Онцлох ярилцлага: Хэн юу хэлэв?

Хуучирсан мэдээ: 2017.07.30-нд нийтлэгдсэн

Онцлох ярилцлага: Хэн юу хэлэв?

Өнөөдөр 1939 оны Халх голын байлдааны ялалтын өдөр.

ХОЙД ЕВРОПЫН ОРНУУДТАЙ ХАРИЛЦААГАА ХУМЬЖ БАЙГАА НЬ АСУУДАЛ

МҮАН-ын дарга Б.Цогтгэрэлтэй улс төр, цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-МҮАН энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардын намыг дэмжсэн нь ямар учиртай байв. Сонгуулийн дүнд ямар дүгнэлт хийж байгаа вэ?

-Манай нам Монгол ардын намыг Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжиж оролцсон. Эдийн засгийн хямралтай үед улс төрийн тогтвортой байдлыг онцгой чухалчилсан.

Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах, олон улсын валютын сангийн хөтөлбөрийн үр өгөөжийг бүрэн дүүрэн ашиглах, олонх болсон намд эрх мэдлийг бүрэн өгч, үүрэг хариуцлагыг бүрэн үүрүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Дараагийн сонгуулийн өмнө буух эзэнтэй буцах мөртэй байх ёстой юм.

Нөгөөтэйгүүр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрдөө буцаан авсан нь МАН-ыг дэмжих хүндтэй шалтгаан байсан. 

-Гурван нам оролцсон энэ сонгууль хоёр шаттай болсноороо онцлог. Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэнгээс нийгэм улс төрөөс өөр зүйл хүсч байна гэсэн судалгаа гаргасан байсан. Улстөрчийн хувьд та үүнтэй санал нийлэх үү?

-Улс төржилт хэрээс хэтэрч, нийгэм хар Пи Араар хооллож, шар Пи Араар амьдарч байнаа гэдгийг чинь МҮАН байгуулагдсан цагаасаа л ярьсан шүү дээ. Жирийн иргэд хийрхсэн улс төрөөс залхаж, амьдрал ахуйдаа анхаармаар байгаагаа л судалгаагаар илэрхийлээд байгаа хэрэг. Харин МАН, АН-ын гишүүдээ барьцаалсан, гишүүддээ барьцаалагдсан үндэсний хэмжээний улс төржилт чинь нийгмээр нь энэ хийрхэл рүү хүссэн ч эс хүссэн ч татаж оруулаад байна. Үндсэн хууль өөрчлөгдөж, улс төрийн намуудын тухай хууль, сонгуулийн тухай хуулиудаа өөрчлөх замаар л засах боломж бий. Буруу дэвээд байна аа.

Дэлгэрэнгүй


‘ТАЛИЙГААЧ ИРЭХ НАМАР СУРГУУЛЬД ОРОХ БАЙЛАА’

Энэ сарын 25-нд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу Жаргалант тосгонд үерийн гамшигт үзэгдэл болж, хоёр бага насны хүүхэд, нэг том хүний амь насыг авч одлоо.

Амь эрсэдсэн бага насны хоёр хүүхдийн нэг болох 9 настай хүүхэд нь тавиул хүүхэд байсан гэдгийг хэсгийн ахлагч нь хэлж байлаа. Харин таван настай охин ирэх намар сургуульд орох байсан тухай эмээ нь нулимстай өгүүлсэн юм.

Тэрбээр “Талийгчийн аав гомдолтой байгаа. Тэнгэр муухай дуугарч байхад цуглаанаа тарааж л байдаг. Нэгэнтээ хүүхдүүдийг цуглуулсан юм чинь харж, хамгаалж байгаад тараах ёстой шүү дээ. Уг нь эцэг, эх нь ирж автал ганцыг нь ч гаргахгүй харж байх ёстой байхгүй юу. Өмнө нь долоо хоногийн бямба, ням гаригт цуглаанаа зохион байгуулдаг байсан. Гэтэл яагаад л гэнэт мягмар гаригт тэр олон хүүхдүүдийг цуглуулсан юм бол” хэмээн ярилаа. Ингээд талийгаач охины эмээгийн яриаг хүргэе.

-“Гай зовлон хэлж ирдэггүй, хийсэж ирдэг” гэдэг. Үнэхээр харамсалтай байна. Та бүхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Цуглаанаа тараад талийгаачтай хамт хоёр хүүхэд гэр рүүгээ харьж явсан гэсэн. Хамгийн хол гэртэй гурван хүүхэд л үерийн усанд урссан байна?

-Тэр өдөр /2017.07.25/ манай гурван хүүхэд машинд дайгдаад явж байгаад яг үер буух үеэр гэр рүүгээ гүйж байсан юм билээ.Тэгээд л үерт урссан байх. Хүүхдүүдээ тэр христийн цуглаан руу явсныг ч мэдээгүй. Бид “Битгий тийш яваа” гэж хэлж байж байсан. Нэг охин маань арай том есдүгээр ангид сурдаг байсан учраас эгчээ дагаад явчихсан байна лээ. Тэр хоёр хүүхэд нь нэг айлын хүүхдүүд юм л даа. Үерийн усанд урсаж, эмнэлэгт хүргэгдээд байгаа.

-Одоо тэдний биеийнх нь байдал хэр байгаа бол?

-Одоогоор есдүгээр ангид сурдаг охины маань бие цохигдож, шалбарсан шарх сорвитой хөлөө битүү боочихсон байна лээ. Бага хүүхдийнх нь бие гайгүй болж байна лээ. Тэр өдөр хоёулаа тэврэлдчихсэн үерийн усанд урсаж явж байхад нь хүн татаж гаргасан гэсэн.

-Талийгаачийг хайх эрлийг хэзээнээс зохион байгуулж, хэдэн цагт олсон бэ?

-Бороо зогссоны дараагаар бид тэр хавиараа газруудыг ухсан. Тэгтэл цаана хайгаад байсан чинь наана айлын нурсан юмны доогуур орчихсон байсан гэсэн. Тэр өдөр онцгойгийн албаныхан их орой ирж, шөнийн 00:20 цагт олсон. Уг нь зээ охин минь гэртээ нэлээд дөхөж ирээд л үерийн усанд цохигдсон юм шиг байна лээ. Хүүхэд болсон хойно үергүй тал руугаа гарахгүй үерийн усыг гатлаад гарчихна гэж бодсон байх л даа. Энэ тосгонд одоогоос хоёр жилийн өмнө айхтар үер болж, айлуудын хашаа тэр чигээрээ урссан. Гэхдээ хүний амь нас эрсдээгүй юм. Ядаж захиргааны зүгээс үер усны суваг шуудуугаа сайн татчихдаггүй муу байна.

-Тосгоны зарим иргэд бороо орж эхлэхэд цуглаанаа тараасан гэж хэлсэн?

-Талийгчийн аав гомдолтой байгаа. Тэнгэр муухай дуугарч байхад цуглаанаа тарааж л байдаг. Нэгэнтээ хүүхдүүдийг цуглуулсан юм чинь харж, хамгаалж байгаад тараах ёстой шүү дээ. Цуглаанд ирсэн хүүхдүүдээс сүүлд үлдсэн хүүхдүүдийг гаргахгүй байсан гэсэн. Уг нь эцэг, эх нь ирж автал ганцыг нь ч гаргахгүй харж байх ёстой байхгүй юу. Өмнө нь долоо хоногийн бямба, ням гаригт цуглаанаа зохион байгуулдаг байсан. Гэтэл яагаад л гэнэт мягмар гаригт тэр олон хүүхдүүдийг цуглуулсныг мэдэх юм алга.

Ямар насны хүүхдийг цуглаанд явуулдаг юм бол. Заримдаа хүүхдүүдийн гар, хөл дээр нь элдэв юм зурчихсан байдаг. Талийгаач охин үсний даруулга байхгүй гэж байсан чинь үсний даруулга бэлэглэсэн гэж байна лээ. Гаранд нь олон өнгийн зүйл зүүчихсэн байсан гэсэн. Хүүхдүүдийг хүүхэд л болсон хойно чихэр боов, гоё зүйлээр хуураад л “Цуглаанд ирээрэй” гээд дуудаад байдаг юм.

Дэлгэрэнгүй


Ц.ОЮУНГЭРЭЛ: Г.ДОРЖЗОДОВЫН ХАМГААЛАЛТ БУУСАН

60 тэрбумын бичлэгийг ил болгосон гэх иргэн Г.Доржзодов өнөөдрийг хүртэл гэртээ харих боломжгүй, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт амьдарч байгаа талаар өмгөөлөгч Г.Баасан өчигдөр /2017.07.25/ хэвлэлийнхэнд мэдэгдсэн. 

Эл асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй холбогдож дараах асуултад хариулт авлаа. 

-Г.Доржзодов гэртээ очиж чадахгүй байгаа нь одоог болтол танай гэрийн ойролцоо цагдаагийнхан сахиж байна гэсэн үг үү? 

-Ардчилсан намаас, мөн цагдаагийн байгууллагаас хамгаалалт гаргаж өгсөн байсан ч, сонгуулийн дараа буусан. 

Г.Доржзодов бол зохион байгуулалттай гэмт хэргийн гэрч. А.Ганбаатар гэгч Г.Доржзодовынд очоод “Чамайг алга болгож чадна шүү” гэж заналхийлсэн байдаг. Гэрчийг хамгаалалтад аваагүй нөхцөлд өс хонзон авах зорилгоор амь насанд нь аюул учруулах эрсдэл байгаа учраас гэртээ харих боломжгүй, манайд байгаа юм. 

Өмгөөлөгч Г.Баасан “Гэрчийн дарамт буураагүй, аюулын төвшин хэвээрээ байгаа учраас гэртээ байлгаач ээ” гэж хүссэн.

Дэлгэрэнгүй


“ХАЛУУНЫ УЛИРЛЫН БАШЁ ИЛҮҮ ИХ ТЭВЧЭЭР ШААРДДАГ”

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр /2017.07.24/ эх орондоо ирлээ. Түүнийг Буянт-Ухаа нисэх буудалд аав, ээж, ах дүүс болон дархан аварга Г.Өсөхбаяр, шинэхэн арслан Ц.Содномдорж нарын хүчтэнүүд угтсан юм. 

Хакүхо гадна хүлээж байсан ард иргэдтэй уулзахаас өмнө сэтгүүлчидтэй ярилцсан. Ингээд түүний яриаг хүргэж байна. 

-Нагоя башёд түрүүлж, сүмогийн түүхэнд шинэ амжилт тогтоосон танд халуун баяр хүргэе. Та сэтгэгдлээ хуваалцана уу? 

-Мэдээж башёгийн сүүлийн өдрийн барилдаанд Харүмафүжи Д.Бямбадорж аваргыг ялж, 39 дэх түрүүгээ авах зорилготой байсан. Өөрийгөө маш сайн хурцалж, хүчилсэний үр дүнд олон давааны ард гарсан учраас их хичээсэн. 14 даваатай башёг өндөрлүүлсэндээ сэтгэл хангалуун байна. Бас сүмогийн түүхэнд шинэ рекордыг тогтоож, озэки Кайогийн 1047 давааг 1050 болгон ахиуллаа. Өөрийн 39 дэх түрүүгээ хүртсэн гээд сайхан амжилтуудтай эх орондоо ирж байгаадаа сэтгэл өндөр байна. 

-Нагоя башёгийн дундаас аварга Какарюү М.Ананд, Кисэносато нар бэртлийн улмаас орхисон. Гэсэн ч хүчтэй бөхчүүд олон байлаа. Та гол өрсөлдөөнийг нэрлэхгүй юу?

-Японы аварга Кисэносато өмнөх башёнуудад түрүүлж сайхан амжилтыг үзүүлсэн. Харин Нагоя башё эхлээд сайн барилдах бөхчүүдийн тоонд орж байсан аваргууд унаж эхэлсэн. Эндээс нэг зүйлийг анзаарч харлаа. Аав минь их ярьдаг байсан. Монгол хүн хүйтэнд тэсэхээс халуунд тэсэхэд хэцүү гэж хэлдэг байлаа. Тэр их ортой санагддаг. Халуун гэдэг бол нүдэнд харагддаггүй өрсөлдөгч гэмээр хүнд асуудал юм болов уу гэж боддогийн. Халууны улиралд илүү их хүч шаарддаг. Энэ үед биеийн энергээ тэнцвэржүүлэх, хоол ундаа сайн тохируулах нь чухал байдаг. Тиймээс Нагоя башё их халууны үед болдог. Энэ башёд аварга Какүрюү, Кисэносато нараас гадна сайн барилдах залуу бөхчүүд ч тэмцээнийг орхиж байсан. Миний хувьд өөрийгөө маш сайн дайчилж сүүлийн өдрийг хүртэл тэргүүлэгчийн байраа алдалгүй барилдсандаа сэтгэл хангалуун байна.

Дэлгэрэнгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж