“Ертөнц дахь ертөнц” үзэсгэлэн нээгджээ

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

“Ертөнц дахь ертөнц” үзэсгэлэн нээгджээ

Занаду арт галерейд Дүрслэх урлагийн дээд сургуулийн төгсөх курсын оюутнуудын “Ертөнц дахь ертөнц” арьсан урлагийн үзэсгэлэн   нээгджээ. Үзэсгэлэнд залуу уран бүтээлчид болох Г.Бурмаа, Б.Сүхмягмар, Ц.Солонго, А.Сэргэлэн нарын 40 шахам бүтээл дэлгэгджээ. Залуу уран бүтээлчид уг үзэсгэлэнгийнхээ талаар “Урлагийн бүтээлийг хийх, илэрхийлэх хэлбэр нь юу ч байж болохыг хүлээн зөвшөөрсөн өнөө үед арьсан урлагийг дан ахуйн хэрэглээний болон чимэглэх урлагийн нэгэн хэвшмэл ойлголтоос холдуулан сонгодог урлагийн нэг төрөл болгох хүсэл биднийг хөтөлсөөр байна. Түүнчлэн арьсан урлаг болон арьсан урлал хоёрыг ялгах зорилгоор бүтээлүүдээ хийсэн. Хүмүүс ихэвчлэн арьсан урлагийг цүнх түрийвч, гоёл чимэглэлийн зүйл гэдгээр ойлгодог.  Бид энэ ойлголтыг өөрчлөхөд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг хичээж ажиллаж байна” гэж тайлбарласан юм.
Энэхүү үзэсгэлэн нь залуу уран бүтээлчдийн маань дипломын ажил аж. Мөн “Уран зургийн хөгжил өндөр түвшинд хүрсэн бөгөөд зотон тос, усан будаг зэргийг ашиглан бүтээсэн уран зураачдын бүтээл дэлхий нийтэд алдаршиж болдог. Түүнтэй адил Монголынхоо арьсан урлагийг өндөр төвшинд хөгжүүлэн дэлхий нийтэд алдаршуулах боломж байна гэсэн зоримог санаа агуулж бүтээсэн. Тийм болохоор анхныхаа үзэсгэлэнд өөр өөрсдийнхөө  бүтээлийн онцлогийг хадгалсан бүтээлүүд хийсэн. Авангард стилийг арьсан дээр  хүй нэгдлийн үеийн болон скипийн үеийн олдворыг яг л хүрэл олдвор мэт бүтээсэн. Манайхны галерейд бүтээл тавихад орчин их дутагдаж байгаа юмуу гэж боддог.  Учир нь аливаа бүтээлийг дэлгэн тавихад интерьерийн орчин их нөлөөлдөг тул дараагийн удаад тухайн бүтээлдээ тохирсон  интерьерийг бэлтгэж, үзэсгэлэн  гаргана “ хэмээн хэлж байв.
Ийнхүү залуу уран бүтээлчид арьсан урлагийг бэлэг дурсгалын бүтээгдэхүүн болон хэрэглээний гэх ойлголтуудаас өөрсдийн уран бүтээлээрээ холдуулах зорилгоор нэгдсэн залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 13-нд өндөрлөх юм байна.
П.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж