Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жил, Налайх дүүргийн 95 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 20-22-ны өдрүүдэд наадмын толгойд боллоо. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 256 бөх хүч үзсэнээс Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, аймгийн заан Э.Даваажаргал найм даван түрүүлж, аймгийн арслан цолны болзол хангасан бол Налайх дүүргийн харьяат, аймгийн хурц арслан Ц.Бямба-Очир үзүүрлэсэн. Наадмын хурдан морины уралдаанд газар газар хурдан хүлгүүд шандасаа сорилоо. Ингээд Налайх дүүргийн 95 жилийн ойн баяр наадамд айрагдсан морьдыг танилцуулж байна.
Азарга
Налайх дүүргийн баяр наадмын азарганы уралдаанд нийт 45 азарга уралдсанаас Налайх дүүргийн уяач Н.Батболдын халтар наадмыг өнгөлж, Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Ариунсүхийн хул азарга аман хүзүүдэж, Төв аймгийн Зуун мод сумын уяач Сүхбаатарын хар азарга гуравт, Говь-Алтай аймгийн уяач С.Балдандоржийн хул алаг азарга дөрөвт хурдалж, Налайх дүүргийн уяач Баасансүрэнгийн цавьдар азарга айргийн тавд хурдаллаа.
Их нас
Их насны морьдын уралдаанд нийт 126 морьд уралдаж хурд шандасаа үзсэнээс түрүүг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Э.Бат-Эрдэнийн саарал зүсмийн үрээ, аман хүзүүнд Улаанбаатар Хан-Уул дүүргийн уяач Ц.Ганбаярын хээр, гуравт Төв аймгийн Баян сумын уяач Г.Чулуунбаатарын халиун, дөрөвт Төв аймгийн Эрдэнэ сумын Н.Томоогийн хар морь, айргийн тавд Улаанбаатар хотын уяач Б.Булганы хул морьд хурдаллаа.
Соёолон
Соёолон насанд нийт 75 үрээ хурдалснаас Налайх дүүргийн уяач О.Энхболдын зээрд түрүү магнайд, аман хүзүүнд Налайх дүүргийн уяач Баянмөнхийн цагаан хурдалж, гуравт Говь-Алтай аймгийн уяач Б.Сосоргарамын шарга, дөрөвт Улаанбаатар хотын уяач С.Хийморьсаны хээр үрээ хурдалсан бол Налайх дүүргийн уяач Ж.Баттулгын хул соёолон айргийн тавд орлоо.
Хязаалан
Хязаалан насанд Монгол Улсын маань дөрвөн зүгээс Налайх дүүрэгт маань ирж хурд шандасаа үзэхээр 102 морьд уралдсанаас Баянхонгор аймгийн харьяат уяач Т.Болдбаатарын хонгор хязаалан түрүүнд ирж Завхан аймгийн Баянтэс сумын Э.Дорж–Рагчаагийн хонгор аман хүзүүдлээ. Гуравт Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Н.Ганхуягийн шарга, дөрөвт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Болд-Очирын хээр хязаалан, айргийн тавд Баянзүрх дүүргийн Г.Бямбабаярын хээр морь хурдаллаа.
Шүдлэн
Шүдлэн насны морьдын уралдаанд 120 гаруй хурдан хүлэг уралдсанаас Налайх дүүргийн уяач Ч.Бямбадашийн буурал шүдлэн баяр наадмыг өнгөлж, Дорноговь аймгийн Мандал сумын уяач Чулууны хээр шүдлэн аман хүзүүнд хурдалсан. Баянзүрх дүүргийн Хонхор тосгоны Б.Хонгорын уясан хүрэн морь гуравт давхиж Төв аймгийн Батсүмбэр сумын уяач Давзенбекын хул морь дөрөвт, Улаанбаатар хотын уяач С.Балдандоржийн сартай зээрд айргийн тавд ирлээ.
Даага
Наадамчин олны хайрыг татдаг дааган насны морьдын уралдаанд нийт 85 даага уралдсанаас Хан-Уул дүүргийн Д.Ариунболдын хээр даага баяр наадмын магнайд ирж, Налайх дүүргийн уяач Г.Бямбатын бор даага, Сонгинохайрхан дүүргийн уяач Н.Баттулгын идэртэй хул даага гуравт, Хан –Уул дүүргийн уяач Д.Болдын хүрэн даага дөрөвт, айргийн тавд Дорнод аймгийн Чойбалсан сумын уяач Б.Болорхуягийн шарга даага хурдалж унасан хүүхэд, уясан эзэн, наадамчин олноо баясгалаа.
Дорноговь аймгийн Г.Баярсайханы хүрэн халзан даага баян ходоод боллоо.
Х.ЭРДЭНЭДАЛАЙ