Мадурогийн ялалт Венесуэлийг аврах уу?

Хуучирсан мэдээ: 2017.08.01-нд нийтлэгдсэн

Мадурогийн ялалт Венесуэлийг аврах уу?

Мадурогийн ялалт Венесуэлийг аврах уу?

Венесуэлийн Үндсэн хуулийн ассамблей ирэх наймдугаар сарын 2-ны өдөр парламентын ордонд анхны хуралдаанаа хийхээр төлөвлөж байна.

Үндэсний ассамблейн 545 гишүүнийг сонгох сонгууль энэ сарын 30-нд олон нийтийн эсэргүүцэл дунд болж өнгөрсөн.

Николас Мадуро Үндсэн хуулийн ассамблейн ажлын голлох чиглэлийг тодорхойлж өгчээ. Тэрбээр сөрөг хүчний парламентын зүгээс гаргаж буй хорлон сүйтгэх ажиллагааг ассамблей зогсоох хэрэгтэй. Мөн улсын тэргүүний үйл ажиллагааг өмнө нь шүүмжилж байсан төлөөлөгчдийг болон Ерөнхий прокурорын газрын бүтцийг дахин зохион байгуулах нь зүйтэй гэв.

Харин Венесуэлийн сөрөг хүчин эсэргүүцлийн хөдөлгөөнөө цаашид үргэлжлүүлэх болно гэдгээ илэрхийлсэн юм. Учир нь, Үндсэн хуулийн ассабмлейн сонгуулийн үеэр маш олон хууль зөрчсөн үйлдэл гарсан гэв. Үндэсний сонгуулийн зөвлөл сонгуулийн ирцийг 40.53 хувьтай гэж мэдээлсэн бол сөрөг хүчин сонгуулийн ирцийг 10 хувьтай байсан гэж үзэж байна.

Сөрөг хүчний удирдагчдын нэг Энрике Каприлес сонгуулийн өдөр ирц муу байгаа нь төр засагт санал авах цагийг сунгах боломж олдсон гэв. Сонгуульд нийтдээ 19.4 сая хүн оролцсон. Харин улсын хэмжээнд 14.5 мянган санал авах байр ажиллажээ. Үүний зэрэгцээ, сонгуулийн үеэр аюулгүй байдлыг 378 мянган хүчний байгууллагын ажилтнууд хангаж ажиллажээ.

Хэдийгээр Венесуэлийн төр сонгуулийн өдөр жагсаал цуглаан хийхийг хориглосон ч хүмүүс гудамжинд гарч, эсэргүүцлээ илэрхийлж байсан ажээ. Эмх замбараагүй байдлын улмаас 16 хүн амиа алдсан юм.

Ийнхүү Венесуэль улсад нөхцөл байдал улам хурцдаж байгаа ажээ. Улмаар энэ сарын 27-ны өдөр АНУ-ын Төрийн департментаас тус улсад үүрэг гүйцэтгэж буй дипломат ажилтнууд сонгуулийн өдөр болохоос өмнө амжиж гэр бүлийн хүмүүсээ нийслэлээс нь гаргахыг зөвлөв.

Николас Мадуро 2017 оны тавдугаар сард Үндсэн хуулийн ассамблейг хуралдуулах тухай зарлиг гаргасан. Энэ нь төр засаг болон сөрөг хүчний дунд мөргөлдөөн үүсгэжээ. Парламентын сонгуульд сөрөг хүчний “Ардчиллын нэгдмэл дугуй ширээ” нам олонх болсноос хойш буюу 2015 оноос хойш Венесуэлийн төр засаг ганхаж эхэлсэн юм.

Улмаар 2016 онд парламент Ерөнхийлөгч Мадурог огцруулах бүх нийтийн санал асуулга явуулах тухай санаачилга гаргав. Энэхүү санаачилгаа хэрэгжүүлэхийн тулд сөрөг хүчин ард иргэдийн саналыг авч эхлэв. Гэвч тэдний үйл ажиллагааг Венесуэлийн Үндэсний сонгуулийн зөвлөлөөс зогсоосон. Үүнээс гадна, 2017 оны гуравдугаар сард Ерөнхийлөгч Дээд шүүхийн эрх мэдлийг өөртөө авч, парламентыг тараахыг оролдож байсан ажээ. Энэ нь Венесуэлийн гудамжинд эсэргүүцлээ илэрхийлж байсан хүмүүсийн дургүйцлийн улам өдөөсөн явдал болов.

Николас Мадуро Үндэсний ассамблейг зарлан хуралдуулах нь Венесуэльд тогтвортой байдлыг бий болгоход тусална гэв.

Энэ ассамблей “Чавистуудын” хувьсгалын дараа буюу 1999 онд нэг удаа хуралдаж байсан. Тухайн үед тэд шинэ улсын үндсэн хуулийг баталж байсан гэв.

Сөрөг хүчин Николас Мудурог Боливарын хувьсгалын үнэт зүйлээс урвасан гэж буруутгаж байгаа. Харин Ерөнхийлөгч Мадуро энэ алхам бол Венесуэлийн асуудлыг шийдэх боломж гэж үзэж буй.

“Үндэсний ассамблейн хуралдаан – Венесуэлийн мөргөлдөөнийг энх тайвны замаар шийдэх, эвлэлдэн нэгдэх цорын ганц зам. Энэ зам маш амжилттай хэрэгжиж ирсэн. Энэ бол улс орны эв нэгдлийн итгэл найдвар” гэж Мадуро телевизэд өгсөн ярилцлагадаа дурдаж байв.

Долдугаар сарын дунд үед сөрөг хүчин өөрсдийн хүслээр бүх нийтийн санал асуулга зохион байгуулж, иргэдийг Үндсэн хуулийн ассамблейг хуралдуулах ерөнхийлөгчийн саналыг дүгнэхийг зөвлөж байв. Энэ үед ихэнх иргэд сөрөг хүчнийг дэмжиж байлаа.

31 сая хүн амьдардаг Венесуэль улсад сөрөг хүчний зохион байгуулсан бүх нийтийн санал асуулгад долоон сая иргэн оролцжээ.

Өмнө нь тус улсын ерөнхий прокурор Луиса Ортега Диас Венесуэль дэхь ардчилал ассамблейн хуралдааныг бүхэлд нь устгасан гэж мэдэгдэж байв. Мөн тэрбээр “Хэрэг явдал Үндсэн хуулийг өөрчлөхдөө бус харин түүнийг дагаж мөрдөхөд оршино. Ард түмний 90 хувь нь Үндсэн хуулийн ассамблейг эсэргүүцэж байна. Учир нь хүмүүс энэ ассамблей хямралыг шийдэж чадахгүй гэдгийг мэдэж байна” гэж El Comercio сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Мадуро 1999 онд бүх нийтийн санал хураалт зохион байгуулж байсантай адил өнөөдөр Үндсэн хуулийн ассамблейг хуралдуулах эсэх бүх нийтийн санал хураалт явуулахыг эсэргүүцэж байгаа учир сөрөг хүчин түүнийг зэмлэж байна.

Харин судлаачид “Улс төр, нийгэм, эдийн засгийн хямралтай үед Үндсэн хуулийн ассамблейг хуралдуулах нь тохиромжгүй. Өнөөдөр тус улс бие биетэйгээ тэмцэлдсэн хоёр хэсэгт хуваагдаад байна.” гэж дүгнэж байна.

Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар Үндсэн хуулийн ассамблейн хуралдааныг зохион байгуулах Николас Мадурогийн санаачилгыг гаднын хэд, хэдэн улс хэлэлцсэн байна. Хэрвээ Венесуэлийн төр сөрөг хүчинтэйгээ ойлголцолд хүрэхгүй бол Каракас өмнөд-америкийн худалдааны холбоо “Mercosur”- аас гарах магадлалтай гэв. Ойрын хугацаанд тус холбооны гишүүн орнууд энэ асуудлыг судалж эхэлнэ гэж Парагвайн Гадаад хэргийн сайд Эладио Лоисага мэдэгджээ. Энэ Венесуэлийн эдийн засгийн нөхцөл байдалд маш их сөрөг нөлөөтэй.

Үүнээс гадна, Вашингтон Каракасын эсрэг хориг арга хэмжээ авахаар бэлдэж байна. Тэд Венесуэльд түүхий газрын тос нийлүүлэлтийг хориглох асуудлыг судалж байгаа ажээ.

Венесуэль улс нүүрс устөрөгч экспортлогч том орон, мөн тэдний газрын тос нягтрал сайтай. Харин орон нутгийн эрчим хүчний компаниуд америкийн түүхий газрын тосоор өөрсдийнхөө нягтрал сайтай газрын тосоо шингэлдэг ажээ. Мөн АНУ Венесуэлийн газрын тосны гол импортлогч орон бөгөөд Боливарын бүгд найрамдах улсын экспортын 40 хувь нь АНУ-д оногддог.

Үүнээс гадна, Цагаан ордон Венесуэлийн хэд хэдэн албан тушаалтанд хориг тавихаар зэхэж байна. Ингэхдээ тэдгээр хүмүүсийг АНУ руу орохыг нь хориглох америк дахь банкны дансыг нь царцаах арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа юм.

Үүний зэрэгцээ, Венесуэлийн сонгуульд Мексикийн төр засаг дургүйцлээ илэрхийлжээ. Тэд Мадурог сөрөг хүчнийхэнтэйгээ яриа хэлэлцээний ширээний ард сууж, асуудлыг хэлэлцэн, ардчиллыг сэргээхийг уриалжээ.

Энэ төрлийн мэдэгдлийг Бразил, Аргентин, Колумб, Перу, Панама болон Коста-Рики Гадаад хэргийн яам Венесуэльд хүргүүлсэн байна.

Мөн Оросын гадаад хэргийн яам ч гэсэн энэ төрлийн уриалгыг Венесуэлийн засгийн газарт хүргүүлжээ.

Гэвч Венесуэль улс дээрх уриалгыг хүлээж авсангүй. Үндэсний ассамблейн хуралдааныг зохион байгуулах эсэх бүх нийтийн санал хураалт явуулсан нь тус улсад нөхцөл байдлыг улам дэвэргэв.

Хэрвээ Ерөнхийлөгч сөрөг хүчинтэй яриа хэлэлцээний ширээний ард суухгүй бол Венесуэлийг эмгэнэлт хувь тавилан хүлээж буйг шинжээчид сануулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж