 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулсан. Энэ Ажлын хэсэг сумдуудад чиглэл өгсөн. Сумдууд 15 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгээ байгуулж, сургагч багш нараа бэлтгээд орон нутагтаа хэлэлцүүлэг зохион байгуулах үүрэгтэй. 09 дүгээр сарын 05-ны дотор улс, орон нутгийн хэмжээнд хэлэлцүүлгийг зохион байгуулж, 09 дүгээр сарын 10-ны дотор саналын дүнг нэгтгэн хүргүүлэх ёстой. Өглөө зохион байгуулагдсан сургалтад 13 хүн үг хэлж, 26 асуудлаар санал, асуулт тавьж, хариулт авсан байгаа. Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийг нээснийг мэдэгдэж байна” гэв.
Хэлэлцүүлэг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн үндсэн зургаан сэдвийн хүрээнд өрнөлөө.
Сэдэв тус бүрийн танилцуулгыг Байнгын хорооны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн хийж, хэлэлцүүлэг ямар дэгийн дагуу явагдах талаарх мэдээллийг оролцогчдод өгсөн юм.
Иргэд сонирхсон асуултаа асууж, хариулт авсны дараа саналаа хэллээ. Тухайлбал төсөлд тусгагдсан Улсын Их Хурал, Засгийн газрын хяналт-тэнцлийг хангах сэдвийг иргэд дэмжиж, тэдний олонх нь Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлдөг байх нь зөв хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байсан юм. Харин баг, хороо, тосгоны Засаг даргыг хот болон сум, дүүргийн Засаг дарга томилдог байх нь буруу гэсэн санал хэлж байв.
Энэ үеэр Бат-ширээт сумын иргэн Н.Мэндсайхан, АНУ-ын Үндсэн хуулийг харахад хүчтэй, тогтвортой хууль гэж боддог. Цаашид энэ мэт нэмэлт, өөрчлөлтийг оруулаад байх уу, эсвэл тогтвортой гар хүрээд байхгүйгээр чамбай Үндсэн хуультай байх уу гэсэн асуудал хөндөгдөж байна. Ерөнхийлөгчийн эрх үүргийг хязгаарлах тухай ярьж байна. Үүний оронд Зөвлөлдөх санал асуулга явуулах үеэр хөндөгдөж байсанчлан Улсын Их Хурлын өргөтгөсөн хуралдаанаас сонгодог болох асуудлыг нэмэх нь чухал байна хэмээгээд түүний саналыг төсөлд тусгах боломжтой, эсэхийг тодруулж байсан юм.
Ингээд асуулт асууж, хариулт авсны дараа оролцогчид саналын хуудас бөглөлөө. Хэлэлцүүлэгт үдээс өмнө болсон сургалтад хамрагдсан хүмүүс дээр аймгийн иргэд нэмэгдэж, нийт 434 хүн оролцлоо.
Иргэдээс гаргасан бүх саналыг нэгтгэн 2017 оны 09 дүгээр сарын 10-ны дотор Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх юм. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдийн саналыг авах сургалт, хэлэлцүүлэг Сүхбаатар аймагт үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
Холбоотой мэдээ