-40 гаруй орны скаутууд хамгийн сэрүүн оронд анх удаа цуглаж, Монгол орны цэлмэг хөх тэнгэр, хурц тод нар, сэрүүн сэвэлзүүр салхи гэхчилэн цаг уурын эрс тэс орчныг мэдэрч байна-
Ази, Номхон далайн бүс нутгийн скаутын 31 дүгээр жембори олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт үргэлжилж байна. Долдугаар сарын 28-нд нээлтээ хийсэн олон улсын хэмжээний цугларалтыг зөвхөн скаутынханд, эсвэл хүүхдүүдэд л хамаатай гэвэл дэндүү өрөөсгөл. Учир нь Монголд л гэхэд эрээн зангиа, ижилдсэн хувцсаараа ялгардаг скаутууд дуу хоолойгоо өргөснөөс хойш 26 жил болж байна. Анхны скаутууд өдгөө 40 насны босго хэдийнэ алхсан. Гадаадаас ч насан туршдаа скаут гэх алдраа хадгалж яваа ахмад, дунд насныхан уригдан ирээд байна.
“Найрамдал” цогцолбор буюу бидний нэрлэж заншсанаар “Найрамдал” олон улсын зуслан орчимд ертөнцийн зүг бүрээс цугласан 7500 скаутууд “Майхант цугларалт”-аа хийж байна.
Ази тив, Номхон далайн орнуудад өмнө нь 30 удаа майхнаа хатгасан скаутууд хамгийн сэрүүн оронд анх удаа цуглаж, Монгол орны цэлмэг хөх тэнгэр, хурц тод нар, сэрүүн сэвэлзүүр салхи гэхчилэн цаг уурын эрс тэс орчныг мэдэрч буй ажээ.
Уржигдар Монголын скаутууд зан заншил, үндэсний онцлогоо танилцуулж эрийн гурван наадмаа хийжээ. Наадам дөнгөж өндөрлөмөгц гэнэт хүчтэй салхилж, түр зуур аадар орсонд гадаадын зочид ихэд балмагдсан байна. Асар майхан авч шидчих гээд байсан салхи, бороо гэнэт зогсож, тун удалгүй тэнгэр цэлмэж , урд уулын оройгоор солонго татсанд баярласан скаутууд баахан зураг татуулжээ.
Өчигдөр ч ялгаагүй тэнгэрийн ааш тогтворгүй. Нар шарж, гал мэт төөнөж байснаа хаанаас гараад ирэв гэлтэй үүл бүрхэнэ. Тэр болгонд хямраад байлгүй, тэнгэрийн аягт тохируулан амьдрах, аялах, байгаль дэлхийтэйгээ ойр байж унаган байгалиа хайрлах, товчхондоо бол амьдрах ухааныг скаутын галаас хүүхдүүд суралцаж байна.
“Хүн бүр математикч болохгүй ч эцэг эх болно” гэсэн сэтгэл судлаачийн алдартай үгийн үнэ цэнийг чухам тэндээс харж болохоор. Хавар, зун, намар, өвөл гэсэн дөрвөн үндсэн бүлэгт улс улсаараа, аймгаараа хуваагдан байрлах бөгөөд бүлэг бүр “Аргаль”, “Ирвэс” гэхчилэн отогт хуваагдана. Отог салаанаас бүрдэнэ. Салаа ч бас “Нялх Сэнгүм”, “Догшин барс”, “Ахмадын золбоо” гэхчилэн өвөрмөц сонин нэртэй. Арван хүнээс бүрдсэн салаа бүр нэг багштай. Тэд нэгэн бүл болж аж төрнө. Майханд хонох нь бүү хэл байшингаасаа гарч үзээгүй хүүхдүүд ч цөөнгүй. Гэвч тэд скаут гэх өргөн бүлд багтаж, амьдралын ухаанд суралцдаг.
Хээр хөдөө, цаг агаарын таатай таагүй орчинд хэрхэн аялж зугаалах, амарч цэнгэх аргад хүүхдүүд суралцаж байна.
-Ийм гоё цугларалтад анх удаа оролцож байгаа болохоор Жембори үнэхээр таалагдаж байна. Би хоёр дүүтэй, айлын том хүү болохоор гэрээ нэг их санахгүй байгаа. Манай салаанд надаас дүү хүүхэд байдаг. Энд ирээд олс дээс ашиглаад бүхий л зүйлсийг хийж болдог гэдгийг мэдэж авлаа гэж 83 дугаар сургуулийн 4В ангийн сурагч 10 настай М.Бат-Ирээдүй өгүүлж байлаа.
Дараагийн уулзсан залуу: -Намайг Т.Санчирбат гэдэг. Би Техник технологийн дээд сургуулийн оюутан. Скаутын тухай би урьд нь сайн мэддэггүй байсан ч энэ удаагийн Жемборигийн зохион байгуулах багт ажиллаад маш их зүйлд суралцаж байна. Өөрөөр хэлбэл, туслах багшийн үүрэг гүйцэтгэж байгаа гэсэн үг. Эхний хэдэн өдөр хүүхдүүдтэйгээ ойлголцож чадахгүй хэцүү байсан. Харин одоо бол дасаад хамтдаа байхад их сайхан байгаа гэлээ.
Баянзүрх дүүргийн Скаутын багийн ахлагч, 55 дугаар сургуулийн багш Д.Гампилмаагийн хувьд олон улсын хэмжээний цугларалтыг амжилттай зохион байгуулж байгааг тодотгоод “Цочмог хурц нар гарч байснаа хүйтэн бороо орох гэхчилэн цаг агаар тогтворгүй байгаа ч хүүхдүүдээ тав алдуулахгүй юмсан гэж хичээж байгаа. Гэсэн ч зарим хүүхдүүд хувийн бэлтгэлээ тааруухан базаасан тал байна. Халуун хүйтэнд өмсөх хувцас авчраагүй, чанар муутай майхантай ирсэн хүүхдүүд ч байна. Тиймээс хойшид эцэг эхчүүд хүүхдийнхээ бэлтгэлд анхаараарай ” гэлээ.
Олс дээс ашиглаад тогооны тавиур хийх, гарын доорх материалаар майхнаа бат бөх болгох гэхчилэн маргааш гараад аялахад аминд орох олон аргад хүүхдүүд суралцаж байна.
Уул хангайгаар аялж, ургамал цэцэгстэй танилцаж байна. Газар, газраас хуран чуулсан скаутынхныг ая тухтай байлгахын тулд ойр орчмынх нь тарвага зурмыг нүүлгэж, хүр хорхойг устгаж хэрдээ л их бэлдсэн. “Майхант цугларалт”-ын бэлтгэл таван жилийн өмнөөс эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Дөрвөн жилийн өмнө Японд болсон цугларалтаас ч өмнө 31 дэх Жемборигийн эрхийг эх орондоо авчрах гэж скаутынхан бэлтгэж байжээ.
Чухам тиймээс ч бүгдийг эртнээс тооцож, эрсдэлт нөхцөл үүслээ гэхэд яаралтай туслах мэргэжилтнүүдийг бэлэн байдалд ажиллуулж байлаа. Гал команд, түргэн тусламж , хөдөлгөөнт АТМ хүртэл “Найрамдал” цогцолборт бэлэн байна.
Солонгос хүүхдүүд И-Мартын салбар дэлгүүрээс тор тороор нь хүнс худалдан авч харагдана. Салаа бүрт өдөр тутам 100 мянган төгрөгийн эрх олгож, хүүхдүүд түүндээ тохируулан хүнсээ бэлтгэнэ. Гал тогоогоо ээлжлэн барьж, гарыхаа хоолоороо нууцхан уралдана. Хаашаа л харна, дүрэмт хувцсаар ижилссэн скаутууд. Хэл, соёл, зүс өөр ч зүрх сэтгэл нэг байдаг олон орны скаут хүүхдүүдтэй дотно танилцах боломж тэнд л бий. Фэйсбүүк, твиттер хаяг, гарын бэлгээ солилцох завшааныг ч хүүхдүүд алдахгүй. Тэвэг тоглохыг солонгос охидод зааж зогсоо хүүгийн царай баяраар дүүрэн.
Ийм л сонирхолтой өдрүүд “Найрамдалд” өрнөж байна. Аргагүй ч биз. Жирийн биш Жемборигийн өдрүүд шүү дээ.
Гэрэл зургийг Н.ЦЭВЭЛМАА