Долоо хоногийн онцлох үйл явдал

Хуучирсан мэдээ: 2017.07.29-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох үйл явдал

Монголын сагсан бөмбөгийн холбоо нь Засгийн газрын дэмжлэгтэйгээр Ази тивийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнийг наймдугаар сарын 17-26-нд нийслэл Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байна.

Долдугаар сарын 24. Даваа

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал эх орондоо ирлээ. Түүнийг Буянт-Ухаа нисэх буудалд аав, ээж, ах дүүс болон дархан аварга Г.Өсөхбаяр, шинэхэн арслан Ц.Содномдорж нарын хүчтэнүүд угтсан юм.  Тэрбээр сүмогийн түүхэнд шинэ рекорд тогтоож, озэки Кайогийн 1047 давааг 1050 болгон ахиулсан. Мөн 39 дэх  удаагаа түрүүлсэн юм. 

Булганы Хутаг-Өндөр суманд теннисний бөмбөг болон өндөгтэй зүйрлэхүйц хэмжээний мөндөр орж, байгалийн аюулт үзэгдэл болов. Тус сумын төвд байрлах 50 гаруй байшингийн дээвэр цөмөрч, 150-160 машины цонх хагарч, 20 айлын гэр нурсан  байна. 

 

Долдугаар сарын 25. Мягмар 

Нийслэл хотод хүчтэй бороо орж, Сонгинохайрхан дүүргийн  21 дүгээр хороо, Жаргалант  тосгонд хоёр хүүхэд, нэг том хүн амиа алдав. Тус тосгонд байрладаг  БНСУ-ын хөрөнгө оруулалттай Есүсийн сүм цуглаан хийгээд тарах үеэр үер бууж, харамсалтай хэрэг гарсан юм.

Долдугаар сарын 27. Пүрэв

Арилсан хутагтын орны номын их элч Бакула Ринбүүчийн хойд дүр 20 дахь Бакула Ринбүүчиг /Станзин Наваан Жигмэд Вангчук/ Бэтүб Данжай Чойнхорлин хийдийн арслант ширээнээ заллаа. 20 дахь дүрийн Бакула Ринбүүчиг арслан ширээнээ залах ёслолд 200 гаруй лам хувраг оролцож, хурал ном хурав. 

 

Долдугаар сарын 28. баасан

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт  өчигдөр /2017.07.28/ 40 орны 7500  гаруй хүүхэд залуучууд оролцож байгаа  Ази Номхон далайн бүсийн скаутын 31 дүгээр жембори албан ёсоор нээлтээ хийлээ.
 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Норовын Алтанхуягийг Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөхөөр томиллоо.
 

Арвайхээр хотын 290 жилийн түүхт ойн өдөр буюу энэ сарын 28-нд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, үндэсний бөхийн Дархан аварга, чөлөөт бөхийн Ази тивийн аварга Дашдоржийн Цэрэнтогтохын гэгээн дурсгалд зориулсан хөшөөний нээлт боллоо.

Долдугаар сарын 29. Бямба

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга Батлан хамгаалах яаманд ажиллалаа. Ерөнхийлөгчийг яаманд хүрэлцэн очиход  төрийн хүндэт харуул, тус үйл ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүн жагсан угтан авав.  Угтах ёслолын дараа Төрийн тэргүүн Бүх цэргийн Их хар сүлдний өргөөнд зочилж, Бүх цэргийн Их хар сүлдэнд хүндэтгэл үзүүллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж