Шинэ арслангийн мялаалгын наадамд Ч.Хөхчирэнгэр түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.31-нд нийтлэгдсэн

Шинэ арслангийн мялаалгын наадамд Ч.Хөхчирэнгэр түрүүлжээ

Шинэ арслангийн мялаалгын наадамд Ч.Хөхчирэнгэр түрүүлжээ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлж, Монгол Улсын арслан болсон Ц.Содномдоржийн цолны мялаалга наадам өнгөрсөн долоо хоногт төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд болсон. 

Мялаалга наадамд Монгол Улсын начин Ч.Хөхчирэнгэр түрүүлж, улсын өсөх идэр начин Л.Цэрэнтогтох үзүүрлэжээ. Хүчит бөхийн барилдаанд Монгол Улсын заан Б.Соронзонболд, Улсын начин Ж. Отгонбаяр, Л.Цэрэнтогтох, Н.Бүрэнбаатар, Б.Баянмөнх, Ч.Цогбаяр, А.Батмөнх, Ч.Хөхчирэнгэр тэргүүтэй 128 бөх зодоглосон юм байна. 

Түрүүлсэн бөхийг 15 сая төгрөгөөр байлжээ. 

Мөн их нас, азарга, дааганы уралдаан болсон байна. Азарганы уралдаанд 70 гаруй хурдан ажнай тоосоо өргөснөөс Цагаан-Уул сумын уяач н.Алтангэрэлийн хээр түрүүлж, аман хүзүүнд Цагаан-Уул сумын харьяат Мөнхэрдэнийн таван цагаан хурдалсан бол гуравт Тосонцэнгэл сумын харьяат Д.Мягмардоржийн монгол хүрэн, дөрөвт Мөрөн сумын уяач Галсангийн цолмон халтар, тавд Цагаан-Уул сумын уяач н.Отгонжаргалын хүрэн тус тус хурдалжээ. 

Онцлоход, Монгол Улсын арслан Ц.Содномдорж мялаалга наадмынхаа үеэр үндэсний бөхөд хөтөлж оруулсан анхны багш Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат аймгийн арслан Н.Мөнхсүхэд таван сая төгрөг, нэг азарга адуу бэлэглэсэн бол нутгийнхаа 65-аас дээш насны 200 гаруй өндөр настанд гарын бэлгээ гардуулж, хүндэтгэл үзүүлсэн юм. 

Г.ХОРОЛ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж