-Энэ он гарсаар Энэтхэгт 67 тариаланч амиа хорлосон байна-
Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал газар тариалангийн салбарт хүндээр тусч эхэллээ. Гэтэл дэлхийн нийт хүн амын 50 хувиас илүү нь хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллаж байна. Хэдийгээр Энэтхэг улс эдийн засгийн өсөлтөөр Хятадыг гүйцэж түрүүлэхэд ойр ирсэн ч сүүлийн саруудад нүүрлэсэн ган гачгийн улмаас газар тариалангийн салбар нь хүндхэн байдалд оржээ. Тэр ч бүү хэл ургац алдаж, өрөнд орсон тариаланчид амиа хорлох нь нэмэгдсэн байна. Энэ он гарсаар Энэтхэгт 67 тариаланч амиа хорлосон байна. Энэтхэгт ган гачиг нүүрлэснээс иргэд ундны усаа 10 хоногт нэг удаа авч байгааг хөдөө тосгодын иргэд ярьжээ. Үр тариа боловсрох саруудад Энэтхэгт хэт халснаас иргэд ургац алдаж байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 2050 он гэхэд Энэтхэгийн агаарын дундаж температур Цельсийн гурван градусаар нэмэгдэхийг эрдэмтэд анхааруулжээ. Агаарын хэм нэмэгдэхийн хэрээр ган гачиг нүүрлэж, салхи шуурганы хүч ихсэх аж. Энэтхэгийн 1.3 тэрбум хүн амын талаас илүү хувь нь газар тариалан эрхлэн амь зуудаг. Гэвч сүүлийн 30 жилд газар тариалан эрхлэлт буурсаар байна. Газар тариалан Энэтхэгийн ДНБ-ын 30 хувийг эзэлж байсан бол өдгөө дөнгөж 15 хувийн хувь нэмэр оруулах болжээ. ДНБ-д эзлэх хувь хэмжээ буурч байгаа ч ХАА нь одоо ч хамгийн том эдийн засгийн салбар хэвээрээ бөгөөд Энэтхэгийн нийгэм эдийн засгийн хөгжилд голлох байр суурийг эзэлдэг.
Энэтхэгийн тариалан эрхлэгчид Засгийн газраас дэмжлэг тусламж хүсч, үр тарианы үнийг нэмэгдүүлэхийг шаардан жагсаал хийх нь элбэгшжээ. Түүнчлэн ус зөөвөрлөх системийг боловсронгуй болгож, ган гачгаас хамгаалах механизм бий болгохыг Засгийн газраасаа шаардаж байна. Амин зуулга нь халуун наранд шатсан Энэтхэгийн өмнөд нутгийнхан хүний гавал барин жагсаж, тэдгээрийг амиа хорлосон тариаланчдын шарил гэжээ. Тэд жагсаалаа Шинэ Дели хотын төвд 100 өдрийн суулт, жагсаалаар үргэлжлүүлэхээ ч мэдэгдсэн байна. Тариаланчид бол Энэтхэгийг тэжээж буй хүмүүс гэдгийг жагсагчид онцолжээ. Харин Энэтхэгийн засгийн газраас тариаланчдыг санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлж даатгалд хамруулах хуулийг саяхан санаачилсан байна. Энэтхэгт өнгөрсөн онд бороо хур хэвийн хэмжээнд, агаарын температур харьцангуй тогтвортой байсан ч 11458 тариаланч амиа хорложээ.
Б.ТУЯА
Холбоотой мэдээ