Зам засаж эхэлсэн ч газраа татсангүй

Хуучирсан мэдээ: 2017.08.01-нд нийтлэгдсэн

Зам засаж эхэлсэн ч газраа татсангүй

Монголын хөрөнгийн бирж өчигдөр /наймдугаар сарын 20/ долоон компанийн нийт 197.326.642 төгрөгийн 80.381 ширхэг хувьцаа арилжжээ.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын гэрлэн дохиотой уулзвараас авто сургуулийн гүүр хүртэлх авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өчигдөр 23.00 цагаас эхлэн түр хугацаагаар хэсэгчлэн хааснаар өнөөдрөөс зам засах ажил эхэллээ. 

Орбитын уулзвараас-Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто зам барих ажлын хүрээнд ийнхүү 400 орчим метр замыг засах ажил эхэлж буй нь энэ юм. 

Өнгөрсөн жилээс эхэлсэн авто зам барих ажил хоёр дахь жилдээ үргэлжилж байгаа нь газар татах ажил хийгдээгүйтэй холбоотой. Ердөө хоёр байгууллага газраа татаж өгөөгүйгээс зам барих ажил ийн хоёр дахь жилдээ сунжирч байна. 

Хэдийгээр өнөөдрөөс дээрх хэсэгт зам барих ажил эхэлсэн ч шатахуун түгээх станц, хоёр давхар зочид буудлын эзэд газраа татаагүй хэвээр байгаа юм. Шатахуун түгээх станцын хувьд нүүнэ гэдэг тайлбарыг холбогдох газруудад өгсөн бол хоёр давхар буудлын эзэнтэй одоог болтол тохиролцоонд хүрч чадаагүй. Иймээс 400 метр замын ажил нэг далайлтаар бүрэн хийгдэж, ашиглалтад орно гэж хэлэхэд бэрх байна. 

Уг нь зам барихтай холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн Газрын алба болон холбогдох бусад газруудаас дээрх хоёр байгууллагад газраа тус, тус татах мэдэгдлийг өнгөрсөн жил хүргүүлжээ. Гэвч өнөөг хүртэл хүлээж авалгүй үйл ажиллагаа явуулсан хэвээр байгаа юм. 

Үүнээс болж, зам ч баригддаггүй, ойр орчмынх нь оршин суугчид хоёр жилийн турш амьсгалах агааргүй болтлоо цагаан тоос залгиж сууна. 

Нийслэлийн Засаг дарга өнөөдөр авто замуудын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцахаар болоод буй. Иймээс дээрх газарт очиж, газрыг нь татуулах арга хэмжээ авхуулахгүй бол дутуу дулимаг баригдсан авто зам хүлээж авч мэдэхээр байна. 

Уг нь нийтийн эрх ашгийн төлөө зам татах байтугай зам чөлөөлөх ажил ч хийгддэг. Ашиг олдог байгууллага битгий хэл хэдэн арван жил амьдарсан иргэд газраа чөлөөлөөд нүүх тохиолдол бий. Тухайлбал, Баянхошуу, Зурагт чиглэлийн авто замыг барихтай холбоотойгоор 20 гаруй айл газраа чөлөөлж, өгч байв. 

Гэтэл хоёрхон байгууллага газраа татахын төлөөнөөс луу унжсаар хоёр дахь жилийг авч байгаа нь нийслэлийнхэн ажлаа хийж чадахгүй байна уу, эсвэл хэн нэгнийх нь арын хаалганы хүмүүс ийн ажил чөдөрлөөд сууж байна уу гэдэг хардлага ч оршин суугчдад төрөөд байна. 

Иймээс хотын дарга нөхцөл байдалтай танилцаж, хаана нь ямар гацаа үүсээд байгаагийн учрыг олохгүй бол хоёр жил сунжирсан ажил дахиад ч ирэх жил үргэлжлэхийг үгүйсгэх аргагүй байна. 

Г.ХОРОЛ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж