Аймгуудын түүхт ой болон бүсийн наадмууд үргэлжлэн явагдсаар байна. Өнгөрөгч долоо хоногт болсон наадмуудаас улсын хүчит арслан Д.Мөнх-Эрдэнэд хүндэтгэл үзүүлэх баяр наадам олны анхааралд байлаа. Архангай аймгийн Цэцэрлэг хотод болсон хүндэтгэлийн наадмын барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага М.Бадарч, улсын начин Ч.Ганзориг, Э.Ванданцэрэн нарын тэргүүтэй 128 бөх барилдсан. Барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, улсын начин Ч.Ганзориг үзүүрлэсэн юм. Барилдааны дөрвийн даваанд улсын аварга Ч.Санжаадамба аймгийн арслан М.Еркебуланд өвдөг шорооджээ. М.Еркебулан аваргыг сугадаж хавираад давж наадамчин олныг шуугиулаад авчээ.
Улсын их баяр наадмын тавын даваанд аймгийн арслан А.Ганжадад өвдөг шороодсон Ч.Санжаадамбын барилдаан маргаан дагуулсан хэвээр байгаа билээ. Тэрбээр тухайн үед өөрийгөө давсан гэж тахимаа өгөөгүй ч хөлийн цэц А.Ганжадыг давсанд тооцсон юм.
Үндэсний бөхийн холбооны шийдвэрийг эсэргүүцсэн Ч.Санжаадамба аварга наадмын дараа аймаг, бүсийн наадамд зодоглохгүй гэдгээ хэлж байсан билээ. Тэгвэл тэрбээр улсын хүчит арслан Д.Мөнх-Эрдэнийн хүндэтгэлийн барилдаанд барилдсан ч дөрвийн даваанд аймгийн арслан М.Еркебуланд унажээ.
Улсын хүчит арслан Д.Мөнх-Эрдэнэд хүндэтгэл үзүүлэх баяр наадмыг Архангай аймгийн Цэцэрлэг хотод хийв. 2017.07.28
Улсын хүчит арслан Д.Мөнх-Эрдэнэд хүндэтгэл үзүүлэх барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, улсын начин Ч.Ганзориг үзүүрлэв.
Ч.БОЛ