УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.07.31/ ээлжит бусаар хуралдав. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, дараах зарчмын байр сууринд хүрчээ.
Үүнд Үндсэн хууль нь ард түмэн, төр хоорондын суурь харилцааг зохицуулах дээд хууль мөн тул Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бүх нийтээр хэлэлцүүлэн “Ард нийтийн санал асуулга”-ыг явуулж, тогтоох нь зүйтэй гэж үзжээ. Мөн төрд итгэх түмний итгэлийг дээдлэн, төрийн албыг 60 тэрбумаар арилжаалж, төрийн эсрэг гэмт хэрэг өдүүлсэн этгээдүүдэд хариуцлага тооцож байж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх нь төрийн ёс зүйд нийцнэ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлуудыг өргөн хүрээнд хамруулах шаардлагатай гэж үзэж ажлын хэсэг байгуулан, намын гишүүд дэмжигчдийн оролцоог хангаж, Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хороогоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн нэгдсэн байр сууринд хүрчээ.
Г.ХОРОЛ