Үндсэн хуульд нэмэлт оруулах төслийн хэлэлцүүлэг Хэнтий аймагт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.08.01-нд нийтлэгдсэн

Үндсэн хуульд нэмэлт оруулах төслийн хэлэлцүүлэг Хэнтий аймагт эхэллээ

Үндсэн хуульд нэмэлт оруулах төслийн хэлэлцүүлэг Хэнтий аймагт эхэллээ

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулсан тайланг үндэслэн Зөвлөлдөх зөвлөлөөс УИХ-д гаргасан зөвлөмжийн дагуу Ажлын хэсгээс боловсруулсан төслийг бүх нийтээр хэлэлцүүлэхээр болсон. Энэ талаар УИХ-ын 39 дүгээр тогтоол гарч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан Ажлын хэсгийг байгуулсан билээ.

Тогтоолын дагуу УИХ-ын Тамгын газраас 7 баг гаргаж, 07 дугаар сарын 31-нээс эхлэн 21 аймаг, 9 дүүрэгт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар сургалт явуулж, хэлэлцүүлэг хийж эхлээд байна.

Өчигдөр (2017.07.31) эхний баг болох /цаашид “төсөл хэлэлцүүлэгч” гэх/ Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос эхний сургалт, хэлэлцүүлгийг Баянхонгор аймгийн төв Баянхонгорт зохион байгуулсан юм.

Ингээд хоёр дахь баг болох УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Ц.Борхүүгээр ахлуулсан УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр (2017.08.01) Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх сургалт, хэлэлцүүлгийг Хэнтий аймгийн төв Чингист зохион байгуулж байна.

Энэ үйл ажиллагааг 2 үе шаттай зохион байгуулж байгаа юм. Өглөөний 09.00 цагаас үдийн 12.00 цаг хүртэл үргэлжилсэн сургалтад аймаг, сум, багийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга, багийн Засаг дарга, ажлын хэсгийн гишүүд хамрагдлаа. Тэд цаашид сум, багтаа сургалт, хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зохион байгуулна.

Өглөө эхэлсэн сургалтыг нээж аймгийн Засаг дарга Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба хэлсэн үгэндээ “Тулгуур Үндсэн хуулиа батлаад 20 гаруй жил боллоо. Энэ хугацаанд дордуулсан гэж яригддаг долоон өөрчлөлтийг эс тооцвол өөрчлөлт оруулаагүй. Өнөөдрийн сургалт, хэлэлцүүлэгт иргэдээ олноор оролцуулахыг зорьж байна. Энд саналаа өгсөн иргэдийн тоо бусад аймгуудаас илүү байгаасай гэж хүсч байна” гэв.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Гантулга үг хэлсэн юм. Тэрбээр “Нийгэм, эдийн засгийн том өөрчлөлтийг хийхийн тулд Үндсэн хуулиндаа тодорхой өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл тогтолцооны хувьд өөрчлөлт хийх шаардлага бий. Эцэг хуульд өөрчлөлт оруулаагүйгээс болоод УИХ, Засгийн газар тодорхой шийдвэр гаргах бололцоо алга. Жишээлбэл, хэт улстөржилт, төрийн албаны тогтворгүй байдал, Ерөнхийлөгч, УИХ-ын давхацсан эрх үүрэг гээд олон тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд ард иргэдийн саналыг авах нь чухал” хэмээн онцолсон юм.

Дараа нь Байнгын хорооны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулгыг хийлээ.

Танилцуулга хийгдсэний дараа дэгийн дагуу хуулийн төсөлтэй холбогдуулан сургалтад оролцогчид сонирхсон асуултаа асууж, асуултад Ахлах зөвлөх П.Амаржаргал хариуллаа.

Асуулт, хариулт дууссаны дараа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар саналын хуудас бөглүүлэн, бичгээр санал авах ажлыг явууллаа.

Ийнхүү сургалт өндөрлөлөө. Үдээс хойш 13.00 цагт сургалтад хамрагдсан хүмүүс болон иргэдийн дунд хэлэлцүүлэг явагдана хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж