Гадны хөрөнгө оруулагчид Монгол руу эргэн харах болжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.01-нд нийтлэгдсэн

Гадны хөрөнгө оруулагчид Монгол руу эргэн харах болжээ

Гадны хөрөнгө оруулагчид Монгол руу эргэн харах болжээ

-Хөрөнгө оруулах улс орны жагсаалтаас Монголыг хасчихаад байсан бол оны эхнээс түүхий эдийн үнэ өссөний дээр ОУВС хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр хүлээн зөвшөөрсөн нь тэднийг эргэж харахад хүргэсэн болов уу. Энэ нь Хөгжлийн банкны бондыг Засгийн газрын бондоор солих үед харагдсан. Хөрөнгө оруулагч нар цөөнгүй орж ирж, захиалга өгсөн-

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяртай эдийн засгийн өнөөгийн байдлын талаар ярилцлаа. 

-Эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээл дээр өсч, түүнийг дагалдан Монголын компаниудын хувьцааны ханш ч гадны биржүүд дээр дээшилж байгаа сурагтай. Энэ мэт мэдээллүүд эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх үү?

-Хонконгийн Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй ММС компани үйл ажиллагааныхаа тайланг саяхан гаргасан. Тус компанийн мэдээлснээр олборлолт болоод экспортын хэмжээ нь өнгөрсөн онтой харьцуулахад 180 хувьд хүрсэн байгаа. Үүнтэй зэрэгцээд тухайн компанийн Хонконгийн хөрөнгийн бирж дээрх хувьцаа 20 хувиар өссөн. Энэ мэт нааштай мэдээллүүд байна.

Хэдийгээр хүмүүс уул уурхайн олборлолт, ашиглалтыг элдвээр буруутгаж хараагаад байгаа ч Монгол Улс бол яалт ч үгүй уул уурхайн орон. Тавдугаар сарын макро эдийн засгийн мэдээллээс харахад нийт экспортын 82 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Тэгэхээр бид уул уурхайн салбарыг зүхэж суухынхаа оронд олон валютаа хэрхэн зөв ашиглах, юунд зарцуулах вэ, цаашид яаж илүү орлого олох вэ гэдэг гаргалгааг бодох ёстой. Тавдугаар сард чулуужсан нүүрсний хил дээрх үнэ 69 ам.долларт хүрсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 129 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Ийм таатай цаг үеийг яаж ашигтайгаар харах вэ гэдэг л хамгаас чухал юм.

-Эрдэс баялгийн үнэ ханш өсч буй боломжийг монголчууд бид хэрхэн ашиглах боломжтой вэ. Урьд нь дэлхийн зах зээл дээрх эрдэс баялгийн үнэ өссөн сайхан цаг үед орлого олж, ашиг нэмэгдсэн ч алсын хараатай зарцуулж чадаагүй гашуун туршлага бий. Тэр замыг тойрох гарцыг хэрхэн харж байна вэ?

-Эдийн засгийн хувьд урт хугацааны бодлого хэрэгтэй байна. Зөвхөн эдийн засагт ч гэлтгүй манай улсын бүхий л салбарт урт хугацааны бодлого үгүйлэгддэг. Гал унтраах байдлаар ажиллаж, аливаад хоноцын сэтгэлээр хандаж байна. Гэнэт татвар бий болгох, шинээр хууль гаргах, хэлсэндээ хүрэхгүй эргэж буцах байдлаар гадаадын хөрөнгө оруулагчдаа үргээсээр байгаа өнөөгийн дүр зургаар цааш явах боломжгүй юм. Урт хугацааны бодлого зайлшгүй хэрэгтэй.

Манай улс дотооддоо хуримтлал багатай. Тиймээс гадны хөрөнгө оруулалтгүйгээр хөгжихгүй. Үүнийг татахын тулд улс төрийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч тогтвортой бодлоготой байж гэмээнэ хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх юм. Бидний экспортолж буй нүүрс, төмрийн хувьд объемоор тээвэрлэдэг бүтээгдэхүүнүүд. Гэтэл бид төмөр замаа барьж байгуулж чадахгүй өнөөдөртэй золгоод байна.

-Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоог тэргүүлдэг хүний тань хувьд асуух зүйл байна. Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн арилжааны банкуудын хадгаламжийн хүүнээс таван хувийн татвар авч эхэлсэн. Ингэснээр хөрөнгийн зах зээл тэлэх боломж нээгдэнэ гэж зарим эдийн засагч үзэж байсан. Нөлөөлөл ажиглагдав уу?

-Би дахиад л бодлого ярих нь. Хөрөнгийн зах зээл /ХЗЗ/-ийг өргөн утгаар нь урт хугацаанд хөгжүүлэх бодлого өдгөө алга. Салбарын хэмжээний бодлого хэрэгтэй болохоос ганц хоёр шийдвэр гаргаад хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхгүй. Таны тодотгон асуугаад байгаа шийдвэр ч гал унтраах төдий л зүйл. Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ноос ХЗЗ-ийг 2025 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулаад Сангийн яам, УИХ-д өргөн барьж буй юм билээ. Энэ баримт бичиг батлагдаад аль нэгэн нам хүчин, эрх ашигт баригдалгүй ягштал биелүүлээд явбал илүү үр дүн гарна.

Хадгаламжийн хүүгийн орлогод таван хувийн татвар ногдуулсан нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь гарцаагүй. Засгийн газрын бонд гаргахаас эхлээд таатай нөлөө бий. Гэхдээ манайхан хуримтлал багатай учраас хүчтэй нөлөөлнө гэж бодохгүй байна.

-ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдсанаар ХЗЗ-д ямар нэгэн нөлөө үзүүлсэн үү?

-ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаар манайхыг орхиод гарчихсан гадаадын хөрөнгө оруулагчид манай улс руу нэг удаа эргэн харсан болов уу гэж бодож байна. Хөрөнгө оруулах улс орны жагсаалтаас Монголыг хасчихаад байсан бол оны эхнээс түүхий эдийн үнэ өссөний дээр ОУВС хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр хүлээн зөвшөөрсөн нь тэднийг эргэж харахад хүргэсэн болов уу. Энэ нь Хөгжлийн банкны бондыг Засгийн газрын бондоор солих үед харагдсан. Хөрөнгө оруулагч нар цөөнгүй орж ирж, захиалга өгсөн.

Дотоодын хөрөнгийн зах зээл дээрх Засгийн газрын бондын арилжаанд ч гадныхны оролцоо нэмэгдсэн. “ING” олон улсын банк болон Солонгосын хөрөнгө оруулагч нар Засгийн газрын бонд авах болсон. Гадаадын хөрөнгө оруулагч нар хамгийн түрүүнд Засгийн газрын бонд худалдан авдаг. Учир нь Засгийн газрын бонд бол хамгийн найдвартай үнэт цаас юм. Энэ мэт эерэг нааштай үзүүлэлт ОУВС-ийн хөтөлбөрийн дараа гарсан.

Цаашид хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулах эсэх нь төр засгийн бодлого, хамтын ажиллагаанаас ихээхэн хамаарна. Манай улс саяхан Ерөнхийлөгчөө сонголоо. Шинэ Ерөнхийлөгч, эрх баригч нам, Засгийн газрын хамтын ажиллагаа аль зүгт чиглэхээс их зүйл шалтгаална. Хоорондоо ойлголцож, хамтран ажиллах эсэхээс гадны хөрөнгө оруулалт ч хамаарна, эдийн засгийн өсөлт бууралт ч хамаарна. Маш чухал цаг үеийн босгон дээр бид зогсож байна. Зөвхөн гадныхан гэлтгүй дотоодод ч хүлээлт их байна.

-Ард иргэдийн дунд уул уурхайн ашиглалт олборлолтыг дэмжихээсээ буруутгах нь олонх байдаг. Байгаль экологид хортой, ашиг шим нь хүн бүрт хүртдэггүй гэхчилэн сөрөг мэдээлэл их бий. Энэ жилийн ган гачгийг л гэхэд уул уурхайн нөлөө гэх хүн олон таарч байна?

-Хүмүүс уул уурхайн олборлолт, ашиглалтыг буруутгах гол үндэс нь салбарын хувьд бодлогогүйн дээр баялгийн хуваарилалт тэгш бус байгаатай холбоотой. Ухаж буй хүмүүс л баяжаад байна гэсэн хардалт түгээмэл байдаг. Баялгийн хуваарилалтыг зөв явуулах, шударга хуваарилах гарц нь ХЗЗ-ийн хөгжил юм. Эрдэнэс Тавантолгойн хувьцааг ард иргэдэд ижил тэнцүү хуваарилсан нь маш зөв арга байсан боловч өнөөдрийг хүртэл 1072 хувьцаа амь ороогүй нь харамсалтай. Эрдэнэс Тавантолгойн хувьцааг яагаад Хөрөнгийн бирж дээр арилжаалахгүй байгаа юм бэ, яагаад энэ компанийн үйл ажиллагааг нээлттэй болгохгүй байгаа юм бэ, ногдол ашиг яагаад өгөхгүй байна вэ гэхчилэн маш олон асуулт гарч ирж байна.

-ХЗЗ бол хямралыг боломж болгодог гэж та хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байсан. Яаж боломж болгон хөгжүүлнэ гэсэн үг вэ?

-2009 оны хямрал бидэнд том сургамж болсон. Ганц банк давамгайлсан санхүүгийн зах зээл явахгүй нь гэдгийг ойлгосон. Хамгийн түрүүнд ард иргэд өөрсдөө ойлгосон, аж ахуйн нэгжүүд ч, улстөрчид ч ойлгосон. Маш өндөр хүүтэй зээлд иргэд бухимдаж байна. Гэтэл арилжааны банкуудтай өрсөлддөг хөрөнгийн зах зээл нь өнөө хэр хөгжөөгүй байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд бухимдалтай байгаагийн шалтгаан арилжааны банкны өндөр хүү. Тиймээс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхээс аргагүй байна. ХЗЗ-ийн хөгжил чухал гэдгийг бүгд ойлгосон болохоор энэ салбарыг хөгжүүлэх бодлогын баримт бичгийг яаралтай батлах хэрэгтэй байна. Баталчих байх гэж найдаж байна.

Банкны салбарыг 25 жил татвараар дэмжсэн. Тэгэхээр ХЗЗ-ийг ч мөн татварын таатай нөхцөлөөр дэмжих бодлого гарч ирнэ, хувьцаат компаниудад дэмжлэг үзүүлнэ гэж хүлээж байна.

-Яг одоо ХЗЗ-ийн нөхцөл байдал ямар байна вэ. Өмнөх жилүүдээс дээрдэж байна уу?

-Өмнөх хэдэн жилтэй харьцуулахад байдал бага зэрэг сайжирч байна. Хөрөнгийн биржээр арилжаалагдаж буй компаниудын үнэлгээ өсч байна. МХБ-д бүртгэлтэй жижиг Тавантолгойн үнэлгээ гэхэд хоёр дахин нэмэгдлээ, хувьцааныхаа ногдол ашгийг тараадаг боллоо, АПУ ХК л гэхэд бүтцийн өөрчлөлт хийж эхлээд байна. Саяхан Сүү ХК хөрөнгийн зах зэлээс зургаан тэрбум төгрөг босгож чадлаа.

Нөгөөтэйгүүр, зах зээлийн оролцогчид хоорондоо маш сайн хамтран ажилладаг боллоо. Урьд нь бүгд тус тусдаа амбиц хөөн ажиллаж байсан бол өнөөдөр хамтдаа нэг зүгт харан ажиллахаар болоод байгаа нь маш том давуу тал юм. Цаашид ямарваа нэг асуудал дээр мэргэжлийн байгууллагад хамтран шийдвэр гаргаж, хэлэлцэхээр болж байгаа нь маш том дэвшил. Сангийн яам, СЗХ-ны хувьд ч бидэнтэй ажиллахад амар байх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж