Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу Жаргалант тосгонд энэ сарын 25-ны өдрийн 16:30 цагийн орчимд түр зуурын хүчтэй аадар бороо орсон. Үерийн улмаас тус хорооны хоёр бага насны хүүхэд, нэг том хүн харамсалтайгаар амь эрсэдсэн талаар бид өмнө нь сурвалжлан хүргэсэн билээ. Үерт амь эрсэдсэн бага насны хоёр хүүхдийн нэгийнх нь ар гэрийнхэнтэй одоо болтол холбогдоогүй байгаа аж. Мөн амь эрсэдсэн 40 настай өрх толгойлсон эмэгтэй есөн настай хүүтэйгээ амьдардаг байсан бөгөөд өнчин хоцорсон хүүг нагац эгч нь өөр дээрээ авсан гэдгийг албаныхан хэлж байна.
Үерт амь эрсэдсэн хүүгийн ар гэрийнхэнтэй холбогдоогүй байна
Үерт амь эрсэдсэн бага насны хоёр хүүхдийн нэгийнх нь ар гэрийнхэнтэй одоо болтол холбогдож чадаагүй байгаа талаар тус тосгоны мэргэжилтнүүд дуулгалаа. Амь эрсэдсэн гурван настай хүү хотоос Жаргалант тосгонд ирээд хоёрхон хонож байжээ.
Энэ талаар тосгоны төвийн хоёрдугаар хэсгийн ахлагч Ж.Жаргалсайхан ярихдаа “Талийгаач манай хэсгийн хүүхэд биш л дээ. н.Сэр-Од гэж залуугийнд энэ зун ирээд байж байсан юм билээ. Саяхан н.Сэр-Одыг Увс аймгаас ирээд байж байхад нь хотоос хамаатных нь гурван настай хүү ирээд үерт амь нас нь эрсэдсэн юм билээ. Талийгаач манай тосгонд ирээд удаагүй байхдаа усанд осолдсон болохоор мэдээлэл муутай байна. Бидэнтэй эцэг, эх нь холбоо бариагүй. Ар гэрт нь манай тосгонд ирж байгаа тусламжаас өгөх гэхээр холбоо барих боломжгүй байна.” гэсэн юм.
“Гурван настай хүүхдийн эцэг, эхийг одоо хүртэл тогтоогоогүй байна. Ар гэрийнхнээс нь ганц ч хүн холбогдсонгүй. Асран хамгаалагч н.Сэр-Од гэж хүний хоёр дугаар өгсөн. Утас руу нь залгахаар ерөөсөө холбогдохгүй юм. Гэрийн хаяг нь ч тодорхой бус “Баянзүрх дүүрэг” гээд л өөр мэдээлэл байхгүй байна. Бид талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдохоор ажиллаж байгаа” талаар тус тосгоны Захиргааны ажилтан зохион байгуулагч н.Оюунцэцэг ярилаа.
Амь аврагдсан дөрвөн хүүхдийн нэг нь хэвтэн эмчлүүлж байна
Жаргалант тосгонд болсон үерт дөрвөн хүүхэд урсаж байсныг иргэд авран хамгаалж, эмнэлэгт хүргэсэн байна.
“Үерийн үеэр нэг гэрийн эгч дүү хоёр нийт дөрвөн хүүхэд үерийн ус залгиснаас эмнэлэгт хүргэгджээ. Нэг айлын хоёр хүүхдийн том нь шалбарч, цохигдсон байсан учраас тосгоны эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Бусад гурван хүүхэд тухайн үедээ эмнэлгийн анхан шатны тусламж аваад, гэр гэртээ хүргэгдсэн” талаар тосгоны Эрүүл мэндийн төвийн дарга н.Сүрэнчулуун мэдээлэл өглөө.
Тэрбээр мөн амь эрсэдсэн гурван настай хүүг тухайн үед тосгоны эмнэлэгт хүргэлгүйгээр шууд Шүүх эмнэлгийнхэн аваад явсан. Эмнэлэг дээр хүүг асууж, ар гэрээс нь ирсэн хүн байхгүй. н.Сэр-Од гэх залуугийн хамаатны хүүхэд хотоос ирсэн гэсэн. Талийгаачийн ээж нь хөдөө, аав нь хотод байсан юм шиг байна лээ. Талийгаач Жаргалант тосгонд хотоос ирээд хоёр л хонож байсан тухай хэлсэн юм.
Гэрэл зургийг Э.Энхбат