Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын захиргааны байр нуржээ. Тодруулбал өнгөрөгч долдугаар сарын 27-ны өдрийн өглөө хоёр давхар модон барилга нэг давхрын таазнаасаа нуралт үүссэн байна. Барилга нурсны улмаас тус сумын нэг мэргэжилтэн хөнгөн бэртжээ.
Энэ талаар Цэнхэрмандал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга А.Мөнх-Оргил ярихдаа “Сумын захиргааны барилгыг нутгийн мужаанууд 1970 онд барьсан юм билээ. Захиргааны байр нурснаар төрийн албан хаагчид гурван гэр барьж, иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа. Гэрт иргэд тав тухтай сууж, санал хүсэлтээ илэрхийлэх зай талбай багатай л байна. Уг нь хуучин ёслолын арга хэмжээнд хэрэглэж байсан том гэрүүд юм. Өмнө нь 2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ байранд үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Тэрнээс хойш энэ байраа чөлөөлөхийг холбогдох байгууллагууд шаардаж байсан ч өөр байр байхгүй, төсөв мөнгөгүй гэдэг үндэслэлээр үйл ажиллагаагаа явуулж байсан” гэв.
Одоогоор барилгын үйл ажиллагааг зогсоож, байрыг шуурхай чөлөөлсөн гэдгийг албаныхан хэлж байлаа.
А.Сүрэн