Жуулчид Чингисийн музей хүсэж байна

Хуучирсан мэдээ: 2017.08.01-нд нийтлэгдсэн

Жуулчид Чингисийн музей хүсэж байна

Жуулчид Чингисийн музей хүсэж байна

Жуулчдын аяллын хөтөлбөрт багтах хамгийн чухал газар музей. Ялангуяа “Үндэсний” гэх тодотголтой тухайн орны өв уламжлал, ёс заншлыг таниулсан үзмэрийг сонирхохоор хэдэн мянган бээр газрыг туулан ирдэг.

Аялал жуулчлалын улирал эхлэхэд “Монголын үндэсний музей” жуулчдын хөлд дарагддаг. Жилдээ дотоод, гадаадын 60-70 мянга гаруй жуулчид, иргэдийг хүлээн авдаг тус музей хосгүй үнэт болон үнэт гэсэн 56 мянга орчим үзмэртэй. Үүнийгээ 9 танхимд үе, үе сэлгэн нэг удаадаа 20 хувийг нь толилуулдаг аж.

Канад улсаас аялж ирсэн Вакас Юүсафзай болон түүний эхнэр Эмилигээс ямар үзмэр үзэх сонирхолтой байгаа талаар лавлахад “12-14 дүгээр зууны үеийн буюу Монголчуудын дэлхийг байлдан дагуулж байсан үеийн ёс заншлыг дэлгэрэнгүй харуулсан музей байвал их сайхан байна. Тухайлбал, Чингис хааны гэр бүл хэрхэн аж төрдөг байсан талаар болон эдэлж хэрэглэдэг байсан зүйлс их сонирхолтой. Мөн дайчдынх нь зэвсэг гээд дурдвал олон юм байна. Хамгийн гол нь дэлгэрэнгүй, тэр бүгдийг багтаасан музей хэрэгтэй гэж бодож байна” гэсэн юм.

Монголын үндэсний музейд өнөөдөр /2017.08.01/ ихэвчлэн Ази жуулчид цуглажээ. Тэд Чингис хааны талаар дэлгэрэнгүй судлах, таних хүсэлтэй байгаагаа хэлсэн. Мөн Солонгос жуулчид музейн гэрэлтүүлэг болон агааржуулалт муу байгаа талаар гомдоллов.

Музейн ажилтан энэ талаар “Барилга маань өөрөө хуучных учраас агааржуулалт муу байдаг нь үнэн” гэв.

Одоогоор тус музейд “Монголчуудын уламжлалт гар урлал” үзэсгэлэн тавигдсан байгаа бөгөөд үүний өмнө “Хадан гэрийн соёл” үзмэр дэлгэгдээд буужээ. Энэ мэтчилэн төлөвлөгөөний дагуу үзмэрээ байнга шинэчилдэг аж. Музейг сонирхох жуулчдын тоо өмнөх жилүүдийн хэмжээнд байгааг тус музейн Боловсрол олон нийт, маркетингийн албаны дарга Э.Баянмөнх хэллээ. Мөн “Бид жуулчдад зориулсан санал хүсэлтийн дэвтэр байршуулдаг. Үүнд ихэвчлэн биднээс шалтгаалахгүй гомдол байдаг. Жишээ нь, барилга үзэмж муутай, агааржуулалт асуудалтай гэх мэт. Харин дотоод үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байдаг” гэв.

Монголын үндэсний музей 1924 онд байгуулагджээ. Энд эртний чулуун үеэс өнөөг хүртэлх олон мянган жилийн Монголчуудын түүхэн олдвор, хосгүй бүтээлүүд хадгалагддаг аж.

Харин Чингис хаанаар “овоглодог” Монгол Улсын хувьд 13 дугаар зууны үеийн нөхцөл байдал, түүх дурсгалыг харуулсан томоохон цогцолбор музей нээх хэрэгтэй нь жуулчдын эрэлтээс ийн харагдлаа.

Төр хөрөнгө гаргаад цогцолбор музей байгуулчихвал Чингисийн Монголыг таниулахад ч ач холбогдолтой, тэр бүгдтэй танилцахаар дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид сая, саяараа ирэх боломж байна даа.

Г.Түшиг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж