Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жил, Налайх дүүргийн 95 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 20-22-ны өдрүүдэд наадмын толгойд боллоо. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 256 бөх хүч үзсэн бөгөөд Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, аймгийн заан Э.Даваажаргал найм даван түрүүлж, аймгийн арслан цолны болзол хангасан бол Налайх дүүргийн харьяат, аймгийн хурц арслан Ц.Бямба-Очир үзүүрлэлээ.
Дүүргийн баяр наадмаар Увс аймгийн Ховд сумын харьяат Н.Ширчинхүү, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Л.Төртогтох нар зургаа давж, аймгийн харцага цол хүртсэн бол, Налайх дүүргийн харьяат Ж.Ганзориг, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат Б.Даваадагва, Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Э.Өвгөнхүү, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Ц.Нямдаваа нар тав давж аймгийн начин цол тус тус хүртсэн юм.
Х.ЭРДЭНЭДАЛАЙ