Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг улс орон даяар хэлэлцэж эхлээд байна. Есдүгээр сарын 5-ныг хүртэл үргэлжлэх хэлэлцүүлгийн үр дүнд Үндсэн хуульдаа ямар ямар өөрчлөлтийг хэрхэн оруулах вэ гэсэн ард олны санал тодорхой болох юм. Эцэг хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухайд, тодруулбал өөрчлөлт оруулах цаг хугацаа мөн эсэх, энэхүү өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах эсэх зэрэг асуудалд УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг энэ удаагийн VS буландаа онцолж байна.
Л.Болд
УИХ-ын гишүүн
2000 онд Ардын нам Их хуралд 70-уулаа байхдаа Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтийг хийж өнөөдрийн хуулиас гажуудаж, хэрэгжилт маш хэцүү болсон цаг үеийн зовлон бэрхшээлийн үүдийг нээсэн. МАН дахиад 65-уулаа болж Их хуралд орж ирэнгүүтээ дахиад Үндсэн хуулиар оролдож эхэллээ. Ойрын ирээдүйд дахиад ийм давамгайлсан байр суурьтай байх нь бага учраас одоогийн эрх барьж буй хүч бололцоогоо буруугаар ашиглах вий гэсэн болгоомжлол тал талд байгаа. Энэ удаагийн Их хурал Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцүүлэг, болох, болохгүй асуудлыг удирдаж хөтлөөд явж болно.
Гэхдээ ханцуй шамлаж ороод өөрсдийн эрх ашигт нийцүүлж мөнхийн олонх байх гэсэн явцуу боломжгүй эрх ашгийн төлөө зориуд хуулийн өөрчлөлт хийх нь зохимжгүй. Мөн Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан энэ үед сөрөг хүчний намаас гарсан Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах боох гэсэн сонирхолтой. Өөрөөр хэлбэл, ард түмнээсээ сонгуулийн өшөө авах хэрэгсэл маягаар Үндсэн хуульд халдах буюу нэг ёсны тайван замын төрийн эргэлт хийх гэж байна. Үүнийг Ардчилсан нам төдийгүй эрүүл саруулаар сэтгэдэг хэн бүхэн эсэргүүцэж байгаа. Эсэргүүцэх ч ёстой.
Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтөөс болж төрийг хямраасан олон асуудал бий болсон. Давхар дээл, Их хурлын гишүүдэд хариуцлага тооцох, парламентад ажиллах чадамж гээд маш олон зүйл бий. Ардчиллын суурь зарчмууд долоон өөрчлөлтөөр хөндөгдсөн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Н.Энхболд
УИХ-ын гишүүн
Шинэ Үндсэн хуулиа батлаад 25 жил боллоо. Муу хууль гэж хэлэхгүй. Үүргээ сайн гүйцэтгэсээр ирсэн. Гэхдээ ямар ч улсын Үндсэн хууль нийгмийн хөгжил, үүсэн бий болж буй нөхцөл, шаардлагаас хамаараад өөрчлөгддөг. “Үндсэн хуулийг анх боловсруулагчдын бүрэн тооцоолж чадаагүй сорилттой ч тулгардаг” гэж ч үздэг л дээ. Энэ мэт шалтгаанаас болоод Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй байна гэсэн санал, санаачилга нэлээд эртнээс гарсан.
Олон жил ярилаа шүү дээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын гишүүд л гэхэд 2000 оноос хойш дөрвөн удаа өргөн мэдүүлсэн. Иргэд, улс төрийн намууд ч санал, хүсэлтээ илэрхийлсээр ирсэн. Тэгэхээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал Монголын нийгэм, нийт олны захиалга гэж үзэх үндэстэй. “Яагаад заавал одоо гэж” хэмээхийн тухайд бол аль нэг парламент үүнийг хийж л таарна.
Хамгийн сүүлд буюу АН засгийн эрх барьж байхдаа, 2015 онд уг асуудлыг нэлээд идэвхжүүлснийг та санаж байгаа байх. Энэ парламент хэл амнаас айгаад “Бид больё оо” гэх юм бол дараа дараагийнх нь яах вэ. Шүүмжлүүлэхгүй, нэр цэвэр байя гэвэл цаг хугацаа л алдана. Хугацаа алдахын хэрээр асуудал ужгирна. Томоор харвал Монгол Улсын ирээдүйн хувь заяа, хөгжил дэвшилтэй холбоотой асуудал шүү дээ.
Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн өөрчлөлт шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих гэсэн санаархал гэсэн хардлага байгаа ч төслийг Ерөнхийлөгчийн сонгуулиас бүр өмнө боловсруулсан. Хэн Ерөнхийлөгч болох нь тодорхойгүй байсан шүү дээ. Тэгэхээр энэ хардлага ор үндэсгүй хардлага.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин
Холбоотой мэдээ