Геологичоос УИХ-ын гишүүн

Хуучирсан мэдээ: 2017.08.01-нд нийтлэгдсэн

76:1

Геологичоос УИХ-ын гишүүн

Геологичоос УИХ-ын гишүүн

“Ньюс агентлаг” өнөөдрийн “76:1”-д УИХ-ын гишүүн Цэдэнгийн Гарамжавыг танилцуулж байна. 

МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр 2016 оны УИХ-ын сонгуульд 16 эмэгтэй нэр дэвшихэд “Монполимет”-ын захирал Ц.Гарамжав багтаж, Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөн, ялалт байгуулсан юм.

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд МАН хэд, хэдэн удаагийн сонголтоор эрх баригч хүчний үүрэг гүйцэтгэхдээ шинэ гишүүнд Байнгын хороо удирдах үүрэг оноож байгаагүй ч Ц.Гарамжав гишүүн анхны шанг татаж, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгогдсон байдаг.

Эзэмшсэн мэргэжлээрээ уул уурхайн салбарт амжилттай ажилласан нь Байнгын хороог удирдах итгэлийг олсон гэж намын нөхөд нь үнэлдэг.

Өмнөх парламентын үед Ардчилсан нам МАН-ыг Засгийн газартаа урьж, хамтрах үед найман сар орчмын хугацаанд Уул уурхайн дэд сайдаар ажилласан юм.

Хууль тогтоогчоор ажилласан өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэд, хэдэн дуулианд нэр холбогдсоноос хамгийн шуугиантай нь Зөрчлийн тухай хуультай холбоотой гүтгэх заалт байв. Бусдыг гүтгэсэн бол хувь хүнд 10 сая, хуулийн этгээдэд 100 сая төгрөг хүртэлх торгууль ногдуулах санал гаргасан нь сошиал ертөнц, хэвлэл мэдээллийн эсэргүүцэлтэй тулж, эцэст нь саналаа татсанаар торгуулийн мөнгөн дүн анхны заалтаараа батлагдсан юм.

Торгуулийн хэмжээг өсгөх санал гаргасан үндэслэлээ Ц.Гарамжав гишүүн “Нэгнийхээ хийсэн бүтээснийг үгүйсгэдэг, мушгин гуйвуулдаг, хийгээгүй зүйлийг нь хийсэн болгодог үзэгдэл нийгэмд хавтгайрсан. Иргэн иргэнээ, байгууллага байгууллагаа гүтгэж байна. Та бүхэн гүтгэгдсэн хүний зүрх сэтгэл ямар байдалд ордгийг даанч мэдэхгүй, мэдрэхгүй байна. Гүтгэдэг, гүжирддэг байдалтайгаа эвлэрч таарахгүй” гэж тайлбарлаж байв.

Шүүмжлэл нь үнэний ортой ч гүтгэх заалттай холбогдуулан торгуулийн хэмжээг 5 дахин өсгөсөн нь эсэргүүцэлтэй тулсан хэрэг байв.

Харин Засгийн газрын шийдвэрээр үүсгэн байгуулсан “Монполимет” компани нь гадаадаас оруулж ирсэн ажиллах хүчний төлбөрөөс чөлөөлөгдсөн гэх дуулианы тухайд улс төржүүлсэн хэрэг явдал байлаа. Учир нь Засгийн газар зөвхөн “Монполимет”-ийг бөөцийлж ажиллах хүчний төлбөрөөс чөлөөлсөн юм биш өөр олон компани энэ хөнгөлөлтийг эдэлсэн байдаг. Эдийн засаг хүнд үед татварын орлого бүрдүүлэхэд томоохон ачаа үүрч яваа компаниудаа төр ажиллах хүчний төлбөрөөс чөлөөлж дэмжлэг үзүүлдэг нь аль улсад байдаг жишиг.

“Монполимет” Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөхгүй хэд, хэдэн удаа хойшлуулсан гэх УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн чуулганы танхимд хэлсэн үг ташаа болохыг Хөгжлийн банкны захирал тайлбарласнаар хөрөнгө оруулагч нар нь хэсэгтээ амьсгаа авахтайгаа болсон юм.

Уул уурхайн салбар бол хэр баргийн бизнесмений зориглож орох салбар биш. Тэр дундаа эмэгтэйчүүдийн хувьд ахадсан ачаа. Гэвч Ц.Гарамжав гишүүн энэ салбартай 20 гаруй жилийн амьдралаа холбож, тууштай зүтгэсээр дотоодынхоо цементийн хэрэгцээг хангахад дэмжлэг болох том үйлдвэрийг байгуулж чадсан хүчирхэг бизнесмен юм.

Геологич, хөрс судлаач мэргэжилтэй тэрбээр ажлын гараагаа 1983 онд Барилгын зургийн институтэд инженерээр эхлүүлсэн бол 1990-ээд оны үед хөнгөн цагаан цуглуулж, урд хөрш рүү гаргах болсноор бизнесийн гараагаа эхлүүлж байжээ. Хөнгөн цагааныхаа мөнгийг зөрүүлээд гурил, будаа болгон Монголдоо оруулж ирнэ. Гурван жил орчим дээрх бизнесийг эрхэлж байгаад 1993 онд “Найрамдал” банкнаас 10 сая төгрөгийн зээл авч чадсанаар Хятад улсаас электрон бараа зөөдөг болж, бизнесээ өргөжүүлж чаджээ.

Улмаар эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах сонирхолд хөтлөгдөн уул уурхай, барилгын салбарт хүч үзсэнээр эдүгээ 400 гаруй ажилтан, албан хаагчидтай “Монполимет”-ийг байгуулж чаджээ.

Тэрбээр “2015 оны Азийн хүчирхэг 50 бизнес эмэгтэй” жагсаалтад бичигдсэн нь Монголын бизнесменүүдийн хувьд анхных нь болсон юм.

Харин одоо улс төрд хүчирхэг лидер байж чадах уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1975 онд Нийслэлийн 33 дугаар дунд сургууль
  • 1981 онд Монгол улсын их сургуулийн Геологи уул уурхайн сургууль, инженер, геологич
  • 1984 онд ЗХУ, Ломносовын дэргэдэх Москва хотын их сургуулийн уул уурхайн факультет, хөрс судлаач мэргэжлээр
  • 1994 онд Итали улсын Ром хотноо олон улсын ашигт малтмалын гэрээ, эрх зүйн мэргэжилтний сургалт

Ажилласан байдал

  • 1983-1989 онд Барилгын зургийн институт, инженер, Геологийн товчоонд инженер, ахлах инженер, лабораторийн эрхлэгч
  • 1989-1992 онд Барилгын зургийн институтын Инженер хайгуулын товчоонд эрдэм шинжилгээний ажилтан
  • 1992-2012 онд Монполимет ХХК-ийг үүсгэн байгуулж, Ерөнхий захирал
  • 2012.02-2012.09 сард Эрдэс баялаг, эрчим хүчний яамны дэд сайд
  • 2012-2016 онд Монполимет группийн зөвлөх
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга

Шагнал

  • 2006 онд Алтан гадас одон
  • 2009 онд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан
  • 2003 онд Монгол Улсын Уул Уурхайн Тэргүүний Ажилтан

Гадаад хэл

  • Англи
  • Орос

Цахим шуудан

Цахим хуудас

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж