Ерөнхийлөгчөөс бүсээ гардсан жүдочид

Хуучирсан мэдээ: 2017.08.01-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчөөс бүсээ гардсан жүдочид

ОХУ-ын Красноярск хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн олон улсын тэмцээн болж, Оросын мужууд болон Монгол, Узбекистаны жүдочид өрсөлджээ.

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ

Монголын жүдо бөхийн холбооны дэргэдэх Монголын жүдо академи 2009 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Тус академийн бүс гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2017.08.01/ Спортын төв ордны жүдогийн танхимд боллоо. 

Өсвөрийн жүдочдод бүс гардуулах арга хэмжээнд Монголын жүдо академийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон хүндэт багш, дасгалжуулагч, эцэг, эхийн төлөөлөл оролцлоо. 

Ерөнхийлөгч Х.Баттулга дараах үгийг хэлсэн юм. 

“Сайн байна уу хүүхдүүдээ. Монголын жүдо академийн зорилго бол хүүхдийг багаасаа ёс суртахуунтай болгоход, тэвчээртэй, хүмүүжилтэй болгоход их нэмэр болдог. Мөн орчин үеийн сошиал ертөнцөөс хол байлгах, цагийг зөв зохистой өнгөрүүлж, спортын зааланд үр дүнтэй байлгахад анхаардаг юм. Өнөөдөр академийн бүс гардуулах арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна. Академийнхаа багш нар, хүүхдүүддээ амжилт хүсье” гэсэн юм. 

Энэ удаагийн жүдо академийн бүр гардуулах үеэр 66 өсвөрийн жүдочид бүсээ гардан авлаа. 

Анхлан суралцаж байгаа сурагчид гурван сар хичээллэсний дараа цагаан бүсний шалгалтыг өгдөг байна. Үүний дараа шар, улбар шар, ногоон цэнхэр өнгийн бүсний шалгалтыг өгч өөрийн ур чадвараа ахиулдаг аж. Харин улсын аваргаас медаль хүртсэн жүдочид хар бүсийг авдаг байна. 

Монгол жүдо академийн бүс гардуулах үеэр цагаан бүс авсан өсвөрийн тамирчдын сэтгэгдлийг сонслоо. 

ТАМИРЧИН БОЛОХ ХҮНИЙ ХӨДӨЛМӨРЧ ЗАНГ СУРАЛЦАЖ БАЙНА

Б.Очирбат /Нийслэлийн 113-р сургуулийн сурагч, 9 настай/

Би жүдогийн академид таван сар суралцсан. Энэ хугацаанд сунгалт, дасгал гээд олон дасгалыг хийсэн. Би өөрөө энэ спортыг сонгосон. Аав, ээж минь зуны амралтыг үр дүнтэй өнгөрүүлэхэд зориулж намайг дэмжсэн байгаа. Намайг академид явсны дараа ах /Б.Доржбат/ маань бас явах болсон. Цаашид суралцах болно. 

Ш.Ариунмөнх /Нийслэлийн 45-р сургуулийн сурагч, 9 настай/

Ах маань жүдогийн академид явж байгаа. Нэг удаа ахынхаа бэлтгэл дээр ирсэн. Тэгээд би хичээллэх сонирхолтой болсон. Олон охид хичээллэж байгааг хараад урамшсан. Одоо шар бүсний шалгалтаа өгөөд амжилттай тэнцсэндээ баяртай байна. Цаашид тамирчин болохоор шийдсэн. Намайг жүдогоор хичээллэхэд аав, ээж маань маш сайн дэмжсэн байгаа. Тийм учраас би жүдогийн бэлтгэлдээ явах дуртай болсон. Энд явснаар их олон зүйлийг сурч байна. Тамирчин болох хүний хөдөлмөрч занг суралцаж байна. Зуны амралт үр дүнтэй өнгөрлөө. Цаашид жүдогоор хичээллэх болно. 

Монголын жүдо академи энэ жил найм дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Спортын төв ордны “В” зааланд байрлах жүдогийн академи өглөө, өдөр гэсэн хоёр ээлжээр ажиллаж байгаа аж. “Тэмүүлэл”, “Мөнхийн үсэг” гэсэн хоёр салбартай бөгөөд одоогоор 400 гаруй суралцагчид суралцаж байгаа юм.

Өнөөдөр анхлан болон бүсээ ахиулах шалгалтаа амжилттай өгч цагаан, шар, улбар шар бүсээ Ерөнхийлөгч Х.Баттулгаас авсан олон жүдочид тамирчин хүний хөдөлмөрч зангаас суралцаж байгаагаа хэлж байв. Мөн Монгол улсын нэрийг олимп, дэлхийн аваргад дуурсгаж байгаа тамирчдынхаа өмнөөс академийн багш нар талархаж байгаагаа энэ үеэр дуулгалаа. 

Жүдо академийн тамирчдын эрхэмлэх таван уриа: 

  1. Багш болон ахмад үеэ хүндэлнэ
  2. Өрсөлдөгчөө болон багийн хамт олноо хүндэлнэ
  3. Жүдо бөхийн ёс жаягийг чандлан биелүүлнэ
  4. Сайн тамирчин, сайн хүн болохын төлөө бүх хүч чадлаа дайчилна
  5. Хулгай хийж, худлаа ярихгүй гэсэн уриатай аж. 

Ч.БОЛОР

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж