Г.Эрдэнэбат: Б.Шаравт тусламж хэрэгтэй байгаа

Хуучирсан мэдээ: 2017.08.01-нд нийтлэгдсэн

Г.Эрдэнэбат: Б.Шаравт тусламж хэрэгтэй байгаа

Г.Эрдэнэбат: Б.Шаравт тусламж хэрэгтэй байгаа

-Химийн эмчилгээг нэг удаа хийлгэхэд 10 мянган юанийн үнэтэй. Бас нэг чухал эмчилгээг хийлгэнэ гэсэн. Тэр эмчилгээнд дөрвөн удаа орох шаардлагатай. Нэг удаа ороход 40 мянган юанийн үнэтэй гэсэн-

Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав БНХАУ-ын Бээжин хотноо өнгөрсөн долдугаар сарын 10-ны өдөр ходоодны хавдрын хоёр удаагийн маш хүнд хагалгаанд орсон юм. 

Одоогоор Б.Шарав гуайн биеийн байдал нь тогтвортой байгаа боловч цаашдаа химийн болон бусад эмчилгээг урт удаан хугацаагаар хийлгэх шаардлагатай аж. Хөгжим, бүжгийн их сургуулийн захирал, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга Г.Эрдэнэбатаас энэ талаар тодрууллаа. 

-Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс “Сэтгэлийн эгшиг” хандивын аян зарлаад байгаа. Та сүүлд Б.Шарав гуайтай очиж уулзсан гэсэн. Одоо биеийн байдал нь хэр байна вэ?

-Хөгжмийн зохиолч Б.Шарав гуай БНХАУ-ын Бээжин хотын Цэргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Би өнгөрсөн долдугаар сарын 22-нд Бээжинд байрлах эмнэлэгт нь очоод, хоёр, гурав хоноод ирлээ. Эмч нартай нь уулзсан, мөн салбар яам болон нутгийн зөвлөл, УИХ-ын гишүүд, хувь хүмүүс гээд сайн санаат түмэн олны сэтгэлийн хандиваар цугларсан 39 сая төгрөгийг хүлээлгэн өгсөн.

Намайг Бээжинд очиход Б.Шарав гуай огт юм ууж, идээгүй дан дуслаар л хооллож байсан. Их л тамирдуу байсан даа. Эмнэлэгт хөгжмийн зохиолчийн маань гэргий нь хоёр хүүгийн хамт сахиж байгаа. Эмнэлэгт байнга л мөнгө урсаж байдаг юм байна. Хоол, цай нь хүртэл өндөр үнэтэй.

Ховорхон авьяас билэгтэй энэ хүн өөр газар төрсөн бол мөнгө гуйхгүйгээр хагалгаа хийлгэх л байсан байх.

-Хөгжмийн зохиолч маань ходоодны хавдрын маш хүнд хагалгаанд орсон гэж дуулсан?

-Ходоодны хавдрын хагалгаа нь маш хүнд болсон юм билээ. Хавдрын хагалгаанд ороод дөрвөн цаг болоод, эмч нар нь буцаж гарч ирээд “Хагалгаа маш хүнд боллоо. Хавдар ихээр үсэрхийлсэн байна. Хоёр гурван эрхтэн тайрах юм байна” гэдгийг ар гэрийнхэнд нь хэлсэн гэсэн. Гэр бүлийнхэн нь ч хагалгааг үргэлжлүүлэхийг хүлээн зөвшөөрч, найман цагийн турш ходоодны хүнд хагалгаанд орсон байна лээ. Хагалгааг гардан хийсэн БНХАУ-ын Бээжин хотын Цэргийн эмнэлгийн алтан гартай эмч нарт баярлаж, талархсанаа илэрхийлье.

-“MCS” группийн зүгээс хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн эмчилгээний зардлыг гаргасан гэсэн мэдээлэл сошиалд цацагдсан. Энэ үнэн үү?

-“MCS” группээс Б.Шарав гуайн эмчилгээний бүх төлбөрийг даасан гэдэг нь ташаа шүү. Захирал Ж.Оджаргалын ах Ж.Од Б.Шарав гуайтай найз юм. Тэгээд л Ж.Од шинжилгээнд хэрэгтэй мөнгө төгрөгийг зохицуулж, өгье гэсэн юм билээ. Тэрнээс биш ходоодны хавдрын хагалгааны төлбөр мөнгийг бүтнээр нь гаргасан зүйл байхгүй ээ.

-Монголоос цөөнгүй уран бүтээлчид Б.Шарав гуайг эргэхээр очсон байсан?

-Манай нутгийн зөвлөлийн залуусын өрнүүлж буй “Сэтгэлийн эгшиг” хандивын аянд нутгийн зөвлөл, Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, УИХ-ын гишүүд, хувь хүмүүс гээд олон сайхан хүмүүс сэтгэлийн хандиваа өргөсөн.

Дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа гэх мэт олон уран бүтээлчид хандаж, хандивын аяны талаар асуусан.

Хөгжмийн зохиолч Б.Шарав гуай маань үнэхээр агуу хүн юм. Түүний дуу, хөгжим эгшиглэсэн газар, газраас л холбогдож, туслахыг хүсэж байна.

-Хөгжмийн зохиолч маань эхний том даваагаа давжээ. Одоо урт, удаан хугацааны ямар эмчилгээ хийлгүүлэхэд хэчнээн төгрөг шаардлагатай болоод байна вэ? 

-Одоо бие нь харьцангуй тогтвортой байвал 10 хоног эмнэлгээс гараад амрах ёстой гэсэн.

Элчин сайдны яамныхан бас анхаарч байрандаа байлгахаар болсон гэсэн. Одоо чухам эмнэлгээс гарсан эсэхийг мэдэхгүй байна. Үүний дараагаар хоорондоо 21 хоногийн зайтай 12 удаа химийн эмчилгээ хийлгэнэ. Химийн эмчилгээг нэг удаа хийлгэхэд 10 мянган юанийн үнэтэй. Бас нэг чухал эмчилгээг хийлгэнэ гэсэн. Тэр эмчилгээнд дөрвөн удаа орох шаардлагатай. Нэг удаа ороход 40 мянган юанийн үнэтэй юм гэсэн.

Эмч нар нь хэлэхдээ энэ чухал эмчилгээг манай улсад их баян хүмүүс л хийлгэж чаддаг гэж байсан. Тэгэхээр эхний ээлжинд эмчилгээний 280 мянган юань хэрэг болж байна.

Төрийн шагналт Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шарав нь ‘Чингис хаан’ дуурь, ‘Зуурдын орон’ балет, ‘Ононд хатаагдсан илд’ дуулалт жүжиг, 1,2-р симфони, ‘Замбуу тивийн наран’ магтуу, ‘Эх орон’ зэрэг 30 романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, ‘Сэрсэн тал’ үндэсний найрал хөгжмийн удиртгал, ‘Ард Аюуш’, ‘Байлдааны даалгавар’, ‘Илүү сартай зун’ зэрэг олон сайхан киноны хөгжмийг бичсэн монголдоо төдийгүй дэлхийд данстай авьяас билэгтэн билээ.

Хандивын данс: Хаан банк 5028551348

Данс эзэмшигч: Хэнтий аймгийн нутгийн зөвлөл /Хөгжмийн зохиолч Б.Шарав хандивын данс/

Жич: Гүйлгээний утга дээр Овог нэр, утасны дугаараа үлдээнэ үү.

Холбоо барих: 7014-7222, 93119669, 99094464

“Сэтгэлийн Эгшиг” Хандивын аян

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж