Дорнодын оюутнуудын цасны баяр боллоо

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Дорнодын оюутнуудын цасны баяр боллоо

Дорнодын оюутан, залуучуудын нэгдсэн холбооноос зохион байгуулсан Улаанбаатар хот дахь Дорнодын оюутан, залуучуудын 2011 оны хамгийн эхний арга хэмжээ болох Спортын 2-р наадмын хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Цасан Хүсэл” цасны баяр Богд уулын Богины амны цанын баазад нэгдүгээр сарын 16-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. МАК Сангийн Тэргүүн Н.Номтойбаяр Оюутан залуучууд, нутгийн зөвлөл хоорондын хамтын ажиллагаа, оюутан залуусын эв нэгдлийг бэхжүүлж, Дорнодын хөгжилд залуусын оролцоог бий болгох, эрүүл чийрэг байж бүтээн байгуулалт хийх зэрэг зорилготойгоор тус баярыг ивээн тэтгэж, залуусыг дэмжиж байгаа юм байна. Залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, цэвэр агаарт өдрийг хамтдаа өнгөрүүлсэн арга хэмжээг МАК сан ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон нь амжилттай зохион байгуулагдах гол суурь нь болж өгсөн юм.

 Дорнодын Залуусын Спортын наадмыг Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав санаачлажээ. Цасны баярт оролцохоор Оюутан залуучууд маань Спортын төв ордны гаднаас 11 цагаас Автобусандаа суун хөдөллөө.  Ингээд биднийг Богинын аманд нар дээрээс туссан дулаахан өдөр цасан хотхон угтсан юм. Оюутан залуучууд маань очингуутаа Цана чаргаар гулгаж цасан хүслэн болсон хорхойгоо гаргаж авлаа. Өдрийн 13:00 цагт  Спортын 2-р наадмын хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Цасан хүслэн” цасны баярын нээлтийн арга хэмжээ эхэллээ.

Цасны баярын нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Одбаяр, Нутгийн зөвлөлийн төлөөлөгч нар, МАК сангийн Гүйцэтгэх захирал Г.Бат-Очир, МҮОНТВ-ийн Спортын сэтгүүлч Д.Батжаргал, Хан-уул дүүргийн БТСГ-ны дарга Х.Ганболд, “Монгол даатгал” компанийн ахлах менежер Б.Цамбадэлгэр, “Талх чихэр” компанийн Борлуулалтын газрын захирал С.Нямхүү, Чойбалсан сумын Нутгийн зөвлөлийн дарга Д.Наранболд, ДОЗНХ-ны тэргүүн З.Болд нар урилгаар оролцлоо. 

Дорнодын Оюутан Залуучуудын цасны баяр Чарганы тэмцээн, Цасны сумо, олс таталт, Уулын оргил булаалдах зэрэг 4 төрлийн тэмцээнээр өрсөлдөө. Тэмцээн уралдааныг Хан-уул дүүргийн БТСГ-ын багш дасгалжуулагч нар зохион явууллаа. Сум сумдаараа өрсөлдсөн цасны баярын тэмцээнүүдэд оюутан залуучууд маань идэвхтэй оролцлоо. Хамгийн эхний Цасны сумо тэмцээнд сум бүрээс эмэгтэй эрэгтэй тамирчид оролцож багийн дүнгээр 1-р байр Дашбалбар, 2-р байр Гурванзагал, 3-р байр Чулуунхороот сумын баг тамирчид орлоо. Чарганы тэмцээнд нэг сумаас 3 хүний бүрэлдэхүүнтэй хэдэн ч  баг оролцож болно гэсэн тэмцээний зааврын дагуу уралдаж Эхний 3 байрыг Чулуунхороот сумын 3 баг эзэлсэн байна. Уулын оргил булаалдах тэмцээнд Сум бүрээс эрэгтэй 3, эмэгтэй 3 тамирчин оролцож багийн дүнгээр 1-р байрыг Чулуунхороот, 2-р байрыг Чойбалсан, 3-р байрыг Халх гол сумдууд эзэлсэн байна. Олс таталтын тэмцээнд  мөн сумдаараа өрсөлдөж 1-р байрт Чулуунхороот, 2-р байрыг Дашбалбар, 3-р байрт Халхгол сумдууд шалгарч Цом, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа. Тусгай байрын шагналыг Гурванзагал, Чойбалсан, Сэргэлэн сумдууд эзэлсэн юм.

Нэгэн өдрийг Дорнод нутгийнхантайгаа хамтдаа цэвэр агаарт өнгөрүүлсэн Оюутан Залуучуудын “Цасан хүсэл” цасны баярын арга хэмжээ өндөрлөж 17:00 цагт автобусандаа суун хотын зүг хөдөллөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж