Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт өчигдөр /2017.07.28/ 40 орны 7500 гаруй хүүхэд залуучууд оролцож байгаа Ази Номхон далайн бүсийн скаутын 31 дүгээр жембори албан ёсоор нээлтээ хийлээ. Энэхүү арга хэмжээний нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга илгээлт ирүүлсэн юм. Мөн ёслолын ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын Газрын ажлын албаны дарга Г.Баттогтох, Боловсрол, Соёл Шинжлэх Ухаан Спортын сайд Г.Чулуунбаатар, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газрын дарга О.Алтансүх, Монголын Скаутын Холбооны Ерөнхийлөгч Л.Байгалмаа, Ази Номхон далайн бүсийн Скаутын товчооны дарга Paul Parkenson тэргүүтэй хүндэт зочид оролцлоо. Ази Номхон далайн бүсийн Скаутын жембори дөрвөн жилд нэг удаа болдог, хүүхэд залуучуудыг хамарсан томоохон арга хэмжээ юм.
Энэхүү арга хэмжээнд зориулан скаутууд өөрсдийн гараар хоол цайгаа хийж идэн, олон орны хүүхдүүдтэй танилцаж, өөрсдөө усанд орох шүршүүр, бие засах газраа байгуулж, гал тогоогоо бэлтгэж, найзалж, нөхөрлөн амьдрах ухаанд суралцаж байна.
Монголын Скаутын холбоо, Олон Улсын Найрамдал цогцолбортой хамтран 31 дүгээр жемборид оролцож байгаа гадна, дотны скаут хүүхдүүдэд Монгол ёс заншил, түүх соёлыг сурталчлах чиглэлээр томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийсэн байна. Тухайлбал “Нүүдэлчин” цогцолборыг байгуулж, хуурч өвгөн, таван хошуу малын хөшөө зэргийг шинээр байгуулсан. Гадаадын зочдод зориулсан 20 гаруй гэр, монгол хоол, цагаан идээ бэлтгэж бэсрэг наадам зохион байгуулан морь, тэмээ унах, бөх барилдах, сур харвах, шагайн наадгай зэргийг зааж, уламжлал, түүх соёлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна. Олон үндэстний өдөрлөг зохион байгуулж, дэлхийн 40 орны түүх, зан заншил, соёлоо солилцох боломжийг олгожээ.
Монголд хамгийн анх удаа, хамгийн олон орны төлөөлөгчид цугларсан хамгийн том арга хэмжээг Монголын Скаутын холбоо, Монгол Улсын засгийн газар, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Олон Улсын Хүүхдийн ‘Найрамдал’ цогцолбор хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сайн дурын 1500 гаруй хүн ажиллаж байна. Энэхүү арга хэмжээнд зориулан Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборт 20 цэгт бие засах газар, 270 ширхэг цорго бүхий гар угаах цэг, 40 цорго бүхий цэвэр усны цэгийг тус тус байгуулжээ.
Д.ЦЭЭЛ