Өнөөгийн монголчууд яг монгол уу?

Хуучирсан мэдээ: 2017.08.01-нд нийтлэгдсэн

Өнөөгийн монголчууд яг монгол уу?

Өнөөгийн монголчууд яг монгол уу?

Дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэ-чино, гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглажээ… хэмээн Нууц товчоо эхэлдэг болоод ч тэр үү, Чингис хааны,
-…Өшөөт дайснаас
Өршөөн аварч
Өнчин бидний
Өмөг болсон
Өндөр дээд
Бурхан халдун чамайг
Өглөө бүр мялааж байя!
Өдөр бүр тахиж байя!
Үрийн үрд
Үүрд тахиж
Үе татам
Үргэлж шүтье
хэмээн Чингис хаан зарлигдсанаас (“Нууц товчоо”-нд тэмдэглэснээр) болоод уу, Бурхан халдун уулыг ихэд шүтэх болж. Гэхдээ удаан мартагдсан уламжлал, үнэт зүйлсийг сэргээхдээ шинэ хэв маяг, донж, дүрэмтэй болгон гуйвуулж, заримдаа бүр утгыг нь алдагдуулан шал дэмий зүйл болгон хувиргана.

Үүний тод жишээ нь бид их хааныхаа зарлигийг биелүүлж байна гээд дархалсан уулыг нь хогийн цэг, бие засах газар, халдварт өвчний “голомт” болгочихоод байна. Бурхан Халдуны ёроолоор дүүрэн ялгадас. “Минжүүлсэн” талбайг тойроод гарч болох ч, дээрээс бөмбөг мэт бөмбөрөх бэл бэнчингээ биедээ “тохчихсон”, амнаас нь эхүүн “духи” ханхлуулсан залууст мөргүүлээд үлдвэл их юм. Доод тагтнаас эхлээд хог аятай хөглөрсөн ул боов, тогоог нь хальж асгарсан тос, сүү нь өвөлдөө мөсөн гулгуур болох бол дулааны улиралд хамар сартайлгаж, халдварт өвчний үүсгүүр болох нь энүүхэнд. Тахих бус түйвээсний жишээ. Өвөрмонголчуудаа ойртуулдаггүй өвчигнөдөг хэр нь өөрсдөө бузарлаж, гадаалах нь гутамшиг биш гэж үү?

Бид унасан газар угаасан усаа эрхэмлэн дээдэлж, бууриндаа очиж хөрвөөн хийморио сэргээж, хайрлан хамгаалж түүнийгээ хойч үедээ аман болон бичгээр уламжлуулж ирсэн арвин баялаг туршлагатай ард түмэн. Тиймээс ч буурь сэлгэн нүүж буй айл гэрийн бууриа цэвэрлэлгүй орхихыг цээрлэдэг цээртэй үндэстэн. Хог хаягдлаа оромгүй болгон цэвэрлэж нүүнэ.

Харин одоо бууриа битгий хэл буусан газраа хог, новш, хаягдал хоолоороо бузарлаад эргэж ч харалгүй явцгаана. Ичихгүй түүнийг нь хамгийн нэр хүндтэй нэгэн нь эсвэл харь элэгтнүүд цэвэрлэж дэлхийгээр нэг шившгээ зарлуулна.

Туулаас, Ерөөгөөс, Хараагаас, Өгийгөөс, Хөвсгөлөөс хүүхдүүд, жуулчид, алдартнууд тэдэн тонн хог цэвэрлэлээ гэж хэвлэлээр бишгүй гарна. Дараа жил, зун дахиад л тонн тонныг түүнэ.

Яасан ч дундардаггүй хог вэ. Сошиал ертөнцөөр ийм давалгаа улирлын чанартай гарч ирнэ. Үзэн ядна. Өөрсдөө цэвэрлэж байгаа зургаа оруулна. Бохирдуулсныг нь зүхнэ.

Магадгүй, түүний ачаар байгаль бузарлагчид багассаныг үгүйсгэхгүй. Гэхдээ наадмын урд өдрөөс эхлээд нүүдэлчин соёлоо санагалзан, чийгтэй байгаа тоостой хотоо орхиод хөдөөг бараадагсдын жимээр явбал жигшил, зэвүүцэл төрнө.

Аваад явсан хогоо ачаад ирж яагаад болдоггүй хорвоо вэ?

Жалга довны үзэл гаргаж, угаасан ус, унасан газар шороо минь гэж хөлчүүрхэн хэнтэй ч нударга зөрүүлэхэд бэлэн байдаг хэр нь бусад газраар явахдаа бусниулж, хог тарьж, гол бохирдуулж явдаг нь шинэ цагийн Монгол төрх.

Үржилгийн үед нь ан ав хийж, машинаараа дайрч, тоо толгойг хорогдуулж, мөхөж устгахад хүргэдэг алуурчдын төрхтэй хүмүүс л анчин гөрөөчний удам болчихсон яваа.

Аливаа амьтныг үс ноос нь гүйцээгүй, тарга тэвээргээ гүйцэд аваагүй үед нь агнадаггүй анчны ухааныг ан авд “а” ч байхгүй мань байтугай нь андахгүй.

Ингээд бодохоор өнөө цагийн бид уул, усаа хайрлан, лус савдгаа аргадсан нүүдэлчин Монголын удам мөн үү?

Сошиал ертөнцөд биесээ “орк” гэж ирээд л орилцгоодог соёлтой, боловсролтой хүмүүс. Шаахайны мөр лав олдохгүй дээ. Тэгээд хэн гол бохирдуулж, газар тахалж, уул бузартуулаад байгаа юм бэ, монголчууд аа?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж