Японы Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьсан тухай Киодо мэдээллийн агентлаг мэдээлж байна.
Тэд БНАСАУ-ын баллистик пуужингийн ээлжит туршилтын талаар саналаа солилцов. Хойд Солонгос энэ сарын 29-нд тив дамнасан баллистик пуужингийн ээлжит туршилтыг хийжээ.
Японы судлаачид энэ төрлийн пуужин замаа өөрчлөн Лос-Анжелес, Денвер эсвэл Чикаго хүртэл нисэх боломжтой гэв. Харин Оросын Батлан хамгаалах яамны мэдээллээр, Хойд Солонгосын пуужин энэ удаад 681 километр өндөрт нисэж, 732 километрийн замыг туулсан бөгөөд Японы далайн төв хэсэгт унасан гэжээ.
Шинзо Абэ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьсныхаа дараагаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Тэрбээр “Хойд Солонгос пуужингийн туршилтаа зогсоохгүй байгаатай холбоотойгоор Япон болон АНУ аюулгүй байдлын салбарт нэмэлт арга хэмжээ авахаар тохиролцлоо” гэв.
Мөн тэрбээр олон улсын нийгэмлэг, тэр тусмаа Хятад, Орос зэрэг улсыг Хойд Солонгосын эсрэг өгөх дарамтаа нэмэгдүүлэхийг уриалжээ.
Бэлтгэсэн: Ц.Уран